Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: “Шарын гол” ХК-иас нүүрс авах эсэх асуудлыг эргэж харна

-УРЬДЧИЛСАН СУДАЛГААГААР ЭГИЙН ГОЛ ДЭЭР УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
БАРИХАД УРСАЦЫН ХУВЬД НӨЛӨӨЛӨЛГҮЙ ГЭЖ ГАРСАН-

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Шарын голын нүүрсний уурхай “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээ өнгөрсөн долоо хоногт зогсоосон. Энэ тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороо хатуу үнэ тогтоох нь зөв үү?

-Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ талаар мэдээлэл авсан. Эрчим хүчний нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд дотроос Шарын голын уурхай хамгийн өндөр үнээр нүүрсээ нийлүүлж байгаа юм байна. Тухайлбал, Цахилгаан станцууд Шивээ-Овоогоос 29060 төгрөг, Багануурын уурхайгаас 33500 төгрөг, Шарын голоос 40500 төгрөгөөр эрчим хүчний нэг тонн нүүрсийг худалдан авч байна. Гэтэл үүнийгээ чамлаад өвлийн ид хүйтэнд нүүрс нийлүүлэхээ зогсооно гэж нийгмийн хариуцлагаа умартсан асуудал тавьж болохгүй. Үүний цаана Эрдэнэт, Дархан хот хөлдөх, цахилгааны үнэ нэмэгдэх асуудал яригдаж байгаа. Нөгөө талаар нүүрс тасралтгүй нийлүүлэх гэрээгээ зөрчиж байна. Нүүрсний төлбөрөө хийхгүй, өр авлага үүсгэж байгаа бол яамны зүгээс энэ тал дээр анхаарч өгнө.

Цахилгаан, дулааны үнэ бол бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөж байдаг суурь үнэ юм. Үүнд эрчим хүчний нүүрс, төмөр замын тариф шууд нөлөөлж байдаг. Тиймээс эдгээр үнэ, тарифыг зохицуулах үүрэг бүхий Эрчим хүчний зохицуулах хороог 2001 онд байгуулсан юм. Эрчим хүчний компаниуд ашгийн төлөө бус нийгмийн нийтлэг эрх ашгийн үүднээс бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. Хамгийн бага өртгийн зарчмаар үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн үг. Энэ агуулгаар үнэ тарифыг нь зохицуулж байдаг. Хатуу барьж байдаг гэсэн үг биш.

-“Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний хороо нүүрснийхээ үнийг нэмэх, цаашид зах зээлийн зарчмаар чөлөөлөх шаардлагыг тавьж байгаа…

-Нэг компанийн шаардлагаар эрчим хүчний нүүрсний үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Үүний цаана иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг суурь үнийн асуудал хөндөгдөнө. Нэг уурхайгаас болж цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг шуудхан хэлчихье. Цаашдаа энэ компаниас нүүрс авах эсэх асуудлаа бид эргэж харна. Одоохондоо Багануурын уурхайгаас зохицуулаад явж болно.

Мөн Сэлэнгэ аймгийн Улаан-Овоогийн нүүрсний ордоос Дархан, Эрдэнэтийн дулааны станцуудад нүүрс нийлүүлэх асуудлыг судалж байна. Үүнээс бид төрийн өмчийн нүүрсний уурхайнуудаа хувьчилж болохгүй юм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

-Эрчим хүчний салбар 2019 онд ямар ажлууд хийж амжуулав?

-“Ололт, амжилттай ажил болжээ” гэдэг үнэлгээг салбарын удирдлага дүгнэх бус харин олон нийт ч юм уу, салбарын хамт олны зүгээс өгвөл илүү бодитой харагдах байх. Тэр агуулгаар хандаж, олны талархал хүлээсэн ажлаас гэвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөөлсөн ажлуудыг эхэлж дурдах байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх түүхэн шийдвэрийг гаргасны дараахь нэг жилийн хугацаанд манай салбарын хамт олон жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа. Нийслэлийн 42 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг дөрвөн квт хүртэл нэмэгдүүлэн цахилгаан халаагуур ашиглах боломжийг бий болгож өгсөн нь нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулан Улаанбаатарын оршин суугчдыг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болголоо. Үүний зэрэгцээ шөнийн цахилгааны хэрэглээнд тарифын хөнгөлөлт давхар үзүүлж байна. Энэ бүгдээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд манай салбарын хамт олны үүрэг, оролцоо маш чухал байсан гэж хэлж болно. Эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 70-80 мвт-аар өсч байна. Энэ хэрэглээг хаах хүрээнд Дулааны IV цахилгаан станцын хоёр турбингенераторыг шинэчлэн 50 мвт-ын, Дарханы дулааны цахилгаан станцыг өргөтгөн 35 мвт-ын, Сэргээгдэх эрчим хүчний хүрээнд 90 мВт-ын шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулсан. Монгол Улсад анхны болох 330 квт-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж ашиглалтад оруулсан. Ингэснээр Оюу толгой, Цагаан суварга, Таван толгой болон Өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эрчим хүчний үнийн өсөлтөд шууд нөлөөлөн иргэдийг бухимдуулж буй дэмжих тарифыг өсгөхгүй, цаашид тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж өглөө.

-Тэгвэл энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна вэ. Энэ салбарын анхаарах, нэн тэргүүнд шийдэх асуудал нь юу байна гэж харж байгаа бол?

-Өнгөрсөн 2019 оны хувьд Эрчим хүчний салбарыг 2018-2023 онуудад хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн жил байлаа. Хөтөлбөрийн хүрээнд, найдвартай, тогтвортой, бие даасан ухаалаг эрчим хүчний системийг бий болгох суурь ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ бол нэн тэргүүнд манай эрчим хүчний системд шийдэх ёстой асуудал байгаа юм. Хөтөлбөрийн гол ажлууд хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, Эрдэнэ-бүрэнгийн 90 мвт-ын Усан цахилгаан станц, нийслэлд 100 мвт-ын батарей хуримтлуурын станц барьж байгуулах ажлуудын хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэн. Энэ онд ажлыг нь эхлүүлнэ. Мөн эрчим хүчний системийг ухаалаг болгох, системийн тогтворжилтыг хянах, хангахад чиглэсэн WAMS системийг нэвтрүүлээд байна. Системийн гол зангилаа 120 орчим цэгийг өнгөрсөн хугацаанд эхогоор хянадаг байсан бол одоо томографаар хянадаг болсон хэрэг. Энэ системээ цаашид улам хөгжүүлж эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангана.

2020 онд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц гээд хэд хэдэн нэмэлт эх үүсвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэнэ. Цаашид системийн горим зохицуулалтад ашиглах хурдан маневр хийх боломжтой шинэ эх үүсвэрүүдийг, тухайлбал, Усан цахилгаан станц, усан цэнэгт станц, хийн турбингенератор бүхий станц, өндөр хүчин чадлын батарей хуримтлуурын станцуудыг бий болгоход түлхүү анхаарна. Ингэснээр манай эрчим хүчний хараат бус бие даасан, удаан хугацааны аваарын саатал гарахгүй найдвартай систем бүрэлдэн бий болно.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил энэ жил эхэлж, ажил хэрэг болох нь ээ. Эрчим хүчний салбарт дэвшил авчрах энэ мэт төслүүдээ хурдан шуурхай явуулахад Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газрын хийж эхлүүлсэн гурван гол ажлын нэг нь эрчим хүчээ дотоосоо бүрэн хангадаг болох асуудал. Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтийг нь хүртэл шийдвэрлээд байгаа ажил бол Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалт юм. Одоо уг станцын ТЭЗҮ-г хийж дуусч байна. Түүнийг манай ШУТЗөвлөлийн хурлаар баталгаажуулсны дараа тендер зарлагдаж, гүйцэтгэгчийг сонгоно. Станцын бүтээн байгуулалтын ажилд таван жил зарцуулагдах байх. Ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа. Уг станц ашиглалтад орсноор Баруун бүс дотоодоосоо эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэх төдийгүй нэгдсэн системийн найдвартай ажиллагаанд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барихаар болжээ. Хаанахын ямар стандартаар энэ үйлдвэр босох вэ?

-Саяхан Засгийн газраас нийслэлийн дагавар сууршлын бүсүүдийн утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын зүүн бүсэд жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих шийдвэрийг гаргасан.

Шинэ үйлдвэртээ илүү өндөр технологийн “Евро стандарт”-ын түлш үйлдвэрлэх зорилгыг тавьж байгаа. Эхний хагас жилд багтаан барилгын ажлыг дуусгаж, ирэх есдүгээр сар гэхэд туршилт тохируулгыг хийж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ирэх жил илүү өндөр технологиор хийгдсэн шахмал түлшийг үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлыг 70 хувь бууруулах зорилт тавьж байна.

-Нийслэлийн иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-“таван толгой түлш” ХХК нь жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өвөлжилтийн хэрэглээг ханган ажиллаж байна. Хоногт 3000 гаруй тонн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, дундын агуулах болон түгээлтийн цэгүүдэд хүргүүлж байгаа. Зарим томоохон байшинтай дулааны хэрэглээ өндөр айлуудыг эс тооцвол нийслэлийн айл өрхүүдээ гал алдуулчихгүй л өвөлжүүлж байна. Тиймээс одоо байгаа хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхэд нийслэл төдийгүй хотын зэргэлдээх гэр хорооллын суурьшлын бүсүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ.

-Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт төдийлөн нөлөөлөхгүй гэдэг. Энэ ажлыг урагшлуулах боломж бидэнд бий юү?

-Энэ бол манай эрчим хүчний салбарын хувьд маш чухал асуудал. өнөөдөр манай улс оройн 6-9 цагийн хооронд бүх айлууд гэрлээ асааж, плитка залгаж хоол ундаа хийхэд гэнэт үүсэж буй 150-200 мвт-ын цахилгааны хэрэглээг дотоосоо хаах боломжгүй тул ОХУ-аас импортолж зохицуулдаг. Орой бүр шүү. Манай нүүрсний станцууд ийм хүчин чадлыг шууд нэмэгдүүлж чаддаггүй. Ийм чадлыг дөрвөн цагийн дараа л гаргаж чадна. Харигн Усан цахилгаан станц, хийн турбингенеторууд кноп дараад л машин асаж байгаа мэт хурдан хугацаанд нийлүүлдэг. Ийм боломжийг манайд Эгийн голын усан цахилгаан станц л бий болгоно. Олон улсын хамтарсан багийн урьдчилсан судалгаагаар Эгийн гол дээр усан цахилгаан станц барихад урсацын хувьд нөлөөлөлгүй гэж гарсан. Одоо биологийн нөлөөллийн судалгааг хийх ёстой. Энэ зорилгоор олон улсын тендер зарлагдаж Францын компани шалгараад байна. Судалгаа хийхэд гурван жил шаардагдана. Харин хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй удааширч байгаагаас ажил нь хараахан эхлээгүй байна. Манай холбогдох байгууллагууд удахгүй шийдвэрлэх байх гэж найдаж байна. Энэ бол манай улсын хувьд чухал ажил юм.

-Цахилгааны үнэ цаашид нэмэгдэх үү?

-Энэ асуултыг надад бус Эрчим хүчний зохицуулах хороонд тавьбал илүү бодитой хариу өгөх байх. Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж 2001 оноос хойш эрчим хүчний үнэ, тарифын асуудлыг Засгаас холдуулсан. Тодруулбал, үнэ, тарифын асуудлыг төр болон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн гурван талын төлөөллийг багтаасан Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг хараат бус байгууллагаар тогтоож байхаар хуульчилсан юм. Одоо энэ зарчмаар л явж байгаа. Миний хувьд хэдэн хувь хөдөлгөсөн юм бэ гэж асуухаас цаашгүй. Тэдний гаргасан шийдвэрийг Засгийн газар авч хэлэлцэх ч эрх байхгүй. Надад ирсэн мэдээллээр өнгөрсөн онд зөвхөн алдагдлаа бууруулах хэмжээнд маш бага нэмсэн юм билээ. Харин одоо мөрдөж буй Эрчим хүчний тухай хуулиараа, сэргээгдэх эрчим хүчний буюу нар салхины эх үүсвэр шинээр ашиглалтад орвол, дэмжих тариф шууд нэмэгддэг. Өнгөрсөн жил нар, салхины 90 гаруй мВт-ын хүчин чадал бүхий дөрвөн станц ашиглалтад орсон нь үнэ өсөхөд нөлөөлсөн байсан. Энэ дэмжих тарифыг одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Одоо 120 орчим тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна. Нарны станцуудыг хязгаарлах, үнэ өртгийг нь бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үүнтэй бас холбоотой. Энэ хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цаашид өрсөлдөөний зарчмаар хамгийн бага үнийн санал өгсөн нь нар, салхины шинэ станц барьж байх зохицуулалтыг хийж өгсөн. ингэснээр цаашдаа цахилгааны үнийн өсөлтөд гол нөлөөлж буй дэмжих тариф өсөхгүй, тогтвортой байх хууль эрх зүйн орчин бий болсон.

Өнгөрсөн 2019 оны хувьд системийн хэмжээнд 14 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна. Ер нь борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байсан. Энэ хугацаанд валютын ханш 70 хувиар унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Айл өрхүүд дунджаар 50-60 мянган таграг төлдөг гэж бодоход энэ нь тухайн айлын нэг хүний л гар утасны төлбөр шүү дээ. Гар утасны төлбөр нэмэгдэхээр таг дуугүй байдаг атлаа бүх зүйлийг ажиллуулж байгаа цахилгааны үнэ жаахан нэмэгдэхээр бухимдаад унадаг. Энэ нэг талаар суурь үнэ бусад зүйлд нөлөөлдөгтэй холбоотой байх. Гэхдээ чухал салбараа унагачихбал бүр ч илүү хохирол амсана гэдгийг бас ухамсарлах ёстой болов уу. Өнгөрсөн жил аваар гарч хэдэн цагаар цахилгаан саатахад замын хөдөлгөөнөө ч зохицуулж чадахгүй болж байсан шүү дээ. Цахилгаангүйгээр гар утсаа ч цэнэглэж чадахгүй. Ийм л ач холбогдолтой салбар.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталж, томсгосон тойргоор явуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тойргуудыг шинээр хуваарилах нь мэдээж. Таны хувьд энэ өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би энэ сонгуулийн тогтолцоог дэмжиж байгаа. Нэгдүгээрт, нам дугуйлахгүй, нөгөө талаар иргэд мэддэг, өмнө нь ашиглагдаж байсан гэдэг агуулгаар дэмжсэн. Өмнөх сонгуулиудад дандаа иргэдийн хувьд мэдэхгүй шинэ хэлбэрийн тогтолцоог ашигладаг байсан. Түүнийг ойлгож ядаж байтал сонгуулийн дүн гарчихна. Дараа нь буруу сонголт хийлээ гэж дөрвөн жил зурагттайгаа хэрэлдэнэ. Ийм л байдлаар явж ирсэнтэй харьцуулахад нэг удаа саналаа өгөөд үзсэн мэдэх тогтолцоо юм даа. Улс орныхоо дөрвөн жилийн хувь заяаг шийддэг сонгуульд иргэдийн зөв сонголт маш чухал. Олон нийт сонгууль өгч сурч, туршлагажиж, ухаарч байна. Нэг удаагийн хоолны мөнгөөр худалдаж болохгүй, Үндсэн хуулиар олгогдсон дөрвөн жилд нэг л удаа олддог эрх мэдэл юм даа.

-Та Тэтгэврийн зээл тэглэхийг дэмжиж байв уу?

-Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэрийг сайд дагах хуультай юм билээ. Тийм учраас энэ талаар би тодорхой хариулт өгч чадахгүй нь. Харин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед байр сууриа илэрхийлж, гарах үр дагаврын талаар саналаа хэлсэн байгаа.

-Ер нь байгалийн баялгийг ард нийт, улс орондоо хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд яах ёстой гэж та хардаг вэ?

-Маш чухал асуулт байна. Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг ард түмний мэдлийнх гэж заасан ч өнгөрсөн хугацаанд хэдхэн гэр бүл л ашгийг нь хүртээд өнгөрсөн. Саяын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр миний оруулсан “Стратегийн ордын 50-иас дээш хувийг ард түмэнд эзэмшүүлэх тухай” санал “дийлэнх ашгийг ард түмэн хүртэх заалт” болж өөрчлөгдөж орсон. Өмнөх гашуун түүхээс харахад бас л хэрэгжих магадлал муутай. Харин улс орныг удирдаж буй хүмүүс хуулийн заалтыг хэрэгжүүлье гээд сэтгэл гаргавал хэрэгжиж болно гэдгийг Ерөнхий сайдын зүгээс уул уурхайн ашиглалттай холбоотой авсан хэд хэдэн арга хэмжээ харууллаа гэж бодож байна. Тосон бумын нуруу, ноён уулаа хамгаалж үлдлээ, салхитын орд болон байгаль орчинд хор хохирол учруулж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан алтны ордуудын лицензийг цуцалж хурааж авлаа. Энэ Засгийн газрын үед хөвсгөл аймагт, ялангуяа нуурын сав газар ямар нэг уул уурхай эрхлүүлэхгүй гэдгийг зарлалаа. Өмнө аль ч Засгийн газрын үед ийм арга хэмжээ авч байсангүй. Эдгээр арга хэмжээ хариуцлагагүй, эмх замбараагүй уул уурхайг зохицуулах боломжтой гэдгийг харуулсан гэж бодож байна.

Олон нийтэд хүртээмжтэй байх асуудлын хувьд бол Стратегийн ордын 50-иас дээш хувь төрийн мэдэлд байж л хэрэгжинэ. Ийм замаар явж буй Чили, Норвеги, Ботсвани зэрэг улс орнууд байгалийн баялгаа ард түмэндээ хүртээж улс орноо хөгжүүлж, ард иргэддээ хүртээмжтэй ашиглаж байна. Манай орны хувьд үүний нэг жишээ бол Эрдэнэт юм. Оюу толгойгоос дөрөв дахин бага хүчин чадалтай атлаа хоёр дахин их татвар төлж төсвийн орлогын гол ачааг үүрч, зуу гаруй мянган хүнтэй хотыг чирж явна. Хамгийн чухал нь Монголдоо үлдэж байна. Гэтэл Оюутолгойн баялгийн орлогын 10 хүрэхгүй хувь л манайд үлддэг. Томоохон орд эзэмшиж байгаа манайхан болохоор оффшорт аваачаад мөнгөө хийчихэж байна. Манайх шиг зах зээлийн багтаамж бага, бизнесийн орчин муутай улс орны хувьд гол нийгмийн баялгаа төрд байлгаж, зөв менежемэнтээр удирдаж авч явах нь илүү үр дүнтэй. Ер нь гадныхан баялгийг нь төрөөс салгаж авахад хүнд хэцүү байдаг учраас хувьчлуулж хувь хүнээс салгаж авахыг зорьдог. Ялангуяа гадны хөрөнгө оруулалт гэж тархи угааж байгаад өөрсдийн мэдэлд авахыг илүүд чухалчилдаг. Энэ жишээ бол оюу толгойн хөрөнгө оруулалт юм. Тийм учраас манайх шиг бага буурай оронд хувьчлал гэдэг сайхан зүйл биш. Улс орноо зөв авч явах чадварлаг, хариуцлагатай, нийгмийн чиг баримжаатай олон нитийн эрх ашгийг эрхэмлэдэг төртэй байх л хамгийн чухал асуудал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *