Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан 11.05 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй тул хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.

Хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. Тодруулбал, хуулийн төслийн хүний эрхийг хамгаалах тэр дундаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалтуудыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа дурдсан юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар уг асуудлыг заавал хойшлуулах шаардлагагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийн үеэр нарийвчлан хэлэлцэх боломжтой гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү чуулганаар Усны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *