Categories
мэдээ цаг-үе

С.Гэрэлмаа: Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахын тулд сум, дүүргийн өрхийн эмнэлэгт эхэлж хандана


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.

-Долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг үнэ төлбөргүй авахаар боллоо. Ер нь хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд иргэд хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ одоо эхэлж байгаа ажил биш. 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч 2019 онд 79800 иргэн хамрагдсан. Энэ хамрагдсан иргэдээс насны бүлгээр авч үзвэл хамгийн өндөр үзүүлэлттэй нь 46-64 насны иргэд идэвхтэй сайн хамрагдсан. Түүн дотроо 46-гаас дээш насны эмэгтэйчүүд илүү хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээлэл гарч ирсэн. 18-44 насныхан хамрагдалт маш бага хувийг эзэлж байна. Зорилтот бүлгийн 79800 хүн хамрагдсанаас дөнгөж дөрөвхөн хувийг 18-44 насныхан эзэлсэн. Үр дүнд нь шинэ хавдрын тохиолдол 912 илэрчээ. Үүнээс умайн хүзүүний хорт хавдар 55, элэгний хорт хавдар 530, түрүү булчирхайн хавдар 216, уушгины хавдар хоёр, ходоодны 48, улаан хоолойн 58 гэх мэтчилэн шинэ хавдрын тохиолдол илрүүлсэн нь давуу тал л даа. Нөгөө талаасаа 18-44 насныхан эрт илрүүлэгт хамрагдахгүй байгаа нь идэвхгүй байгаагийн илрэл. Гэтэл эрүүл мэндийн салбар 18 нас хүрсэн л бол өөрсдийнхөө эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, эрт оношлуулж, эрт эмчлүүл гэдэг зорилтыг тавиад ажиллаж байна. Гэсэн ч иргэд маань үүнд идэвхтэй хамрагддаггүй. Тийм ч учраас 2019 оны аравдугаар сард хуульчилж өгсөн.

-Насны хувьд ангилсан байдаг. 18 нас хүрсэн л бол хавдрын эрт илрүүлэгт заавал хамрагдах ёстой гэсэн үг үү?

-30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд орсон байх ёстой. 40-өөс дээш насны иргэд хүйс харгалзахгүй элэгний В, С вирусийн шинжилгээнд орно. Мөн элэгний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд жилд 1-2 удаа орох ёстой. Ходоод болон улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэгт жилд нэг удаа, 50-иас дээш насны иргэд хүйс харгалзахгүй жилд нэг удаа уушгины хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд орно. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар илрүүлэх шинжилгээнд хоёр жилд нэг удаа орно гээд заачихсан. Түүнээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаал дээр эрүүл мэндийн даатгалаа төлсөн, 18 нас хүрсэн хүн бүр дээрх үзлэг шинжилгээнд орох бүрэн боломжтой.

-Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг хаана өгөх вэ. Орон нутгийнхан заавал хот руу орж ирэхгүй аймаг, сумандаа шинжилгээ өгч болох уу?

-Зөвхөн төрийн байгууллага гэхгүй магадлан итгэмжлэгдсэн төр хувийн хэвшил нийлсэн 150 байгууллага урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийх эрхтэй гэж үзэж байгаа. Гагцхүү иргэд маань эхлээд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд регистрийн дугаараар бүртгүүлэн үзүүлнэ. Тухайн хүний нас, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалаад дараагийн шат руу илгээж байгаа. Илгээнгүүтээ тухайн хүн хавдрын эрт илрүүлэгт орсны дараагаар шинжилгээний хариугаа аваад өрхийн эмнэлэг дээрээ ирээд хянагдана. Хянагдаад дараа жил нь та яах вэ гэдэг асуудлыг уялдаа холбоотой хийж байгаа энэхүү асуудлыг иргэд ойлгож хүлээж аваасай. Иргэд ихэвчлэн өрх, сум, тосгоныхоо эрүүл мэндийн төвийг үл ойшоодог. Эд нарт үзүүлж байснаас шууд гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлнэ гэдэг асуудлыг цэгцлэх, нэг тогтолцоонд оруулах гэж хорт хавдрын эрт илрүүлгийн сайдын тушаал гараад хуульчилж өгсөн учиртай. Жишээлбэл, Орхон аймгийн Онош лаборатори, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөтөл сумын сум дундын нэгдсэн эмнэлэг, Айлфа гэрэл ХК-ийн Гэрэл лаборатори, Сэлэнгэ аймгийн Ханжи-Оч лаборатори гээд тухайн шинжилгээг хийх чадвартай магадлан итгэмжлэгдсэн лабораториудад хийгдэж байгаа. Энэ лабораторийнхоо хариуг аваад тухайн хүн маань өрх, сумынхаа эрүүл мэндийн төв дээр очоод хүлээгдэлгүйгээр явуулах зорилготой. Өмнө нь ганцхан төрийн эмнэлэг хийгээд мөнгөө төлдөг байсан бол эрүүл мэндийн даатгалаар үүнийг зохицуулах боломжтой болсон.

-Хорт хавдрын үзлэг оношилгооны тоног төхөөрөмжүүд хангалттай сайн бий юү?

-2020 онд хавдрын оношилгооны тоног төхөөрөмжийн төсөв суугдсан. Гэхдээ энэ шинэ ажил биш. Өмнө нь хийгдэж байсан ажлын тогтолцоог хуульчилж өгч байгаагаараа л онцлог. Бүх аймаг дүүрэгт хорт хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээ явагдаж байгаа. Ходоодны дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран гээд бүх төрлийн шинжилгээг авна. Гагцхүү хуучирсан тоног төхөөрөмж, огт хэрэглэх боломжгүй тоног төхөөрөмжийг шинэчлэх үйл ажиллагааг тусгаад явж байна. Дөнгөж эхэлж байгаа ажил маань алдаа оноотой боловч үүнийг эхлүүлснээр бусад хөгжиж буй орнууд шиг тогтолцоог нь бүрдүүлээд өвчтөн, эрүүл хүмүүсийг холихгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийнх нь эрүүл мөртлөө эрт илрүүлэгт орно, тэнд өвчтэй хүмүүс үзүүлнэ гээд өвчтэй болон эрүүл хүмүүсийг холихгүй байх тогтолцоо бий болгох гээд л явж байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаад хавдар илэрсэн тохиолдолд эмчилгээг хэрхэн хийх вэ?

-Эмчилгээг лавлагаа шат руу явуулна. Өрхийн эмнэлэг мэдээж хийж чадахгүй шүү дээ. Зөвхөн оношийг илрүүлэх үүрэгтэй. Жишээ ярья. Умайн хүзүүний хорт хавдрын нэг, хоёрдугаар шатанд яваа хүн эмчлүүлээд эдгэрэх хүртлээ лавлагаа шатаар явна. Лавлагаа шат буюу хоёр, гуравдугаар шатлалаар эмчлүүлнэ. Түүний дараа тухайн хүн өрх, сумын эмнэлэгтээ хяналтад орно. Тухайн хавдрын шинжилгээ жил бүр хийгддэгээрээ хийгдэнэ. Хавдраар нэгэнт өвдчихсөн тохиолдолд гурван жилд нэг удаа биш. Тухайн өвчтөн лавлагаа шатныхан хэр хугацаа өгөх вэ, тухайн өвчний явцаас хамаараад гурван сард нэг удаа, зургаан сард нэг удаа шинжилгээгээ өгнө. Хянах, хөнгөвчлөх, гэрээр эмчилгээ хийх ажлыг өрх, сумын эрүүл мэндийн төв дээр тусгаж өгсөн байгаа. Тухайн өвчтөний өвчлөлийн үе шат өөр бол лавлагаа шат эмчилгээ хийгээд буцаад өрх, дүүрэгтээ хяналтад орох үйл ажиллагаа хэрэгжиж байгаагаараа онцлог. Манай иргэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөө алгасаад шууд гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлэх сонирхолтой. Үүнээс нь болоод гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал ихсээд байгаа. Тухайн хүн эрт илрүүлэгт ороод эрүүл гэдгээ оношлуулсан бол “Та амьдралын хэв маягаа өөрчлөөд архиа багасгах, элэгний В, С вирус чинь ийм байна, зөв хоолло” гэх мэт зөвлөгөөгөө аваад хяналтдаа орох нь тухайн хүний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд орсон хамгийн гол ач холбогдол нь юм. Гэтэл иргэд тухайн өвчин хүндрээд, бие нь шарлах ч юмуу, даралт нь унаад, маш их зовуурьтай хамгийн хүнд шатандаа орсон үедээ л эмнэлэгт ханддаг. Үүнээс л сэргийлж урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог зохион байгуулж байгаа нэг шинэ хэлбэр гэж ойлгож болно.

-Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 18-34 насныхан идэвхтэй хамрагдах ёстой гэсэн үг үү?

-18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш гэсэн товлол гаргасан. Насны ангиллыг хараад “Би хоцорчихсон юм байна” гэдэг зүйл байхгүй. Иргэдэд нэг ташаа ойлголт байна. Тэтгэврийнхэн гэхээр 65-аас дээш настайд орно гэдэг. Хэнийг ч ялгаварлан гадуурхаагүйгээр энэ насны ангиллыг тогтоосон. 18 насанд хүрсэн хэн ч бай та энэ үзлэг шинжилгээнд орох ёстой. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн л бол энэ үйлчилгээг авах эрх үүсчихсэн байгаа. Заавал товлол гэлтгүй хэзээ ч үзүүлж болно. Хамгийн гол нь эрүүл өвчтэй хүнийг холихгүй эрт илрүүлгийн амбулаторийг бий болгох тогтолцоог үүсгэхийг зорьж байна.

-Хорт хавдрын эрт илрүүлгийн хамгийн гол ач холбогдол нь хүндрэхээс нь өмнө эмчлэх. Хорт хавдар эрт илэрвэл эдгэрэх бүрэн боломжтой гэж ойлгоод байгаа. Зөв үү?

-Эрт оношлох, илрүүлэх, эмчлэх, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх, цаг хугацаа алдахгүй гэсэн маш олон давуу тал бий болно. Жишээ нь, хорт хавдар өнөөдөр үүсээд маргааш шинж тэмдэг нь илэрдэг өвчин биш. Нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо л тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг. Гэтэл түүнийг нь хүмүүс тоодоггүй. Ялангуяа эрэгтэйчүүд “Аа иймэрхүү өвдөлтийг даагаад гарна. Энэ зэргийн өвдөлт юу ч биш” гэж явсаар байгаад тухайн хавдрын хэмжээг ихэсгээд байдаг. Гэтэл тэр 0.5 см-ээс өмнөх үед нь тухайн шатанд нь буюу нэг, хоёрдугаар шатанд хөнгөн хэлбэрийн эмчилгээнд ороод эдийн засгийн ч хямралд орохгүй, цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх бүрэн боломжтой. Харин гурав, дөрөвдүгээр шатанд зөвхөн хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг. Хичнээн их мөнгө дал наян саяар нь зарсан ч тухайн хавдрыг ялан дийлэх боломж хүндэрсэн тохиолдолд байхгүй. Нэг, хоёрдугаар шатандаа яваа хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмчийн хяналтад яваад эмчлүүлээд байх боломжтой. Энэ боломжоо иргэд маань алдаад байна. Тиймээс энэ боломжоо алдахгүй байх, энэ боломжийг ихэсгэх үүднээс эрт илрүүлэгт заавал хамрагдах ёстой. Иргэд маань энэ боломжоо бүү алдаасай, гэр бүлийнхэндээ, хамт олондоо анхаарал тавиасай гэдэг үүднээс уг товлолыг гаргаж ирснээрээ маш их ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *