Өвөрхангай аймгийн Онцгой байдлын ерөнхий газар өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газруудад тус тус УАЗ Фургон автомашиныг гардуулсан. Мөн үүний адилаар өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлжээ.
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй аймаг, сумдын нэн эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малчдад нэн шаардлагатай малын эм бэлдмэлүүдийг олгох тусламжийн ажлыг эхлүүлжээ.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрт арга хэмжээний тусламжийг эмзэг бүлгийн 500 малчин өрхөд үзүүлэхээр болсон байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 12 дугаар сард өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн дөрвөн сумын хүүхдүүдэд мөнгөн тусламж олгож байсан бол цаашид тус аймгийн 23 суманд хүүхдийн мөнгөнд нэмэлт санхүүжилт олгохоор болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
У.МӨНХ-ЭРДЭНЭ