Categories
мэдээ нийгэм

Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөгөөний дагуу хангагдаж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөсөн дагуу хангагдаж байгаа гэж ойлголоо. Холбогдох газрууд цаашид ажлаа сайтар уялдуулж ажиллаарай” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар дахин мэдээ мэдээллээ нэгтгэн танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *