Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна

Хүйтэн сэрүүний улиралд хүний биеийн дархлаа суларч хүүхдүүд ханиаданд нэрвэгдэх нь элбэг. Амьсгалын замын олон зүйлийн өвчний хор, хамрын вирус, тахалын вирус зэргээс болж үүсдэг. Эдгээр вирус нь гадаад орчин болон хүний хамар хоолой орчим үргэлж байдаг бөгөөд даарах, хөлрөх, ядрах зэргээр биеийн эсэргүүцэх чадвар сулрахад идэвхжиж өвчин үүсгэгч болон хувирдаг. Тэдгээр нян нь амьсгалын замаар нэвтрэн халдварлах тул ханиадтай орчинд очсоноор дамждаг.

ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨХ

Хүүхэд 38, 38,5 хүртэл халуурах нь хэвийн. Учир нь хүүхдийн дархлаа нь гадны вирустай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эхчүүд сайн анхаарах хэрэгтэй.
Гэрийн температурыг мэдэрч хувцаслах, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг.

НУСЫГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХ

Нус гоожих нь хүүхдийн дархлааны систем ажиллаж байгааг илтгэх ба хамгийн гол нь нусыг тогтмол цэвэрлэж, хүүхдийн хамрыг амьсгалахад саадгүй байхад туслах хэрэгтэй.
Тусгай зориулалтын цэвэрлэдэг бодис, савыг ашиглаж болох ба хүүхдийг нусаа нийж сургахад анхаарах хэрэгтэй. Нэг нас хүрсэн хүүхдэд нусаа нийх дадлыг эзэмшүүлэхийн тулд та долоо хоног тасралтгүй оролдоход сурч эхэлнэ.

ВИРУС БА НЯН

Эмч нар нянгийн гаралтай, вирусын гаралтай, шинэ төрлийн гээд л онош тавихаар эцэг эхчүүд толгой нь эргэдэг. Хүүхэд нян, вирусын алинд нь ч шууд өртөх боломжтой ба дархлаа нь сайн ажиллаж байвал хүндэрдэггүй.

Дархлаа сул байвал ам, хамраар дамжаад залгиур эрхтнүүд, цаашлаад уушги гээд улам хүндэрдэг. Вирусын халдвар авсан хүүхдийн дархлаа мууддаг учир энэ үед бусад нян, вирусыг эсэргүүцэх чадваргүй болдог учраас ханиад улам хүндэрдэг байна.
Нян, вирусын халдварыг хоол хүнс бохир гар, агаар зэргээр авч байдаг.

АРИУН ЦЭВРИЙГ САЙН САХИХ

Хүүхэд нян, вирусыг зөвхөн цэцэрлэгээсээ авдаг юм биш. Учир нь, аав ээж, эмээ өвөө, ах эгч та өөрөө вирус тээгч. Та ханиад хүрээгүй, өвдөөгүй байгаа ч нян, вирус тээгч гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та автобусанд явж байхдаа, гар барихдаа, ер нь гаднаас авч буй нян, вирусээ тээсээр гэртээ ордог. Улмаар хүүхдээ үнсч эрхлүүлэх, хамт тоглох төдийд та нян, вирусээ тэдэнд халдааж байдаг.

Иймээс та гэртээ ороод нүүр гар, ам хамраа заавал угаа, гэрийн хувцас заавал өмсөх хэрэгтэй. Гар утсанд маш их нян, вирус наалдсан тул утсанд хүүхдээ ойртуулах хэрэггүй.

ХАНИАД, ХАТГАЛГААНЫ ВАКЦИН

Вакцин хийлгэх нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ нь насан туршийн баталгаа болж чадахгүй. Вакцин хийлгэсэн нэг жилдээ л үйлчилгээтэй.
Вакцин тариулснаас хойш нэг сарын дараа үйлчилж эхэлдэг бөгөөд та сарын эхэнд тариулсан гэж бодвол дараа сарын эхнээс эхлэн тариулсан вакцин тань таныг хамгаалж эхэлнэ. Тиймээс ханиад томууны улирлыг тооцож урьдчилан хийлгэх нь зөв.

ГАДУУР ДАГУУЛЖ ЯВАХГҮЙ БАЙХ

Хүүхэд зөвхөн цэцэрлэгтээ явж, эсвэл гэртээ байдаг бол нян, вирусын халдвар авах боломж тэр хүрээндээ л яригдана. Гэтэл та хэдэн хүн цугласан газарт хүүхдээ авч очно, тэр хэмжээгээр халдвар авах магадлал нэмэгдэнэ.

САЙН УНТУУЛАХ

Хүүхэд унтахад дархлааны систем нь идэвхждэг. Хүүхэд оройны 21:00-22:00 цагийн хооронд унтсан байх шаардлагатай. Учир нь хүний хангалттай нойр авах цаг 22:00-02:00 цаг байдаг байна.

ХАЛУУН БҮЛЭЭН УСАНД ОРУУЛАХ

Зарим эцэг, эхчүүд хүүхэд ханиадтай гээд өмссөн хувцсыг нь ч тайлахаас эмээж, хөлөрсөн хувцастай нь байлгадаг. Гэтэл тийм биш. Ханиадны эхний шинж тэмдэг илэрч буй яг тэр үед унтахынх нь өмнө сугаар нь татахуйц халуун бүлээн усанд 30 орчим минут суулгаад дулаан хувцаслаж, хучаад унтуулах хэрэгтэй. Халуун бүлээн ус хүний биеийн дулааныг нэмэгдүүлж, дархлааг идэвхжүүлдэг байна. Ингэснээр нян, вирустэй тэмцэх биеийн чадвар нэмэгдэнэ. Хүүхдийн арьсны нүх сүв онгойж, хүүхэд амгалан тайван унтах боломж бүрдэнэ.

ДАРХЛААГ НЬ ДЭМЖИХ

Хүүхдийг сайн унтуулж, дуртай хоолыг нь хийж зохистой идүүлэх хэрэгтэй. Антиоксидант агуулсан нэрс, аньс, чацаргана, бусад шингэн зүйл маш сайн уулгаж, шингэнийг халуун бүлээн уулгах нь маш чухал. Мөн алим жигнэж өгч болно.

ЭМЧИЛГЭЭГ ГҮЙЦЭД ДУУСГАХ

Халуурсан хүүхдийн тань халуун буух төдийд бүү тайвшир. Хатгалгаа бол багадаа нэг сарын хугацаанд шимэгддэг. Энэ хугацаанд эмчилгээ, сувилгаа маш чухал. Эмч бичиж өгсөн аливаа эмийг өг гэсэн хоног хугацаанд нь өгч дуусгахгүй бол өвчин дутуу эдгэх шалтгаан болдог. Ингэснээр дахин нян, вирусын халдвар авах аятайхан хөрс бүрдэж байгаа хэрэг. Мөн олон дахин дутуу эмчлэх нь уушгины архаг өвчинд өртөх эрсдлийг өндөр болгодог байна.

ЗААВАЛ ЭМЧИД ХАНДААРАЙ

Утас, компьютерийн цаанаас эмч ч зөвлөгөө өгөхөд бэрх байдаг атал ээжүүд олон нийтийн сүлжээнд хүүхдийн биеийн байдлаа бичээд зөвлөгөө хүсэх нь элбэг. Хүүхэд бүрийн бие өөр, өвчний шалтгаан нөхцөл оо учир мэргэжлийн эмч л эдгээх эмчилгээ хэлэх ба магадгүй таны онлайн зөвлөгчийн зөвлөгөө байдлыг улам хүндрүүлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн эмчид хандаарай.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *