Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (EPA) хэрэгжилтэд анхаарч, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, нэн ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг тэлэх, түүний дотор Япон дахь Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Тэрээр мөн 2022 онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх саналтай байгаагаа мэдэгдлээ.