Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 оныхоо төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг шинэ он гарахаас 13 хоногийн өмнө бүрэн биелүүлж, 2020 оны ажилдаа шамдан ороод байна. Эрдэнэсийн тээвэрчид цехийнхээ өртөг зардлыг 5.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, нэг тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 23 төгрөгөөр хямдруулсан амжилттай ажиллав. Түүнээс гадна үйлдвэрийн газрын зүгээс тус цехэд 17,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техникийн шинэчлэл хийсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтүүд хугацаанаас өмнө биелэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Амжилт, бүтээл арвин яваа Авто тээврийн цехийн хамт олон өчигдөр улирч буй оны ажлаа дүгнэн, шилдэг ажилтнуудаа тодруулан шинэ жилийн баяраа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэлээ. Тус цехийн “Шилдэг шинийг санаачлагч ажилтан”-аар белазын засварчин Э.Улаанхүү, “Шилдэг удирдах ажилтан”-аар бүтээмж, инновацын мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн шалгарсан бол “Шилдэг ажилтан”-аар экскаваторын машинч Б.Баттулга, механик Б.Содгэрэл, автобусны жолооч Х.Сандагдорж, Д.Болдбаатар, ачигчийн жолооч Д.Бямбасүрэн, белазын засварчин Ц.Пүрэвбат, О.Тэмүүжин, У.Энхбаясгалан, жолооч М.Бат-Эрдэнэ, М.Амарзаяа, сантехникийн засварчин Г.Сугарсүрэн, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин Б.Баттөр, манаач Ц.Цолмонтуяа нар тодров. Харин “Шилдэг хамт олон”-оор А.Батдорж даргатай Эрчим зүйн алба, “Шилдэг шинийг санаачлагч хамт олон”-оор Т.Баярбат даргатай Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийнхэн тодорч, шагналаа гардлаа.