Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд “Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлгийн ажилтнуудад хандивласан. Монос групп Уханиас ирсэн оюутнуудын дунд дархлааг нь дэмжих витамин хандивласан. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд өөрсдөө оёсон маскаа ЭМЯ-д хандивласан гэх мэтчилэн хүнд хэцүү цагт төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хамтран ажиллаж байгаад ЭМЯ талархаж байна” гэсэн юм.
Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна. БНХАУ-аас гадна ОХУ-2, Швед-1, Испани-1, Их Британид-2 коронавирусийн халдвар шинээр бүртгэгдлээ. БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн. Мөн БНХАУ-аас гадна хилийн чанадад нас барсан анхны тохиолдол Филлиппинд бүртгэгдсэн.
БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон байна. Иймээс Монгол Улсын иргэд сүүлийн 14 хоногийн хугацаанд голомттой бүс нутгаар аялсан бол өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Хэрвээ амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 24 цагийн ажиллагаатай 80086829 холбогдохыг зөвлөж байна.
Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй. Цаашид биеийн байдлыг хянаж, эмчийн үзлэг оруулж, дүрэм ёсоор 14 хоног хяналтад байлгаж байгаад, эмнэлгээс гаргана. Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч ажиглалтад байлгаж байна.
Бямба гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэвтэрсэн Эрээн амьдардаг гэх гурван иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн тул тусгаарласан бөгөөд тэдгээр хүмүүстэй ойр байсан таван хүнийг ажиглалтад авсан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэдгийг хэллээ.
ХӨСҮТ иргэдийн гараа сайн угаахаас гадна гар утсаа сайн ариутгахыг зөвлөж байна. Учир нь, хүн өдөрт 150 удаа гар утсандаа хүрдэг бөгөөд гар утасны дэлгэц нь нийтийн бие засах газраас ч илүү бохир байдаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг. Иймээс иргэдийг гар утсаа давхар сайтар ариутгахыг зөвлөж байна. Ингэхдээ нүдний шилний нэг удаагийн салфеткаар гар утасны дэлгэцээ арчиж болохоос гадна гар ариутгах бодисийг хөвөнд шингээж утаа ариутгах боломжтой гэв.