Categories
гадаад мэдээ

Европын парламент Брекситийн хэлэлцээрийг дэмжжээ

Их Британийн ерөнхий сайд Б.Жонсоны Брекситийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар Европын парламент лхагва гаригт хуралдаж, санал хураалт явуулан олонхын саналаар дэмжжээ. Ингэснээр Их Британи улс нэгдүгдүгээр сарын 31-нд буюу өнөөдөр албан ёсоор Европын холбооноос зохицуулалттай гарах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, Гринвичийн цагаар 23.00 цаг гэхэд албан ёсоор тус холбооноос гарах юм. Их Британи Европын холбооноос гарсны дараа шилжилтийн хугацаа эхэлж, нэг жил үргэлжилнэ. Энэ хугацаанд талууд хоёр талын эдийн засгийн харилцааны асуудлыг хэлэлцэх ёстой аж. Талууд худалдааны хэлэлцээрийг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Их Британийн тал энэхүү асуудлыг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дуусгах сонирхолтой байна. Учир нь энэ өдөр шилжилтийн үе төгсөж, Их Британи Европын холбооны дүрмийг дахин мөрдөхгүй юм байна. Гэхдээ шаардлагатай нөхцөлд сунгаж магадгүй гэдгээ Европын холбоо мэдэгджээ. Сануулахад, 2016 онд Их Британид бүх нийтийн санал хураалт болж байв. Саналд оролцогчдын 51.89 хувь нь Европын холбооноос гарах асуудлыг дэмжсэн байдаг. Гэхдээ уг санал асуулгад оролцсон шотланд иргэдийн 62 хувь нь Европын холбооноос гарах асуудлыг эсэргүүцсэн байдаг.

Дашрамд хэлэхэд, Шотландын парламент лхагва гаригт Их Британиас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулжээ. Улмаар “64:54” харьцаатайгаар уг асуудлыг дэмжив. Шотландын хууль тогтоогчид улс төрийн шийдвэр гаргах замаар Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр хэмээн ажиглагчид үзэж байна. Шотландын парламентын дээрх шийдвэр нь тус улсын тусгаар тогтнох асуудалд шууд нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь Шотландын ард түмэн Их Британийн Засгийн газартай тохиролцохгүйгээр тусгаар тогтнох асуудлаар санал хураалт явуулах боломжгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *