Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуайнх

Цас хялмаалж хоножээ. Амралтын өдрийн өглөө идэр есийн жавар тачигнаж хацар хайрах ч агаар тунгалаг юм.

Монголын зохиолчдын эвлэлийн 91 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож буй. Бид ахмад үеийн төлөөлөл төрийн шагналт , зохиолч Далхаагийн Норов гуайнд өнжлөө. Норов гуай аравдугаар хороололд байрлах есөн давхар цэнхэр байрны нэг өрөө сууцанд эхнэртэйгээ амьдарч байна.

Гэрийн хаалгаар ороход л урд хананд байрлах номын сан нүдэнд туслаа. Дэлхийн сонгодог зохиолуудаас авахуулаад Монголын үе үеийн шилдэг уран бүтээлчдийн зохиолын дээжис энд байна.

Гэр бүлийн хамт 1980-аад он.

Биднийг очих сургаар хоол зэхжээ. “Жаргалын булаг”, “Хөх туульс”, “Хөх тавилан”, “Сэрвэгэр хадны зэрэглээ” зэрэг шилдэг бүтээлүүд туурвисан үргэлжилсэн үгийн зохиолчдын том төлөөлөл болсон эрхмийн сонирхолтой үүх түүхийг өөрийнх нь амнаас сонсох болсондоо сэтгэл тэнэгэр зоогийн ширээний ард тухаллаа.

Норов гуайн нас сүүдэр хэдийнэ 70 гарсан ч зохиол бүтээлээ туурвиж л явна. Бидний очихын өмнөхөн л Зохиолчдын эвлэлийн 91 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд “Хэрээний нүд”-өгүүллэгээ сойсон нь өнгөлжээ.

“Би Говь-Алтайн Бугат сумын хүн. Аав, ээж маань малчин удмын улс. Аавын талынхан олон үеийн уран дархчууд, анчид байснаас баян түшмэл, тайж язгууртан байгаагүй. Манай аав Далхаа цэрэгт мордоод, дөчин таван оны Чөлөөлөх дайнд явж Жэхэ хот ороод ирж байсан хүн. Ирэхдээ хоёр бөөр нь буудуулчихсан юм шиг цоорхой, ус гоожсон юм л ирж байсан гэдэг. Малын санитарын зургаан сарын курст суугаад цэргийн хорооны мал эмнэлгийн цэргээр явсан юм билээ. Идэш, унааны малын эрүүл ахуйг хариуцдаг байж. Японы хордуулсан худгууд замд нь их тааралдах. Ямар ч даргынхаа тушаалаар юм бүү мэд, хортой ус ууж морь нь газар дээрээ үхээд, аав хордсон ч амьд гарч, хоёр бөөргүй болоод ирж байсан байгаа юм. Ямар азаар тэр аюултай хор нь гадагшаагаа цохиж амь аврагдсан юм бэ дээ. Сумаар нэвт буудуулчихсан юм шиг сорвитой байдаг байсан. Аав харин хожим “Бөөр өвдөөд” гэж дуугарч байгаагүй, Манайхан чинь эцэг эхээс арван хоёруулаа. Аав минь арван хоёр хүүхдээ хулгай хийхээс бусдыг хийж л хүн болгосон доо. Би чинь зулай дээрээ гишгэж төрсөн нэг эгчтэй, дороо арван дүүтэй хүн” гэв. Норов гуайг уран зохиолд татагдахад нутаг усны хүмүүсийнх нь харилцаа нөлөөлсөн гэнэ.

Баруун гар талаас багш Д.Сүръяа

“Аравхан настай байхдаа дунд сургуулиас гарсан надад нутгийн ардын дуулдаг дуу, хонины бэлчээрт уулзаж учрахдаа ярьдаг үгс л зохиолч болоход нөлөөлсөн байдаг юм. Нагац ах Хамуутын маань үдэш орой ярьж өгдөг үлгэр, аав, ах нарын ярьсан газар усны түүх домог нөлөөлсөн” гэж байна.

Тэрбээр хүүхэд ахуйдаа Зөвлөлтийн зохиолч Афанасовын “Алтан одны эзэд” гэдэг том номыг амтархаж уншдаг байжээ. Гол дүрийн хоёр баатар Ирина, Ира гэдэг хоёр бүсгүйд дурлаж уншдаг байсан талаараа ярилаа.

Аав Ү.Далхаа ээж М.Бааст нар

“Халхын голын байлдаанд биечлэн оролцож явсан зохиолч Константин Симоновын “Зэвсэг нэгт ахан дүүс”-ийг цуврал гурван романтай нь, И.В.Сталины арван хэдэн ботийг уншиж л хүн болсон. Одоотой адилхан өөр унших юм байсан биш. Манай нутгийнхан чинь ярихдаа дандаа үлгэрлэж, адилтгаж ярьдаг учраас хийсвэр сэтгэлгээ сайн хөгждөг байж. “Өлсөхөд өл бугын эвэр зөөлөн, Цадахад цагаан хурганы сүүл хатуу” гэж цамаан зантай хүнийг зүйрлэж хэлдэг байж, “Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг” гэж хүүхдүүдийнхээ айдсыг үргээдэг байсан юм. “Ууланд адуу үргэхэд, талд илжиг үргэв” гэж бусдыг дуурайдаг улсыг хэлж байх жишээтэй. Энэ бүхэн чинь л надад сургууль болж байж дээ” гэв.

Норов гуай Анагаахын дунд сургуульд элсэж төгсөөд Шарга суманд бага эмчээр ажиллаж байхдаа “Наранбулаг” өгүүллэгээ хэвлэлд нийтлүүлж байжээ. Залуучуудын сонингоос өөрийн өгүүллээ харчихаад баярлаж байсан талаараа хэлж байна.

“Яаж зохиолч болох вэ гэж бодож явснаас биш яаж эмч болох вэ гэж бодож явсангүй ээ. Авга ахынхаа тусламжтайгаар долоогийн гэрчилгээ аваад л Анагаахын дунд сургуульд орсон. Эмнэлгийн ажлаас холдох гээд аймгийн сонинд гурван сар хэртэй ажилласан даа. Аймгийн намын хороо дуудаад болдоггүй. Ингээд л Анагаахдаа ажиллаж байгаад багш болсон” гэв.

Түүнчлэн хотод хоёр хавтас дүүрэн өгүүлэл сугавчилж орж ирээд уран зохиолоор өвчилсөн нөхдөдөө уншиж өгч байсан талаараа дурсав.

“Би анх ирэхдээ төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайтай уулзах гэж том, бага хоёр шил “Бигэр” дарстай ажлынх нь жижүүр дээр гурав хоног хүлээгээд ирэхгүй болохоор гэрийнх нь утсаар ярьж байгаад очиж билээ. Сэнгийн Эрдэнэ баавайтай хамт сууж байна. Гайтав гуайн “Дайн энх” номын шагнал буугаад тэд хоёр гурав хонож байгаа юм байх. Би Дамдины Жамьянтайгаа очсон юм. Шүлгээ ч уншлаа. Эрдэнэ гуай нэг их тоосон юм алга. Гайтав гуай “Залуучууд та нар архи битгий уу. Архичин Гайтав хэллээ гэж бодно уу, өөрсдөө мэдэцгээ” гэж байна.

Норов гуайн гэргий Д.Гүндэгмаа мөн эрдэм номын хүн ажээ. Нас өндөр гарсан ч ном уншаад л сууж байна лээ. Тэд Анагаахын сургуульд багшилж байхдаа нөхөрлөж гэр бүл болжээ.

Орос хэлний багш тэрбээр насаараа эрдэм шинжилгээний ажил хийж, докторын зэрэг хамгаалжээ. Албан бус боловсролыг Монголд анхнаас нь л онолын хувьд ч, амьдрал дээр ч хэрэгжүүлэх ажил хийжээ. Эднийх хоёр хүүтэй. Ууган хүү Эрдэнэ нь нанотехнологийн инженерийн мэргэжил эзэмшжээ. Сөүлд докторын зэрэг хамгаалсан байна. Бага хүү Дэлгэр ээжтэйгээ ижилхэн орос хэлний багшийн мэргэжилтэй. Норов гуайнх дөрвөн ч ачтай гэнэ. Удахгүй тав болно гэж буурлууд хэлж байна.

Бугатын гурван зохиолч. Баруун гар талаас СГЗ З.Гүнсэн, Д.Жамъян нарын хамт

Л.Түдэв гуай “Зохиолч хүний уран бүтээлийн тогооноос уншигчид шанаганыхаа хэрээр хутгаж авдаг юм. Тогоонд чинь юу байна даа” гэж асуусныг нь мартдаггүй юм.

Би Москва явах боллоо. Гэтэл “Үнэн” сонины эрхлэгч Л.Түдэв гуай өрөөндөө дуудуулж байна. Яваад ороход том оо урт ширээний ард сууж байна. Нэг талд нь сонин овоолчихож, нөгөө талд олон ном өрчихөж. “Би Москва руу хоёр хүнд өчүүхэн ачаа дайх гэсэн юм” гээд хоёр боодолтой юм өгч байна. Монголын уран зохиол судалсан эрдэмтэн Людмилад дайж байсан юм билээ. Би ч өнөөхийг нь аваад гарахад “Намсрай та хоёрыг авьяастай л гэлцэх юм. Зохиолч хүний уран бүтээлийн тогооноос уншигчид шанаганыхаа хэрээр хутгаж авдаг юм. Та хоёрын тогоонд юу байна даа” гэж асуухад нь хэлэх үг олдолгүй гарч билээ. Үүнийг мартдаггүй юм. Тухайн үед ч юу билээ л гэж бодож байсан. Одоо ч шанага хоосон буцахааргүй болжээ” гэж өвгөн зохиолч дурсаж байлаа. Ажлынхаа шугамаар Норов гуай хөрш улсууд руу олон явжээ. Оросын нэрт зохиолч Валентин Распутинтэй Москвад уулзаж ярьж байсан удаа түүнд бий гэнэ.

Зохиочдын эвлэлийн шагналыг 1990 онд авчихаад л сая нэг зохиолч боллоо гэж өөртөө итгэж байж. Сүүлд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал аваад гайгүй бүтээл туурвих чадамжтай хүн хэмээн үнэлэгдлээ гэж хүлээж авчээ. Харин төрийн шагнал аваад л гайгүй зохиолчдын тоонд орлоо гэж өөрийгөө тоосон талаараа ярьж байв.

Монголын Үндэсний олон нийтийн телевизэд 25 жил ажилласан Норов гуайн “Босго тотго” хэмээх түүхэн кино нь олны талархлыг хүлээсэн байдаг.

“Манай нутаг Бугат хилийн сум. Миний мэдээ орсон цагаас л “Хасаг ирнэ шүү” гэж айлгадаг байлаа. Хасагаас нь биш, дээрэмчдээс нь айж байгаа хэрэг. Хүн малыг нь алаад л хүүхдийг нь аваад явчихдаг байсан тухай ахмадууд ярьдаг байсан. Миний элэнц эхийг 11 настай байхад нь дүүтэй нь цуг Хасагийн дээрэмчид аваад явчихсан юм билээ. Манай хөгшин ээж Гуанжу руу аваад явсан гэж ярьдаг байсан нь санагддаг юм. Тэр нь өнөөдрийн БНХАУ-ын Гуанжу хот юм билээ. Тэнд элэнц маань хасагийн хүүхдүүдтэйгээ танилцаад тэмээ хариулна. Ингэж явахдаа нуугдалцаж тоглодог байсан гэнэ лээ. Нуугдалцаж байхдаа ааруул идээ нууж хүнсээ бэлтгэж байгаад л нэг нуугдахдаа зугтчихсан байгаа юм. Жил орчмын дараа л хоёр хөлийн тавагных нь арьс хуулраад ясаараа гишгээд ирж байсан гэнэ лээ. Энэ мэт жишээ манай нутагт олон. Ерөнхий сайд П.Жасрай гуайн багад нь хасагууд ирж гэрийг нь дээрэмдсэн гэдэг. Тухайн үед аав нь Жасрай гуайг хураасан бараан дунд нуугаад амьд авч гарсан байдаг. Ийм учраас би хил гэдэг зүйлийг мэдээ орсон цагаасаа л мэдэрсэн. Хилийн чанартай бүтээл туурвихад надад ойр байдаг юм” хэмээн хуучлав.

Норов гуайн олны таашаалд хүрсэн өөр нэг бүтээл бол “Тэжээвэр” тууж. “Тэжээвэр” туужийг геологичдын тухай зохиолын уралдаанд зориулж туурвижээ. Геологичидтой уулзаж, судалсаар зохиогч гол дүр болох Гөлгөөгийн дүрийг босгожээ. Тус бүтээл “Цох” сэтгүүлд хэвлэгдсэний дараа уншигчид зохиогч руу хандаж Гөлгөөг асууж сураглаж байсан талаар ч Норов гуай дурслаа.

“Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл л дээ. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа” хэмээв.

Өвгөн зохиолчийн гэр бүлийн хүний бие нь чилээрхэж жил орчмын хугацаанд кино зохиолоосоо түр завсарлага аваад байгаа ажээ. Сүүлийн үед эхнэрийнх нь бие тэнхэрч байгаад Норов гуай сэтгэл өндөр байна лээ. Удахгүй шинэ зохиол бүтээлээрээ ард олондоо бэлэг барих талаар хэлж байна.

“Зохиолч хүн утга зохиол судлал руу орох хэрэггүй юм шиг. Судлал гэдэг зүгээр л баримт. Баримтан дээр ажилладаг хүн болчихдог юм шиг. Намайг хүртэл их сургуульд эрдмийн хүн болгох гэж их үзсэн. Зохиолч гэдэг чинь жинхэнэ цэцэглэж, хөөрч бадарч байж уран бүтээл туурвидаг. Уртын дуучин хүнийг богино дуу дуулахыг хориглодог байсан. Хоолой, сэтгэхүй, амьсгаа гурав эвдэрдэг. Үүнтэй адил зохиол оролддог хүн утга зохиол судлалаар оролдоод дэмий санагддаг” гэж шинэ үеийн зохиолчдын талаар ярилаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *