Шинэ он гарлаа. Ард түмний ааш аяг, хандлага чигийг анзаарах нь ээ шинэ эргэлт, шинэ сонголтын жил болохоор байна. Иргэд өмнөх шиг популист улстөрчдийг дагаж хуйлрахаа больчихож. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад явааг ялгаж салгаж эхэлсэн зураг харагдаж байна. Олзуурхахаар өнцөг мөнөөсөө мөн. Амьдралд нь нэмэртэй зүйл ярьж, хэрэгтэй шийдэл хайж зүтгэж яваа улстөрчдийн үгийг тогтож сонсдог хүний тоо сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдэж байгаа. Наад зах нь л өмнө нь уул уурхай гэхээр үзэж чаддаггүй байсан нийт олонх одоо уул уурхайгаас ихэнх доллараа олдог, доллар олох хэрээр төгрөгийн ханш сулардаггүй, авдаг хэдээрээ амьдралаа дажгүй аваад явах бололцоотой гэдгийг олооод харчихаж. Товчхондоо уул уурхайгүй бол хэцүүднэ гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг болжээ.
Төдийгөөс өдий хүртэл орон нутгийн иргэд уул уурхайг хориглож, тэмцэж, хаахыг шаардсаар ирсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Дахин онцлоход энэ байдал өөрчлөгдөж байна. Уурхайтай газар амьдрал буцалж, амьжиргаа дээшилж, уурхай дагаад үйлдвэрлэл хөгждөг гэдгийг мэдэрчихээр аргагүй л дээ. Уул уурхай гэхээр уурхай ажиллуулах төдий ажил биш болохыг олонхоороо олоод харчихна гэдэг том олзуурхал. Олборлолт явуулж байгаа уурхайг дагаад шатахуун, ариун цэврийн цаас нийлүүлдэг компанийн бизнес цэцэглэж, ажлын хувцас, хүрз жоотуунаас эхлээд цемент, тоосго гээд өчнөөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгждөгийг мэдэхтэйгээ болоод байна, нийт олноороо. Байгалийн баялгийнхаа ашиг шимийг хүртэж буй аймгууд нүдэн дээр нь хөгжиж цэцэглээд байхад арга ч үгүй биз. Шуудхан хэлэхэд өнөөдөр уул уурхайгаас өөр гялайж, гялтайж байгаа зүйл үнэндээ алга.
Мэдээж уул уурхай бол эдийн засаг тэлэх суурь. Уул уурхайгаас олох мөнгөөр бусад салбараа өндийлгөөд ирвэл Монголын эдийн засаг дороо тэлээд ирнэ. Энэ онд болон ирэх жилүүдэд цөөнгүй сайн мэдээ биднийг хүлээж байгаа. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй нефтийн үйлдвэр 2021 оноос ашиглалтад орно. Таван толгойн нүүрсний ордоос Улаанбаатар руу метан хий нийлүүлээд эхлэх байх. Нүүрсний давхаргын метан хий нийслэлийнхний гэрийг дулаацуулаад эхэлбэл агаарын бохирдол асуудал биш болно. Одоогоор манай улс Австралийн компанитай хамтарч Таван толгойн орд дээр метан хийн нарийвчилсан судалгаа хийж байгаа. Амжилттай болбол нийслэлчүүдийг хийгээр хангахаас гадна урд хөрш рүү экспортолж доллар олох ч боломж бий.
Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Түрүү жилийн сүүлээр гэхэд л үйлдвэрлэлийн хоёрдугаар босоо ам нь ашиглалтад орчихсон. Хүнээр бол уушги нь ажиллаад эхэлчихлээ гэж учир мэдэх улс олзуурхаж байна лээ. Нээрээ л тийм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өнөө жил амжилттай үргэлжилж таарна. Оюу толгойн ордын нийт баялаг, өгөөжийн 80 хувийг агуулж буй гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах хугацааг 2022 он хавьцаа гэж товлож буй. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орчихвол төсөвт орох өгөөж нь эрс дээшлээд ирнэ. Дагаад эдийн засагт үзүүлэх дам нөлөө нь ч огцом өснө. Өнөө ч эдийн засгийн хөдөлгөгч хүч болж яваа Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх тэр цагт монголчууд энэ төслийн үр өгөөжийг илүү тодоор мэдэрнэ. Тэр хэрээр уул уурхайг адлах иргэдийн хандлага зөөлөрнө, хайгуул, олборлолтыг эсэргүүцэн жагсдаг элдэв цуглааны тоо цөөрнө. Уул уурхайг эсэргүүцэж попроод л УИХ-ын гишүүн болдог зөвхөн Монголд л байдаг гайхмаар үзэгдэл домог болно. Уул уурхайн хувьд нэмж хэлэхэд хариуцлагагүй ажиллаж яваа жижиг уурхайнуудад төр төмөр нүүрээ харуулж, хариуцлагатай, эдийн засагт өгөөжөө өгсөн төсөл хэрэгжүүлж яваа компаниудаа дэмжээд дэмнээд явчихад л улсаараа дажгүй амьдрах асуудал биш.
Хайгуулын салбараа хааж боосон бодлого хэрэгжиж байгаа ч одоо хэрэгжиж яваа цөөн сайн төсөл бий. Оюу толгойн дараа жагсахуйц том орд нээх амбицтай “Кинкора”-гийн төсөл байна. Алт, зэсний дажгүй орд нээх ажил нь энэ жил ч үргэлжилнэ. Баянхонгор аймаг дахь Баян хөндийн алтны гэж ирээд яривал цөөн ч гэлээ хайгуулын төсөл хэрэгжиж байгаа нь эдийн засгийн гялтайх мэдээнүүдийн нэгд зүй ёсоор багтана.
Таван толгой компанийг IPO-г дурдахгүй өнгөрч болохгүй. Компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг Олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж хөрөнгө босгоно гэсэн зорилгыг Засгийн газар өмнөө тавиад багагүй хугацаа өнгөрч байна. 1.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөгөөтэй IPO амжилттай болно гэж албаныхан тодотгож байгаа. Энэ оны хоёрдугаар сар гэхэд IPO хийх бэлтгэл ажил хангагдаж, дөрөвдүгээр сард багтаан хувьцааг нь гаргах юм билээ. IPO амжилттай болбол Монголын төрийн өмчийн оролцоотой анхны компани олон улсын зах зээлд гарна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд ч гадны зах зээлд нүүр бардам хөл тавьж эхэлцгээснийг энэ дашрамд онцолъё. “Монпеллетс” компани Европын холбооны “Эко фарм” шалгуурыг давж монгол хонины ноосоор органик био бордоо үйлдвэрлэн экспортлохоор болсон мэдээ оны өмнө хөвөрсөн. Хаягдсан ноосыг малчдаас авч шахмал үрлэн бордоо үйлдвэрлэдэг тэд 2022 он хүртэл ХБНГУ руу бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийж чаджээ.
Улс төрийн хувьд хуулиа дагадаг соёл бий болох гэрэл гэгээ ч хонгилын үзүүрт байна. 2020 оны сонгуулиар Монгол Улсын төлөөх хуулийг баталдаг шинэ үе гарч ирнэ байх. Элдэв попролт ч багасах биз. Учир нь иргэдийн сонголт өөрчлөгдөнө. Дохио зөн нь ч нийгэмд мэдрэгдээд эхэлсэн. Эрүүл саруулаар сонголт хийх иргэдийн тоо сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдсээр байгаа. Өнөө жил мэдрэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэх юм алга. Наад захын жишээ нь эрүүл, зөв хүмүүсийг УИХ-ын сонгуульд дэмжих зорилготой “Электорат” хөдөлгөөн байна. Нийгэм үгийг нь сонсдог элитүүд, сэхээтнүүд, олны танил эрхмүүд энэ хөдөлгөөний гишүүд. Тэд зөв хүмүүсийг дэмжиж нийгэмд нөлөөлөөд эхэлчихсэн. М.Энхсайхан, Баабар, Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчдийн санаачилсан “Сонгогчдын боловсрол” төрийн бус байгууллагынхан идэвхтэй ажиллаж байгаа. Ардчилсан нийгмийн үнэт зүйл, ардчиллаас ухарч популизмаар явсан улс орнуудын сүйрэл гэх мэт ухаан, сэхээ өгсөн цуврал лекцүүд нь олонд хүрээд удаж байна. За тэгээд “Уухай” хөдөлгөөний залуус энэ тэр гээд яривал сонгогчдын боловсрол, хандлага руу хандсан хүчтэй нөлөөлөл идэвхжиж байгаа. Олзуурхаж, алга ташихаар хандлага. Улсынхаа хөгжлийг гэсэн чин сэтгэлтэй залуу үе хүч түрж гарч ирсний наад захын тод жишээ нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс анзаарагдсан. Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд алсыг харсан, ихийг тунгаасан, олон улсын гэрээ конвенцид яв цав нийцсэн тун ч чамбай болсныг хэн ч хүлээн зөвшөөрнө. Хамгийн наад захын жишээ л гэхэд Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулах чухал өөрчлөлтийг хийж чадсан. Давхар дээлийг хязгаарлаж, Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой болголоо. УИХ-ын элдэв хандлага, поп улстөржилт Засгийн газарт том төслүүд хэрэгжүүлэх боломж олголгүй өнөөг хүрсэн нь нууц биш. Харин ирэх Засгийн газар бие дааж төсөл хэрэгжүүлэх чадамжтай болсон. Хүчтэй засагтай улс хөгждөг дэлхийн жишгээр алхах гэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн л өгөөж.
Шүүх засаглалыг тэгш, шударга байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг ч хийв. Сонгуулийн тухай хуулиар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь тогтоогдсон хүмүүс УИХ-д нэр дэвшихээргүй боллоо. Энэ нь төрд өндөр босго тавьсан чухал өөрчлөлт болов. Энэ бүхний дүнд бид хэдэнтэй урагш алхах нь дамжиггүй. Ер нь манайх шиг ардчилсан засаглалтай оронд сайн хууль гаргачихад л болчихдог юм аа. Цаашид ч энэ мэт хэд хэдэн сайн хууль гаргах хэрэгтэй байна. Авлигын хэргүүдийг хумьсан, тендерийн замбараагүй байдал, ар өврийн хаалгыг цэгцэлсэн хуулиудыг батлах нь чухал.
Улсын Их хурлын сонгуулийн дараагаар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нэг бус нэлээд хэдэн удаагийн сонголт хийж багагүй туршлага хуримтлуулсан бид мэргэн сонголт хийхийг зорих нь мэдээж. Намууд ч цаг үеэ мэдэрч зөв зүйтэй хүнээ нэр дэвшүүлж, соёлтой өрсөлдөөнийг харуулах биз. Ингээд харахад 2020 он бидэнд шинэ эргэлтийн жил болох нь ээ.