Categories
мэдээ цаг-үе

Ш.Батболд: Иргэдэд бодит мэдээллийг цаг алдалгүй өгч байхгүй бол айдас түгшүүр сэтгэл зүйг удирдаж эхэлдэг

-“ӨДРИЙН СОНИН”, “ЦАГИЙН ХҮРД” ЗЭРЭГ МЭРГЭЖЛИЙН РЕДАКЦИУДЫН ДАМЖУУЛЖ БУЙ БОДИТ МЭДЭЭЛЭЛ НИЙГЭМД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРҮҮЛЖ, ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛНӨ-

Олон улсад коронавирусийн халдварт өвчин дэгдээд байгаа энэ үед хэдийгээр манай улсад өвчлөл бүртгэгдээгүй ч нийгмийн сэтгэл зүй цочролтой хэвээр байна. Хүнс тэжээлээ олон хоногоор нөөцлөх, хамгаалах хэрэгслийг ч их хэмжээгээр татан төвлөрүүлэх зэргээр иргэд хүнд нөхцөл байдал учирч болзошгүй гэсэн сэтгэл зүйтэй буй нь харагдаж байгаа юм. Нийгмийн сэтгэл зүйн энэ асуудлаар МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Ш.Батболдтой ярилцлаа.


-Коронавирус олон улсыг цочроож байна. Иймэрхүү шинэ вирусийн хурдацтай тархалт, байгалийн гамшиг гэх мэт нөхцөл байдалд нийгмийн сэтгэл зүй ямар болдог вэ. Ер нь ийм гамшгийн үеийн сэтгэл зүй ямар байдаг вэ?

-Нийтийг хамарсан гамшигт үзэгдэл, газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдлүүдийн үеийн хүний сэтгэл зүйн онцлогийг онцгой байдлын үеийн сэтгэл зүй судалдаг. Нийгмийн сэтгэл судлалын хэрэглээний судалгааны нэгэн чиглэл. Энэ чиглэлийн судалгаанаас харахад нийтийг хамарсан гамшгийн үед тодорхой хэсэг хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болдог бол зарим нэг хэсэгт нь сэтгэлийн хэт хөөрөл, цочирдол, зарим хэсэгт нь түгшүүр, айдас үүсэх нь түгээмэл байдаг. Маш цөөн тооны хүмүүсийн сэтгэл санааны байдал харьцангуй тогтвортой байдаг гэдгийг тогтоосон байдаг.

Онцгой нөхцөл байдал үүссэн үед олон нийтийн сэтгэл зүйг тогтвортой байлгах нь хамгийн чухал. Тогтвортой байлгахад гол нөлөөтэй хүчин зүйл нь үнэн зөв, бодитой мэдээллийг ямар эх сурвалжаар, хэн, хэзээ, яаж өгөх вэ гэдэг асуудал. Цочирдуулах үйл явдал, нөхцөл байдлын талаар албан ёсны эх сурвалжийг тухайн асуудлыг хариуцах мэргэжлийн байгууллага, цаг алдалгүй олон сувгаар шуурхай өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон өвчлөл гарсан тохиолдолд хэрхэн ажиллах вэ гэдэг журам, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй байх нь маш чухал.

Мэргэжлийн байгууллагын бодитой мэдээллийг цаг тухайд нь өгч байхгүй бол хүмүүсийн сэтгэл санааны байдал тогтворгүй болж, айдас түгшүүр сэтгэл зүйг удирдаж эхэлдэг. Энэ тохиолдолд хүмүүс ухамсартай, ухаалаг шийдвэр гаргахаасаа илүү айдас түгшүүрээ багасгах ухаалаг бус аргуудыг хэрэгжүүлэхэд хүрдэг. Түүнчлэн цуурхал гаарч олон нийтэд тодорхойгүй байдал үүсгэж хүмүүс амьд үлдэх зөн совингоороо үйлдэл хийдэг.

Жишээ нь, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа бодит мэдээллийг “Өдрийн сонин”, “Цагийн хүрд” зэрэг мэргэжлийн редакциуд дамжуулах нь нийгэмд итгэл үнэмшил төрүүлж бодитой нөлөөлнө. Сая бол нийгмийн сүлжээний бодит бус мэдээлэлд хүмүүс нэлээд автах шиг боллоо. Сүүлийн өдрүүдэд харин танай сонин, үндэсний телевизийн мэдээллүүдээс нэлээн бодитой ойлголттой болж байх шиг байна. Худал мэдээлэл, цуурхал нь хүний зөн совин ухаалаг гэхээсээ илүү ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэж улмаар нийтийг хамарсан сэтгэл зүйн тогтворгүй байдал, зохиомол хямрал үүсгэх, тухайн өвчин тусаагүй байсан ч өвчин туссан мэт бие махбодын шинж тэмдэг илэрч тэр нь сэтгэл зүйн хувьд халдварлан олон нийтийг хамраах зэрэг эрсдэлийг бий болгодог.

-Өвчний голомт БНХАУ-д байгаа. Мэргэжлийн хүний хувьд тус улсын нийгмийн сэтгэл зүй ямар байна гэж та харж байна. Дээр хэлснээр бодит эх сурвалжаас мэдээлэл өгөх үүргээ эрх баригчид нь хэр биелүүлж байх шиг байна?

-Ер нь аливаа өвчинтэй тэмцэх гэдэг эхлээд юу юм бэ гэдгийг таньж мэдээд дараа нь ямар арга хэмжээ авах вэ. Өвчин туссан тохиолдолд яах вэ, тусаагүй тохиолдолд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг алхмуудыг оновчтой, тодорхой, ойлгомжтой, хүртээмжтэй байлгаж чадсан эсэхээс шалтгаалдаг. Хэрвээ ингэж чадвал нийтийг хамарсан үймээн гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Хүн гэдэг ойлгомжгүй, тодорхойгүй зүйлээс айдаг, бэрхшээдэг, сандардаг. Олон нийтийн ухамсарт тодорхойгүй нөхцөл байдлын эзлэх орон зай их болохоор айдас түгшүүр үүсдэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд ч тэр, өвчин гарсан хотуудад ч ямар мэдээлэл өгч, арга хэмжээ авах вэ гэдэг алхмуудаа БНХАУ-ын удирдлага тодорхой өгч байгаа нь харагдаж байна.

-Харин манайд бол нөхцөл байдал харьцангуй гайгүй, өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Гэвч ийм үед нийгэм маань хэтэрхий цочролтой байна уу даа?

-Өвчин эхлээд гарч байхад бодитой мэдээлэл байхгүй, тухайн өвчний талаар тодорхой ойлголтгүй, урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэм баримтлах талаар мэдлэг мэдээлэл муутай иргэдэд үүсдэг хүний сэтгэл зүйн төрөлхийн хариу үйлдэл, зөн совин байх. Иргэд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөл, таамгаар хандахгүй, айж түгшихгүй байх нь хамгийн чухал. Айж түгших, сандрах нь хүний сэтгэл зүйг тогтворгүй болгож дархлааны системийг хямраадаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авч, эрүүл ахуйн дэглэмээ хүн бүр сайн мөрдөх хэрэгтэй.

-Гурил будаагаа олон хоногоор нөөцөлж, дэлгүүр, захын лангууг хоосолж байгаа тохиолдол гарч байгаа. Үүнийг нийгэмд ихээхэн шүүмжилж хандаж байна. Нийгмийн сэтгэл зүйд энэ хэр зөв алхам бэ?

-Тодорхойгүй, гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд хүний сэтгэл зүйд нэг бол түүнтэй тэмцэх, эсвэл нөхцөл байдлаас зугтаах гэсэн байгалийн зөн совин илэрч гардаг. Дээрх үйлдлүүд бол гэнэт үүссэн, тодорхойгүй нөхцөл байдалд мэдээлэл дутуу хүмүүсийн үзүүлж байгаа жам ёсны хариу үйлдэл. Үүнийг монголчууд хувиа хичээж байна, бусдыгаа бодохгүй байна гэж шууд дүгнэхэд хэцүү. Хамгийн чухал зүйл бол айж, сандарч, түгшиж болохгүй. Эх сурвалж тодорхойгүй, худал мэдээллийг дэврээхгүй, сэтгэл зүйн халдварлал гаргахгүй байх ёстой. Аль болохоор тайван байж, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайн сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй.

-Өнөөдөр нэгэнт энэ өвчнийг тогтоох эмчилгээ гараагүй байгаа, өвчилж нас барж байгаа хүмүүсийн тоо цагаар нэмэгдэж байгаа үед нийгэм цочроотой байхаас аргагүй гэсэн дэлхийн практик байдгийг хүмүүс хэлж байна. Таны хэлдгээр тодорхойгүй нөхцөл байдлын үед нийгэм цочроотой байж хувь хүн өөрийгөө, гэр бүлээ хамгаална гэж үздэг юм байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хямралт нөхцөл байдал даамжирч хурдцадмал байдал үүссэн ч хүнийг тайван байлгаж, амьд авч үлддэг зүйл бол итгэл үнэмшил. Сайжирна, болно, цаашдаа амьдарна гэсэн итгэл үнэмшилээ алдаж болохгүй. Энэ бол түр зуурын бэрхшээл гэж үзэх итгэл үнэмшил их чухал. Мөнх үргэлжлэх аз жаргал гэж байхгүйтэй адил мөнх үргэлжлэх зовлон гэж үгүй. Дэлхийн I, II дайн, олон иргэний дайнууд, байгалийн гамшгийн үед амьд үлдэж даван туулж чадсан хүмүүс итгэл үнэмшил, бие биедээ өгсөн урам, нэгдэл, нягтрал л өмнөө тулгарсан сорилтыг даван туулахад хамгийн чухал зүйл байсан гэдгийг байнга сануулдаг. Маргааш илүү сайхан амьдрал хүлээж байгаа гэдэг итгэл үнэмшилтэй, амьдрал цаашдаа үргэлжлэх учраас яг одоо өөртөө, эргэн тойрны хүмүүстээ санаа тавьж, нэгдэж нягтрах ёстой гэх хандлагатай хүмүүс бэрхшээлийг даван туулж чадсан байдаг. Нийгмийн сэтгэл зүйг ийм байлгахад “Өдрийн сонин” шиг мэргэжлийн редакцийн үүрэг роль маш чухал. Танай сонины хандлага ямар байна, нийгэмд яг тэгж нөлөөлнө.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *