УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайд асан Баярбаатарын Болорынд өнжлөө. Гэрийн эзэнтэй ярьж тохирсны дагуу бидэртлэн ирсэн нь энэ. Бяцхан жаалууд хэдийнэ амтат нойрноосоо сэрсэн бололтой аавынхаа хамтаар хаалгаа тайлан угтав. Хүүхдийн инээд хөөр, цовоо цолгиун дуу цангинасан, халуун дулаан гэр бүл ажээ. Аав, ээжийнхээ болоод бяцхан үрсүүдийнхээ зургийг хоймор юугаан залсан нь хараа булааж байлаа. Өөрсдийнх нь залуу үеийн зургууд ч тэнд үзэгдэнэ. Ховор нандин ботиуд нүд хужирлаж байсныг ч онцлох нь зүйтэй. Гэрийн эзэгтэй гал тогоондоо өглөөнийхөө цайг бэлтгэж, хүүхдүүд нь өрөөндөө шуугилдах аж. Өнгөрсөн парламентад Сангийн сайдын хариуцлагатай албыг хашиж явсан Б.Болор зургаан хүүхдийн аав, өнөр бүлийн эзэн юм.
Тэрээр улс төрөөс багахан хөндийрсөн энэ хугацаандаа төрөлх сургууль болох Орос гуравдугаар сургуульдаа математикийн хичээл зааж, хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлэн даруухнаар аж төрж байна. Юун түрүүнд багшлах ямар санагдаж байгаа талаар нь сонирхон асуувал “Өмнө нь их, дээд сургуулиудад багшилж байсан удаатай. Энэ удаад сургуулиас хүсэлт тавьсны дагуу багшилж байна. Дунд сургуульд тун өвөрмөц байдаг юм байна. Манайх бүх хичээлээ орос хэл дээр заадаг онцлогтой. Багш нар болон шавь нар маань намайг монгол гэхээс илүү буриад хүн гэж боддог байсан. Би нэрээ Борис гээд хэлчихсэн юм чинь арга ч байж үү дээ. Одоо бол бүгд мэддэг болсон л доо” гээд инээд алдах нь тэр. Тэрээр их шогч хүн болох нь энэ мэт зүйлээс анзаарагдах аж.
Б.Болор Архангай аймгийн Чулуут сумын уугуул ч хотод өсөж, торнижээ. Бусдын л адил зуны амралтаараа нутагтаа очиж зусдаг байж. Байгалийн сайхныг мэдэрч, эрх дураараа тоглон нааддаг байсан учир зуны амралтаа тэсэн ядан хүлээдэг байсан хэмээн тэрээр дурсав. Нэгэн сонин тохиолдлыг онцлоход Б.Болорын өвөө, аав хоёр нь мөн л сайдын алба хашиж байжээ. Б.Болор сайдын өвөө Сэд-Очир нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан түүхтэй. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байжээ. Тиймдээ ч Б.Болор нь гурван үеэрээ сайдын албыг хашиж, төр түшилцсэн ховорхон хувь тохиолын эзэн юм. Түүний аав цахилгааны инженер мэргэжилтэй хүн байсан бол ээж Батзаяа нь төгөлдөр хуурч мэргэжилтэй аж. Хөгжим бүжгийн сургуульд олон жил багшилсан тэрээр ач охидууддаа хэдийнэ төгөлдөр хуур зааж эхэлсэн болохыг гэрийн эзэн онцолж байлаа. Мөн гэрт нь залрах бяцхан төгөлдөр хуур ч үүнийг илтгэж байв.
Б.Болорыг 12 настай байхад ардчилсан хувьсгал өрнөж бүхий л зүйл өөрчлөгдөн шинэчлэгджээ. Математикийн хичээлдээ толгой өвддөггүй, дээрээс нь ардчилсан зах зээлийн эдийн засгийг сониучирхан ажигласан түүнд эдийн засагч мэргэжил сонгох хүсэл, эрмэлзэл төрсөн нь лавтай. Ийнхүү Бельгийн вант улсын Европын их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэж богц дүүрэн эх орондоо иржээ. Түүний ажлын гараа “НИК”-ээс эхтэй. Гадны их сургуульд эдийн засагт мэргэжлээр төгссөн, англи, орос, франц хэлээр төвөггүйхэн ярих чадвартай хэмээн өөрийгөө ихэд тоож байсан ч анхны ажлын байран дээрээ гараад ихийг сурч, мэдсэн гэдгээ тэрээр нуулгүй хуучилсан юм. Тэрээр 1998-2001 он хүртэл “НИК”-д ажиллаж, шилдэг боловсон хүчин болтлоо хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Улмаар “НИК”-ээс гарч, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн байна.
Тэрээр бизнесийн орчныг сайтар мэддэг, басхүү хэлний мэдлэг өндөр чадвараа ашиглан “Гарьд Тур” хэмээх аялал жуулчлалын ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Хамгийн анхны жилээ 80 жуулчин хүлээж авч, тэр бүрийг тосохоор хүлээн зогссон үе нь түүнд үлдсэн сайхан дурсамжуудын нэг. Компаниа хөл дээр нь босгохын тулд жолооч, орчуулагчийн үүргийг өөрөө л хамтад нь гүйцэтгэдэг байж. Мэдээж аливаа хичээл зүтгэл хүнийг хоосон орхино гэж үгүй. Хичээсний дүнд тэрээр амжилтад хүрч 5000 гаруй жуулчин хүлээж авдаг, 100 гаруй ажилчинтай, Монголдоо дээгүүрт бичигдэх аялал жуулчлалын компанийг бий болгож чаджээ. Энэ бүхэнд түшиг тулгуур, нөмөр нөөлөг болдог ханийнх нь үүрэг оролцоо чухал байсныг тэрээр онцолсон юм. Б.Болор “Хувийн бизнес маань хөлөө олж аяндаа амьдрал жигдрээд ирсэн. Түүнээс хойш хувийн амьдралдаа илүүтэй анхаарч хөөрхөн үрсүүд минь мэндэлсэн дээ” хэмээн инээмсэглэсэн юм.
Тэрээр Ардчилсан намын гишүүн болоод 20-иод жилийн нүүр үзжээ. Намын үйл ажиллагаа, улс төрд илүү гүн гүнзгий оролцдог болсон үе нь 2008 он. Тухайн үед Ардчилсан намаас Архангай аймагт дэвшиж байсан гишүүдээ дэмжин ажиллаж байж. Мөн онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Гадаад харилцааны дэд сайдын албыг хашсан байна. Хэдий шинэ салбар мэт боловч тун хурдан арга барилаа олж чадсан гэдгээ тэрээр онцлов. Мөн хийсэн ажлуудынхаа талаар “Залуучуудыг дэмжих санаачилгыг гаргаж ажилласан. Зарим уламжлалт арга барилыг солих оролдлого хийсэн. Гуравдагч хөршийн бодлогыг илүү хөгжүүлэх гэж оролдсон. Түүнийг ойлгодог, гуравдагч хөршүүдэд боловсрол эзэмшсэн залуусыг дээш нь гаргахыг хичээсэн. Газрын орлогч, захирлуудын албанд залуучуудыг томилж байлаа. Тэд маань өнөөдөр ч аль засаг байгаагаас үл хамааран маш сайн ажилласаар байна. Мөн тухайн үед гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж, УИХ-аар оруулж батлуулж байв. Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр гэж Монгол Улсын Европын Холбоотой хийсэн хэлэлцээрийг Гадаад харилцааны болон бусад яамдын залуустай хамтраад, өөрөө Монголын талыг нь ахалж жил хагасын дотор Европын холбоотой хийж байлаа. Энэ түүхэн хэлэлцээрийг хийсэн багаар бахархаж явдаг юм” хэмээн товч дурдсан.
Улмаар Б.Болор нь 2012 оны сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулан Засгийн газрын гишүүн тэр дундаа Сангийн сайдын бэрх албыг хариуцан ажиллажээ. Мэдээж энэ хэмжээнд дэвшин ажиллахад түүний эзэмшсэн мэргэжил, идэвх оролцоо, ажлын туршлага нөлөөлсөн нь дамжиггүй. Сангийн сайдын албыг хашиж байх үедээ төсвийн шинэчлэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, орон сууцны ипотекийн зээл, “Сайн малчин” хөтөлбөр, “Сайн оюутан” хөтөлбөр, “Сайн хашаа” хөтөлбөр зэрэг ажлуудыг гардан хийж, дэмжин ажиллажээ. Түүнээс өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын талаар асуухад “Бид популизм гээчээс салах цаг болсон. Энэ нь аливаа улсын хөгжлийн замд заавал тохиолддог. Гэхдээ Монгол Улсын хувьд хангалттай. Манай намынхан хийсэн ажлаа ам булаалдан сайрхан ярьдаггүй. Яривал хийсэн зүйл бидэнд олон бий. Гэтэл одооны эрх баригчид хийхээсээ илүү ярих, тэр дундаа ард түмэн гэж хашгирах, улстөржих байдал нь давамгайлжээ. Угтаа хүн урдах ажлаа л яв цав хийх ёстой шүү дээ. Тэд өнөөдөр ард түмний халаасанд гараа дүрэхээс өөрийг хийж чадахгүй л байна” гэсэн юм.
Түүний хувьд “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэх үгийг зарчмаа болгодог аж. Залуучуудад ч хэрэг болгон захидаг байна. Өөрийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахааргүй байж ямар ч ашиг сонирхлын зөрчилгүйгээр улс төрд зүтгэнэ гэдэг өрөөсгөл гэдгийг ч тэрээр хэлэв. “Оюутны ширээнээс шууд улс төрч болж байгаа хүмүүс бол өнөөх цүнх баригчид л байх. Тэд төд удалгүй л тэрбумтан болчихсон явж байдаг. Энэ өөрөө тун буруу зарчим. Манай намд энэ нь харьцангуй өөр байдаг. Ядаж ТҮЦ ч болов ажиллуулаад үзсэн, өөрийнхөө хэрэгцээг улс төртэй, төргүй аваад явчихдаг хүмүүс АН-д олон бий. Төрийн тэргүүний жишээ ч үүнийг батлах байх. Намайг хүмүүс залуугаараа сайд, дарга хийлээ л гэдэг юм. Миний хувьд хувийн амьдралаа цэгцэлчихээд, хэнээс ч гуйхааргүй амьдрахаар болчихоод улс төрд орсон юм шүү дээ” гэж байв.
Улс төрд бужигнаж түүнээс гэнэт хөндийрөх нь ямар санагдсан талаар тодруулахад “Нэгэнт сонгуульд ялагдсан учир хөндийрч л таарна. Гэхдээ ор тас хөндийрсөн зүйл байхгүй. Ардчилсан намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байна. Намынхаа Санхүүгийн бодлогын зөвлөл болон Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Өмнөх үеэ бодоход гэр бүлдээ зарцуулах цаг зав илүү болсон нь мэдээж” хэмээн хариулсан. Биднийг яриа өрнүүлж байх зуур отгон хүү Б.Тамир нь аавдаа хэдэнтээ ирж эрхлэв. Саад болгохгүйн тулд нөгөө өрөөнд оруулъя гэсэн ч уйлсаар л аавыгаа зорих аж. Нүдэндээ нулимс бөмбөрүүлсээр аавдаа ирж, дуулгавартай гэгч нь налан суух нь өхөөрдөм. “Энэ хүнийг л их эрхлүүлж байна даа” гээд хүүгээ үнсэж байлаа.
Эднийх гурван хүү, гурван охинтой. Том хүү Б.Гарьд нь Канадад бакалаврын чиглэлээр суралцдаг бол удаахь хүү Б.Тэмүүлэн, охин Б.Намуун, Б.Мишээл, нар Орос гуравдугаар сургуульд сурдаг. Түүний дараагийн охин Б.Дөлгөөн цэцэрлэгт хүмүүждэг. Харин хамгийн отгон нь Б.Тамир хүү юм. Гэрийн эзэн “Хүүхдүүд маань гэртээ арай өөр нэртэй. Жинхэнэ нэрээ сургуульд ороод л бараг мэддэг болдог. Жишээ нь, хамгийн томоо Лхүндэв гэдэг. Дараагийнхаасаа Жанчив, Бурам, Дэчин, Дэнсээ гээд явна. Хамгий багыг Гунгаа гэдэг. Би өөрөө их хошин хүн л дээ. Энэ хэдийгээ өхөөрдөөд л ингээд нэрлэчихдэг юм. Эд маань энэ нэрэндээ дасчихсан, жинхэнэ нэрээр нь дуудвал бараг мэдэхгүй шүү” гэлээ. Мөн тэрээр“Хүүхдүүдээс минь дөрөв нь надтай адилхан. Гэхдээ над шиг бор арьстай нь отгон хүү минь л юм. Бусад нь ээжийнхээ адил цайвар царайтай. Хүүхдүүдээ өөртэйгөө адилхан гэхээр хүмүүс таниас өөр, ээжтэйгээ адил байна гэдэг юм. Харин багын зургийг минь үзээд нээрээ тийм байна шүү гэх нь олон. Мэдээж 40 настай хар хүү хоёр настай бяцхан амьтантай яаж дүйх билээ дээ” хэмээн инээд алдав. Энэ үед охин Бурам нь “Би гэрээсээ ганцаархнаа давхраагүй” хэмээн аавдаа эрхлэнгүй хэлэхэд “Орчин үед давхраагүй охид мода болно гэсэн. Гэлээ ч миний охин чинь хөөрхөн шүү дээ” гээд аргадангуй хэлж байлаа.
Хүүхдүүд нь тун дуулгавартай болох нь хугас өдрийг өнгөрүүлэхэд л бэлхнээ анзаарагдаж байлаа. Хоолны ширээнийхээ сандал дээр Намуун, Мишээл хэмээн нямбай гэгч нэрээ бичжээ. Үймэж шуугихгүйгээр өглөөний цайгаа тухлан уух нь хэдийнэ дадсан болохыг харуулна. Тэд оройны 21:00 цаг гэхэд орондоо орж, унтацгаадаг хэвшилтэй. Тиймдээ ч өглөө эртэч шувуухай мэт цовоо цолгиун байхаас яах билээ. Аав нь хүүхдүүдийнхээ эрүүл чийрэг биетэй спортлог байхыг онцгойлон үздэг бол ээж нь боловсрол, соёл талыг анхаардаг байна. “Намайг одоо харсан хүн спортлог гэж хэлэхгүй л байх. Би ч багадаа спортод хорхойтой, их ойр өссөн. Манай хүүхдүүд намайг дуурайгаад хоккей тоглох дуртай. Охин минь банди нартай нэг баг болон хоккей тоглож, шагнал ч хүртээд амжсан. Хүмүүс охин хүүхдийг яах гэсэн юм л гэдэг юм. Миний хувьд хүүхэд, өөрийн дур сонирхолтой зүйлээ хийх нь тийм ч буруу зүйл гэж боддоггүй” гэлээ.
Түүний гэргийг Б.Энхцэцэг гэдэг. Тэрээр Увс аймгийн гаралтай, хотын уугуул. Түүний аавыг Дамбын Баянсан гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй тэрээр улс орныхоо бүтээн байгуулалтад ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан байна. Харин түүний ээж “Говь” үйлдвэрт оёдолчноор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Б.Энхцэцэг япон хэлний орчуулагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Намбалаг дөлгөөн аальтай, үзэсгэлэнт энэ бүсгүй зургаан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээ халамжлах хариуцлагатай, хүндхэн албыг хашихын зэрэгцээ хувийн бизнес, сурч боловсрохдоо давхар анхаарч чаддаг сүйхээтэй, хөдөлмөрч нэгэн. Түүнээс энэ бүхнийг хэрхэн амжуулдаг талаар нь лавлахад “Зарим хүмүүс анхны хүүхдээ гаргаад л төвөгшөөгөөд эхэлчихдэг юм шиг санагддаг. Тэгж бодохын оронд хүүхдээ бүр багаас нь л зөв хэмнэлээр өсгөчих хэрэгтэй. Орой тогтсон цагт нь унтуулах ч гэдэг юм уу зөв хэмнэлийг дадал болгочихвол тийм ч хэцүү зүйл байхгүй. Хүүхдүүд маань хэзээ нэгэн өдөр бидний адил ээж, аав болох учир сайн л бүх болгож хүмүүжүүлэхийг хичээдэг” гэж байлаа.
Тэдний танилцсан түүхийг сонирхоход Б.Болор “Манай хүн ч юу гэж намайг тоохов. Би л эргүүлсэн байх. Байх ч гэж би л эргүүлсэн л дээ. Одоо л томроод байгаа болохоос биш” хэмээн инээх нь тэр. “Шууд яваад очихоор намайг тоохгүй байх гэж бодоод найзаар нь дамжуулан танилцсан юм. Тэр тактик ч их амжилттай болсон. Сүүлдээ би ч таалагдаж эхэлсэн юм байлгүй. Утсаар их ярьдаг боллоо. Ойр ойрхон уулзаж дөрөв, таван цагаар ярьж суудаг ч болов. Ингэж явсаар л гэр бүл болцгоосон доо” гэлээ. Тэд гурван хүүхэдтэй болно хэмээн ярьдаг байсан ч бурхан хайр хишигээ харамгүй хайрлаж зургаан үрсийн ээж, аав болжээ.
Гэрийн эзнээс өв дамжигдан ирсэн эрхэм, үнэт зүйл тань юу вэ хэмээн асуухад “Надад үнэтэй өв хөрөнгө өвлөгдөж ирээгүй. Гагцхүү номыг шимтэн уншдаг дадал аав, ээжээс минь надад өвлөгдөн ирсэн үнэт зүйл” хэмээн итгэл төгс хариулсан. Түүний аав С.Баярбаатар хүү, охин хоёроо багаас нь номын амтанд оруулж өсгөжээ. Энэ талаар Б.Болор “Манайх нэг өрөө байранд амьдардаг байлаа. Гэрийн 25-30 хувийг эзэлдэг том номын шүүгээ байдаг байсан. Нэг номоо уншаад дуусахаар аав минь дараагийн номыг сонгож өгдөг байв. Намайг найман настай байхад Жюль Вернийн найман ботийг бүгдийг нь орос хэл дээр уншуулж байлаа. Энэ бүхнээс миний ерөнхий мэдлэг тун сайжирсан гэж боддог. Өнөөдөр хэнтэй ч ямар ч сэдвээр ярилцах хэмжээнд гэж хэлж болно. Хүн бүхнийг төгс мэдэх албагүй ч аливаа зүйлийн зах зухыг ойлгодог байх нь чухал. Энэ бүхний суурийг аав минь тавьж өгсөн. Энэ нь орос сургуультай ч холбоотой. Тиймдээ ч би хүүхдүүдээ өөрийн төгссөн сургуульдаа явуулдаг юм. Орос хэлийг төгс эзэмшсэн хүн дараа, дараагийн хэлүүдийг түүртэлгүйгээр сурдаг. Зөвхөн англи хэл сурсан хүүхдэд дараагийн хэлийг сургах бараг боломжгүй” гэж байлаа.
Сайд асан Б.Болорын хувьд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ намдаа өгөөд байгаа гэсэн. Хэрэв нам нь дэмжвэл сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа гэдгээ хэлж байв. Тэрээр “Энэ удаад нам харгалзахгүйгээр мэдлэг боловсролтой, эрүүл хүмүүсийг дэвшүүлж, тэр хүмүүсийг иргэд сонгох хэрэгтэй. Өнөөдөр үе солигдох шаардлага аль ч намд гарч ирж байгаа учир түүхэн сонгууль болох болов уу. Ардчилсан намын зүгээс хувийн хэвшлийг дэмжих, иргэдийг хэрхэн ажилтай, орлоготой болгох вэ гэдэгт л анхаарах ёстой гэж харж байна” гэж байлаа. Энэ хүрээд бидний халуун дулаан яриа өндөрлөсөн юм.