Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Лхүмбийн хэрэг

“Зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ. Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Би бүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм…” Энэ бол Жамбын Лхүмбийн хэлсэн үг. “Лхүмбийн хэрэг” нэртэй номд ерөнхийдөө 1933 онд болсон МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Ж.Лхүмбээр толгойлуулсан “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг” гэгч зохиомол хилс хэрэг хэрхэн зохион байгуулагдсан тухай өгүүлэх юм.

Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Лхүмбийн хэрэг” гэдэг ном хэвлэгдэн гарч уншигч, түүх сонирхогчдын хүртээл болоод удаагүй байна. Уг ном нийт дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд тэргүүн бүлэг нь Ж.Лхүмбийг баривчилсан болон Хэнтийд болсон үйл явдлуудын талаар архивын материалд тулгуурлан тухайн үед болж байсан үйл явцын тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Энэ бүлгээс Ж.Лхүмбэ гэж хэн болох, түүнийг баривчилсан, байцаасан, “Лхүмбийн хэрэг” гэгчийг шалгаж эхэлсэн, тухайн үед Хэнтийд болж байсан үйл явдлууд, энэ хэргийн золиос болсон хүмүүсийн нэрс гээд түүхийн талаас нь үнэн бодит архивын судалгааг унших болно. Энэхүү бүтээл нь магадгүй таны нулимсыг ч унагахыг үгүйсгэх аргагүй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, хилс хэрэг гэгч Монголын олон зуун гэр бүлийг хэрхэн голомтоор нь самарч байсныг уншаад эрхбиш нэгийг бодож хоёрыг тунгаах буй за. Номын хоёр болон гуравдугаар бүлэгт тэр цаг үед гадны орнууд Монгол Улсын талаар баримталж байсан бодлого, үйл ажиллагаа, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, тэр үеийн Монголын улс төр, нийгмийн ахуй байдал гээд улс төрийн хилс хэргийн урьдач нөхцөл байдал ямар байсан, хэрхэн өрнөж байсан талаар дурдана. Эдгээр бүлгийг уншсанаар тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар тун дэлгэрэнгүйгээр мэдэж авах юм. Харин бүтээлийн дөрөвдүгээр бүлэгт Ж.Лхүмбийн хэрэг гэгчийг нэхэн нягталсан байх бөгөөд түүний зэвсэгт бослогыг дарах ажиллагаанд оролцож байсан, “эсэргүүний толгойлогч” болгосны цаад учир зэрэг нарийн төвөгтэй үйл явцуудын тухай цэгцтэй ойлголтыг авч болох юм. Уг номыг уншиж байхад түүхийн нэгэн хэвийн гэхээсээ илүү ямар ч уншигчийг татаж чадах сонирхолтой хэв маягаар бичигдсэнийг хэлэх нь зүйтэй. Яалтгүй түүх сонирхогч л биш бол түүхийн энэ мэт судалгааны номыг уншихгүй хаячих гээд байдаг гэм хүмүүст байдаг. Тэгвэл “Лхүмбийн хэрэг” ном ямар ч хүнийг ер нь л залхаахгүй гэж ойлгож болно.

Ж.Лхүмбэ нь 1902 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Амьдралын эрхээр мал маллаж, жин тээж явсаар Нийслэл хүрээнд ирж Жамсран гэгчээр бичиг заалган тухайн үедээ зэгсэн боловсрол эзэмшжээ. Түүний улс төрийн амьдрал 1927 онд намд элссэнээр эхэлж, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан. Тэрээр Норжмаа гэх бүсгүйтэй ханилан Навч гэдэг охин, Владимр гэх хүүтэй болсон ч хэлмэгдэн тарчилж байх үед хүү нь нас баржээ. Гэсэн ч түүний охин Навч хатуу бэрхийг даван гарч хань ижил, үр хүүхэдтэй болж Ж.Лхүмбийн үр хойчис одоо бидний дунд өнөр олуул болжээ.

Энэ “Лхүмбийн хэрэг” гэгч зохиомол хэрэг үүссэн түүх нь тухайн үед болсон хэд хэдэн үйл явдлаас улбаатай болох нь номыг унших явцад ойлгомжтой болж ирнэ. Уг номын тухай тэр бүхнийг дэлгэрэнгүй бичих боломж хомс тул таныг эргэлзэх зүйлгүйгээр шууд аваад уншаарай гэж хэлэх байна. Ж.Лхүмбэ гэдэг хүний гучин хоёрхон жилийн амьдрал эрээн бараан дунд өнгөрсөн ч түүнийг чухам хэн байв гэдгийг энэ ном танд дэлгэн харуулах бөлгөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *