Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ, НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажил 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд төхөөрөмжийг гарын авлагын дагуу зөв ашиглах шаардалагатайг онцлов.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 42031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон зургаан өрхийн дуудлагад эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр Тавантолгой түлш ХХК-иас гарч байгаа бүтээгдэхүүнд шинжилгээтэй хяналтыг хийж ажиллаж байна. Шинжилгээгээр түлшний хүхэр, илчлэг, бат бөх байдлыг шинжилэхэд стандартын шаардлага хангаж байна гэсэн хариу гарсан. Түүхий нүүрс түлж байгаа зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд тогтмол хяналт тавьж байна. БЗД-т гурван аж ахуй нэгжийн үнс холигч ажиллахгүй байгаа зөрчил бүртгэгдсэн, СБД-т мөн үнс холигч ажиллаагүй гэсэн хоёр зөрчил илэрсэн. Харин СХД-д зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж байсныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мэдрэгч суурилуулсан айл өрхүүд гарын авлагын дагуу ашиглах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.