Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Нийгмийн зүрх, тархи болсон боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгамаар байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Улсын Дуурийн болон Драмын театруудыг шинээр барих ажлыг хойшлуулж, засвар хийхээр болжээ. Ийн шийдсэн нь юутай холбоотой вэ?

-Дуурь, Драмын театруудыг буулгаж, шинээр барих асуудлыг зогсоосон. Олон нийтийн сүлжээгээр мушгин гуйвуулж, суулт, жагсаал цуглаан ч боллоо. Яахав олон нийтийн зүгээс гардаг шүүмжлэлтэй байдлыг ойлгож байна. Дээрээс нь нэр хүндтэй, алдар гавьяатай хүмүүсээс маш их эсэргүүцэл гарч эхэлсэн. Тиймдээ ч энэ асуудлыг эхлээд салбар дотроо сайн ярих ёстой гэж үзсэн. Салбарынхан нь зөвшөөрч байж энэ ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж харсан. Энэ байр суурь ч өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа. Энэ удаагийн улсын төсөвт Дуурийн болон Драмын театр, Төв номын санд тус бүр хоёр тэрбум төгрөг суусан. Хуучин 10 гаруй тэрбум төгрөг суучихсан байсан ч болиулсан. Төсөвт суусан хоёр тэрбум төгрөгөөр тухайн барилгыг засварлаж, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ.

Гэрэлтүүлэг, хөгжим апартур, үзэгчдийн сандал зэргийг бүгдийг нь шинэчлэх шаардлагатай гэсэн хүсэлтүүд ч ирээд байна. Тиймээс дахин барилгуудыг нураах нь гэсэн улстөржсөн мэдээллүүд явуулах нь зохисгүй.

-Дуурь болон Драмын театрын барилгууд маш муудсан. Уран бүтээлчид тун хүнд нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийдэг болоод удаж байгаа. Засвар хийж торгоох бус шинээр барина гэснээрээ шийдчих байсан юм биш үү?

-Мэдээж уран бүтээлчдэд хүндрэлтэй. Гэлээ ч эхний ээлжинд баригдах гэж буй Чингис Хааны музей, Байгалийн түүхийн музейн ажлуудыг явуулаадахъя. Тэр болтол засвар үйлчилгээ хийхээс өөр аргагүй болчихоод байна. Төсөв санхүүгийн болоод нийгмийн сэтгэл зүйн хувьд цаг нь ирэх байх. Угтаа энэ хоёр барилгыг яг одоогийнх нь байран дээр энэ хэлбэр дүрс, зураг төслөөр нь шинэчлэх байв. Харамсалтай нь нэр бүхий улстөрчид болоод цахим сүлжээн дэх хүмүүсийн хатгалага нөхцөл байдлыг түвэгтэй болгосон л доо.

-Байгалийн түүхийн музейг нураалаа гэж маш их шүүмжилсэн. Нүүрэн хэсгийг нь үлдээгээд нураах боломж огт байсангүй юу?

-Тийм боломж байхгүй. Энэ нь өөрөө 1956 оны барилга. Газар хөдлөлтийг тэсвэрлэх стандарт мөрдөгддөггүй байсан үе л дээ. Сургуулийн зориулалтаар баригдсан барилгын нүүрийг авч үлдэнэ гэдэг боломжгүй асуудал. Авч үлдлээ ч барилгынх нь эдэлгээ нь шаардлага хангахгүй. Хэрхэн яаж нурж унаж байгааг та бүхэн харсан байх. Тэгээд ч зураг төсөл нь шинээр байх юм. Жинхэнэ музейн зориулалтаар барина.

-Уг музейн газар маргаантай байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү. Эргээд яг энэ суурин дээрээ баригдах уу?

-Ямар ч газрын маргаан байхгүй. Угаасаа л Байгалийн түүхийн музейн газар. Яг энэ суурин дээрээ баригдана.

-Барилгын ажил нь хэдийнээс эхлэх вэ?

-Төсвийн хууль батлагдсан учраас Засгийн газраас яам руу эрхийг нь шилжүүлнэ. Энэ тохиолдолд хуулийнхаа дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна. Бид энэ ажлуудыг аль болох эрт зохион байгуулж, цаг алдалгүй ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Соёлын салбарт энэ мэт томоохон ажлууд хийгдэх болно. АНУ-ын Элчин сайдын яамны урд талд шинэ номын сан баригдаж байгаа. Үлдэгдэл санхүүжилтүүд нь суучихсан, хавар эрт ажил нь эхэлж, энэ онд багтаан ашиглалтад оруулна.

Урлангийнхны уран бүтээл туурвих ажлууд санхүүжилттэй холбоотой байдаг. Тэр утгаараа соёл урлаг тэр дундаа кино урлагтай холбоотой том шийдвэрүүд гарч, “Кино урлагийг дэмжих сан” байгуулагдсан. Энэ сангийн журмыг тун удахгүй Засгийн газрын хурлаар оруулна. Уг санд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 14 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Хүү нь ямар хэмжээтэй байх эсэхийг журмаараа шийднэ.

Мөн өнгөрсөн онд соёл урлагийнхан маань олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг боллоо. Салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн сүлжээ шинэчлэгдэн баталж, тун боломжийн болсон. Энэ мэтчилэн соёлын салбарт багагүй өөрчлөлтүүд хийгдлээ. Засгийн газраас 2019 онд ард нийтийг соён гэгээрүүлэх, соёл урлагийг дэмжих ажлыг эрчимтэй хийсэн, ирэх онд ч үргэлжилнэ.

-Соёлын салбарт сайн менежмэнт хамгийн чухал. Сайн менежмэнттэй байсны дүнд “HU” хамтлаг дэлхийн хэмжээнд гарч, Монголын урлагийг таниулж явна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-“HU” хамтлагийг эхний хоёр жилд нь манай Соёл урлагийг дэмжих сангаас дэмжсэн байдаг. Маш олон хүний хүч хөдөлмөр, уран бүтээлчдийн авьяас чадвар зэрэг зүйлс нөхцөлдөж “HU” хамтлаг дэлхийн хамтлаг болчихлоо. Энэ хамтлаг манай үндэсний онцлогтой соёл, урлаг дэлхийн хэмжээнд гарах боломжтой гэдгийг харуулчихлаа. Зам мөрийг нь ч гаргаж өглөө. Цаашдаа ч олон уран бүтээлч, соёлын бүтээгдэхүүнүүд дэлхий рүү гарах боломжтой гэж үзэж байна. Сая ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд манай хөхүүрийн айраг бүртгэгдлээ. Энэ нь манай 15 дахь соёлын өв юм. Цаашдаа бид Монголын ямар өвүүдийг бүртгүүлж болох вэ гэдгийг судалж, дараагийн ажил руугаа орчихсон явж байна. Монголын соёл хаана ч байхгүй, давтагдашгүй, дэлхийд хосгүй. Бидэнд маш их боломж, нөөц бий. Хамгийн гол нь төрөөс боломжоороо төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж, зөв менежмэнттэй байх хэрэгтэй. Ингэж чадвал бүх салбарт боломж байна гэж харж байна.

-“English school of Mon­golia” сургуулийн сурагчдад гадаад багш нь +18 заалттай кино үзүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Одоогоор яаманд албан ёсоор хууль хяналтын байгууллагад очсон гомдол ирээгүй байна. “English school of Mongolia” сургуультай холбоотой мэдээлэл цахим ертөнцөөр явна лээ. Тэрний дагуу манай яамнаас гарсан ажлын хэсэг сургууль дээр нь ажилласан. Хичээл нь үргэлжилж, хүүхдүүдийг амраагаагүй байна гэх зүйл яригдсан нь худлаа болж таарсан. Сургууль нь амарч байгаа юм билээ. Тус сургууль жил бүр хоёрдугаар улирлынхаа амралтаар аав, ээжийнх нь зөвшөөрөлтэй хүүхдүүдийг вакумжуулж хэлийг нь гүнзгийрүүлэн сургадаг юм байна. Эцэг, эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр сургаж, хяналтаа ч тэд тавьдаг. Хүүхдүүд нь тэрэндээ сурч байна. Сургуулийн удирдлагууд цахим ертөнцөд гарсан мэдээлэлтэй холбогдуулж ор үндэслэлгүй мэдээлэл тарааж, сургуулийн нэр хүндэд халдсан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандчихсан байгаа юм билээ. Ер нь цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай боловсролын байгууллага, хичээл сургуультай холбоотой асуудлаар аль болох бодитой мэдээллийг олон нийтэд хүргэж байгаасай гэж хүсч байна. Там тум сонссон зүйлээ жиргэчихдэг, түүнийг нь авч шуугьж боловсролын байгууллагыг тэр чигт нь харлуулдаг байдалтай би эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Боловсролын салбарын үйл ажиллагаа хууль номынхоо дагуу үргэлжилж байгаа. Энэ салбарт 90 гаруй мянган хүн ажиллаж байна. Нэг сая гаруй хүүхэд, залуус сурч, боловсорч байна. Ханиад томуу гарсан ч хичээлийн жилийн хөтөлбөр, хуваарь номынх нь дагуу явуулахын төлөө энэ олон мянган багш нар хичээн ажиллаж байна. Нэг хоёр багштай холбоотой буруу, зөрүү мэдээллээс болж бүхэл бүтэн салбар руу нь дайрч, түүнийг улстөржүүлэх юм.

Ингэж нийтээр нь дайрч харлуулах явдал байж болохгүй. Үүнээс цааш бодитой мэдээлэл цацаж байгаасай гэж хүсэх байна. Боловсролын салбар бол энэ нийгмийн зүрх, тархи нь. Тиймдээ ч энэ салбарыг улстөржилтөөс ангид байлгамаар байна.

-Сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрт сайжруулалт хийсэн. Сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийснээр гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар Боловсролын хүрээлэнгээс холбогдох эрдэмтдийн баг гарч мониторинг хийлээ. Тун боломжийн дүнгүүд гарсан. Бага ангийн сурагчдын ачаалал багассан, дунд, ахлах ангийн сурагчдын ачаалал 10 орчим хувиар хөнгөрсөн. Агуулгын давхцал арилснаар ачаалал багассан гэсэн үг. Мэдээж хичээлийн явцын дунд хийсэн судалгаа учир дүгнэхэд эрт байна. Цаашдаа ч гэсэн сайжруулалт хийгээд явах болно.

-Энэ жил олимпийн наадамтай. Төрөөс тамирчдаа хэрхэн дэмжиж байна вэ?

-Олимпийн наадмын бэлтгэл ажлын 2019 оноос хангаад эхэлсэн. “Токио олимп” сангаа байгуулчихсан, “Эрдэнэт үйлдвэр” ерөнхий спонсороор ажиллахаар болж байна. Өмнө нь тамирчид олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцъё гэхээр санхүүгийн боломж хомс, өөрсдөө спонсор хайж явдаг байсан. Энэ удаад ийм асуудал огт байхгүй.

Улсын төсөвт суусан шигшээ багуудын төсөв есдүгээр сар гэхэд дуусчихсан. Түүнээс хойш он дуусах хүртэлх тэмцээн, уралдааны зардлыг “Токио олимп” сан хариуцлаа. 2020 онд ч бид боломжийн хэмжээний хөрөнгийг төсөвт суулгасан. Одоо тамирчдын олимпийн эрх авах тэмцээнүүд үргэлжилнэ. Чамгүй хэдэн эрх авсан ч цаашид нэмэх боломжтой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь улсын шигшээ багууд чиглэл чиглэлээрээ удирдлага менежмэнтээ сайжруулах нь чухал. Өмнөх жилүүдийг харахад санхүүгийн хувьд маш замбараагүй, тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдаа нөхцөл бололцоогоор бүрэн хангадаггүй байсан гэх зэрэг шүүмжлэлтэй зүйлүүд байсан. Иймд спортын холбоодод анхааруулга өгсөн. Мөнгө төгрөг нь хангалттай байна, маш сайн зохион байгуулалттай тэмцээн уралдаандаа ор, дасгалжуулагч, тамирчдаа сайн дэмж, олимпийн эрхүүдээ сайн ав гэх анхааруулга, мэдэгдлийг хүргүүлсэн. Одоо тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодоос бүх зүйл шалтгаална.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *