ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр Вашингтон хотноо болж буй Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтад оролцох үеэрээ Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Стилвэллтэй уулзаж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцлаа.
Манай тал ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарахтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд айлын тал тус байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн хоёр тал Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохиролцож, мөн үеэр Туслах ТНБД Д.Стилвэлл Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгчийн орлогч А.Вон-той уулзаж, бүс нутаг, түүний дотор Солонгосын хойг дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Талууд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
Эдгээр уулзалтад Элчин сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, Төрийн департамент, ЭСЯ-ны ажилтнууд байлцав.