Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд заллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр байршуулан залах ёслол үйлдлээ.

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 35 заалтыг хөндсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчлон баталгаажууллаа

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг өнгөрөгч даваа гарагт (2019.11.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу өнөөдөр (2019.11.26) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулж, Төрийн тамга дарах ёслолын үйл ажиллагааг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр хийснээрээ онцлогтой юм.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх асуудлыг Монголын ард түмэн, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төслийг өргөн барьж байсан. Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлт дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр, улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах энэ олон нийтийн зүгээс эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ. Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.

Төсөл өргөн барихад УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нарын зэрэг хүмүүс байлцлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төслийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу товч танилцуулга хийсэн юм. Танилцуулгыг толилуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!

Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Төрийн тэргүүн Танаа өргөн барьж, танилцуулж байна.

Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ.

Үндсэн хууль нь үндэсний зөвшилцлийн дээд баримт бичиг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зөвшилцлийг ханган явуулахын тулд Улсын Их Хурал хууль тогтоох дээд байгууллагын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажиллав.

Иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, түүний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч Таны болон парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд үндсэндээ давхцаж байлаа. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна.

Энэ дашрамд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, хэлэлцүүлэх, зөвшилцөх ажлын хэсгийг ахлан ажилласан Танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Эрхэм Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.

Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд:

-Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах;

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох;

-Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах;

-Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох;

-Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх;

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;

– Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно.

Ерөнхийлөгч Таны өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ, хязгаарыг тодорхой болгох, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зэрэг асуудал энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг улам гүнзгийрүүлэн баяжуулсан болохыг онцгойлон тэмдэглэж байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн дорвитой шинэчлэл хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 27 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна.

Тиймээс Монгол Улсын Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Эрхэм Ерөнхийлөгч Таныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулна гэдэгт итгэж байна.

Танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *