Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Санжаажавын Оюун

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Харанга” хамтлагийн таван уран бүтээлийн зохиогч нарт Төрийн шагнал хүртээсэн юм. Эдгээр таван уран бүтээлийн нэг болох “Үгүйлэн санана” дууны үгийг 30 гаруй жилийн тэртээ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун бичиж байсан нь ийнхүү ард түмний хайртай уран бүтээл болж мөнхжин, Төрийн шагнал хүртсэн билээ. Энэ эрхэм хүмүүний баярыг хуваалцаж, “Танай өнжье” буландаа урилаа. С.Оюун гуайд гурав хоногийн өмнө “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат утас цохиж Төрийн шагнал хүртэж байгааг дуулгасан аж.

“Хэтэрхий баяртай мэдээ хүлээж аваад эхэндээ итгээгүй. Тоглоод байгаа ч юм болов уу гэж бодсон” хэмээн тэрбээр ярив. Ингээд хэд хоног сэтгэл хөөрч, бас андуурсан юм биш байгаа хэмээн эргэлзэж байтал энэ сарын 28-ны орой Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж албан ёсоор мэдэгдсэн байна. Цэнхэр дээлээр гоёсон эрхэм яруу найрагч Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсны дараа шууд Монголын зохиолчдын эвлэл рүүгээ яарсан. Энэ гурван давхар хуучны цагаан байшин С.Оюун гуайн уран бүтээлийн амжилт ололттой салшгүй холбоотой. Тийм ч учраас яаран тэмүүлж, босгоос нь адис авч, хамт олонтойгоо хамгийн эхэнд баяраа хуваалцах нь зүйн хэрэг аж. Монголын зохиолчдын эвлэлийн удирдлага, гишүүд, уран бүтээлчид С.Оюун гуайг тосон авч, цэцгийн баглаа бэлэглэж, хэсэгтээ л хонь, хурга нийлсэн мэт болов. Хоёр давхар хүртэл эгнэн зогссон яруу найрагчид С.Оюун гуайг халуун дотноор тэврэн авч баяр хүргэн, зарим нь нулимс дуслуулж, дуу хуур болцгоолоо.

Тэрбээр хамгийн эхэнд Монголын зохиолчдын эвлэлийн хурлын заалны хойморт байрлах Сүхбаатарын одонт тугнаас адис авч хүндэтгэл үзүүлсэн юм. Хамт олон нь алд цагаан хадаг, мөнгөн аягатай барьж ерөөлийн сайхан үг хэллээ. С.Оюун гуай хамт олныхоо дунд орж ирээд улам ч хөөрч догдолжээ. Монголын утга зохиолын салбарт гурван эмэгтэй л Төрийн шагнал хүртсэн байдаг аж.

“Харанга” хамтлагийн анхны хит уран бүтээл “Үгүйлэн санана” дууг мэдэхгүй хүн гэж үгүй.

Санана даа чи намайг санана

Сар нарыг унтуулан сэрээж санана

Нартайд чи намайг санаж гандана

Сартайд чи намайг санаж бүдэрнэ… хэмээн 30 гаруй жилийн тэртээ бичсэн шүлгээр бүтсэн дуу ийн утга уянга төгөлдөр байж, он цагийн уртад шигшигдэн гялалзаж байна. Анх “Харанга”-ын Ц.Чулуунбат сонинд гарсан шүлгийг хараад, гэргий нь гадагш явсан үе таарсан байсан тул үгүйлэн санаж ая хийжээ. Энэ талаар С.Оюун “Би анх удаа эх орныхоо хилийн дээсийг даваад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан юм. Ингээд хол газар хилийн дээсэн дээгүүр хоёр сэтгэл дүүлэн бие биенээ хайна хэмээн бичиж байлаа. “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат миний шүлгийг сонин дээр гарсан байсныг хараад ая хийснийг бүр сүүлд сонссон. 1990-ээд оны үед чиний дуу хит болоод байна гэж хүмүүс хэлдэг байлаа. Би хит гэж юу байдгийг ч мэддэггүй байв. Тухайн үед тог их тасарна. Дээрээс нь зурагт байхгүй. Хаана, ямар дуу яваад байгааг огт мэдэхгүй байсан. Тэгээд бүр сүүлд олж сонссон доо.

Нэг удаа би циркийн араар явж байсан чинь “Харанга” хамтлаг “Үгүйлэн санана даа” гэсэн тоглолт хийж байсан. Тоглолтын зарлал гэрэлт самбар дээр гарчихсан. Миний дуу хит болоод байдаг. Чулуунбат намайг танихгүй. Ингээд сүүлд “Харанга” хамтлагийг зориуд сураглаж Варета чуулга дээр байхад нь очиж уулзсан. Энэ дууны үгийг би бичсэн юм гээд танилцаж байлаа. Соёлын төв өргөөнд тоглолтоо хийхдээ намайг тайзан дээр гаргаж “Үгүйлэн санана” дууны автор энэ хүн шүү гэж танилцуулж байсан” хэмээн хуучлав.

“Үгүйлэн санана” гэдэг нэрийг “Харанга” хамтлагийнхан өгчээ. С.Оюун “Энэ шүлгийг анх бичихдээ ямар ч нэр байхгүй. М.Г-д зориулав гэсэн байсан. Манай хорооныхон М.Г гэж хэн юм гэж асууна. Зохиолчдын хороон дээр ирсэн чинь Дашдооров гуай чи хэнд зориулсан юм бэ гэж асууж билээ. Тэгэхээр би “Өө та нар мэдэхгүй байна уу, Михайл Горбачев гэж байгаа байхгүй юу гээд инээд хөөр болж байсан. “Харанга”-ын хамгийн анхны хит дуу юм билээ. 1990-ээд онд урдаас ачаа зөөсөн ганзагын наймаачид энэ дууг хангинатал дуулна. Би сонсоод л, миний дуу гэлтэй нь биш. Тэр үеийнхний сүлд дуу болсон шүү. “Харанга” нэрийг олон түмэнд хүргэсэн дуу, миний залуу насыг хүргэсэн дуу юм. Миний бичсэн шүлгийг сонины тасархайгаас олоод дуу болгосон тэнгэрт мөргөж байна. Аав, ээждээ залбирч байна. Охиныгоо тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа” хэмээн дурслаа.

С.Оюун гуай хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон уран бүтээлийн эзэн билээ.

Наран наадавч харламгүй

Насны салхитай үсийг тань

Ариун гангын усаар угааж

Ачийг тань нэг хариулахсан… хэмээх мөртийг уншаад ямар дуу болохыг төвөггүй таах биз ээ. “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх энэ уран бүтээл Төрийн шагнал авна хэмээн олон хүн бэлгэшээж ярьж байсан гэдэг. Өнөөдөр “Үгүйлэн санана” дуугаар ийн биелэлээ олжээ. Дууны аялгууг бичсэн зохиолч Ц.Чинзориг Булган аймгийн Могод сумынх аж. Өөрөөр хэлбэл, С.Оюун гуайтай нэг нутаг ус юм. Хоёул хамт Могод сумынхаа хар нууранд багаасаа л тоглож өсчээ. Нэг удаа ижиигээ нэг л хүндлэхгүй байна, ойлгож ухааруулъя хэмээн бодож шүлэг бичиж “За чи дуу болговол болго” хэмээн өгсөн гэдэг.

Түүнчлэн, “Тань руу нүүж явна” уран сайхны киноны зохиолыг бичсэн хүн бол С.Оюун гуай юм. Уг зохиолд эх хүний сэтгэлийн нандин утсыг уран яруу хөндөж чадсан нь Монголын кино урлагийн салбарт мөнхрөх нэгэн бүтээл төрүүлсэн юм хэмээн хамт олон нь хэлсэн. С.Оюун “Нутгийнхаа илч, энергиэс л олж авсан сэдэв юм л даа. Булган аймгийн Могод сум сайхан айрагтай, хүмүүс нь зан сайтай. Манай хошууны ноён Бишрэлт гүн Сундуй гэж хүн байсан. Энэ үеэс эхлээд “За” ноёны сум гэдэг болсон. Үгүй гэж ерөөс хэлдэггүй. Аав, ээжийг залуухан байх үед өргөмөл ганц хүүтэй Тамзав гэж хөгшин байсан гэдэг. Ганц хүү Дарьсүрэн нь бүсгүйчүүдийн харц булаасан их сайхан залуу байсан гэж эгч нар ярина. Малын эмч хүүдээ Тамзав гуай суманд мотоцикль ирэхэд хамгийн түрүүнд авч өгчээ. Хүү нь мотоциклиороо хүн үзэх гэж яваад өөд болчихож. Энэ түүхийг сонсоод л би эх хүний сэтгэлийг харуулсан, зүрх шимшрэм сайхан кино хийх юмсан гэж бодсон. Тэгээд л хэнээс ч зөвшөөрөл авалгүй бичсэн” хэмээв. Тухайн үед “Энэ их шинэ сонин юм, ийм ахуйн сэдэвтэй кино манайд ер байхгүй болохоор зүгээр юм биш шүү” хэмээн шууд л дэмжиж арав хоногийн дотор төсвийг нь батлаад зураг авалтад орсон аж. С.Оюун гуай тухайн үед киногоо үзээд уйлаад л байсан гэдэг. Одоо бодоход хөгжим хүний сэтгэл зүйд айхавтар нөлөөлдөг юм билээ хэмээн дурсан ярьж байна. Хөгжмийг З.Хангал бичсэн юм.

Монголын зохиолчдын эвлэлийн дарга До.Цэнджав “Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг жилийн турш тэмдэглэж байна. Өнгөрсөн жил Б.Бааст гуайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн П.Бадарч гуай Төрийн шагнал хүртсэн. Өнөөдөр энэ сайхан өдөр С.Оюун Төрийн шагнал авсанд үнэхээр баяртай байна. Бараг 50 шахам жил яруу найраг бичсэн. Мөн олон сайхан зохиол бичиж байлаа. “Тань руу нүүж явна” киног монголчууд андахгүй. Тун сайн уран бүтээл болсон гэж үнэлэгддэг. Ээж хүний дотоод сэтгэлийг их нарийн харуулсан байдаг шүү дээ. Монголын утга зохиолд гурван эмэгтэй л төрийн шагнал хүртсэн байдаг юм. Эхнийх нь С.Удвал гэж агуу хүн байсан. “Их хувь заяа” романаар авсан. Мөн Э.Оюун “Ах дүү нар” жүжгээрээ авсан байдаг. Одоо С.Оюун “Үгүйлэн санана” дууны шүлгээр төрийн шагнал хүртлээ. Яруу найрагч гэж үгийн урлаг эзэмшсэн, олон түмнийг гийгүүлдэг, дотоод зүрх сэтгэлийг баясуулдаг ариун нандин хүмүүс байдаг. Яруу найргийн авьяас ховор шүү. С.Оюун гуай шагналаа аваад хороон дээрээ ирж босгоноос нь адис аваад орлоо. Хороогоо гэр минь гэж хэлдэг” хэмээн ярилаа.

Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Ганчимэг “Оюун эгчийг 1984 оноос хойш мэднэ. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хань ижил, үр хүүхэд, гэр бүлээрээ нөхөрлөж ирлээ. Яг жилийн өмнө эгч маань соёл судлалын доктор болж байлаа. Одоо төрийн шагнал хүртлээ. Бэлгэшээлтэй сайхан байна. Оюун эгч бол уйгагүй, тэвчээртэй, хөдөлмөрч хүн” хэмээн ярив. С.Оюун гуай төрийн шагналт зохиолч Зундуйн Доржтой ханилж байсан. Мөн Д.Нацагдоржийн шагналт нэрт яруу найрагч Д.Баянтунгалагийн хань нь гэдгийг хүмүүс мэднэ байх. Булганаас Д.Баянтунгалаг гуай баяр хөөртэй ярьж байна билээ. З.Дорж Монголын ард түмэнд хоногшсон “Эрдэнэ засгийн унага”, “Сүүтэй чулуу” роман, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын зүлэг”, “Ишиг гижигдэх зэрэглээ” зэрэг дуун уран бүтээлүүдээрээ 1993 онд төрийн шагнал авч байсан юм. С.Оюун гуай дөрвөн хүүхэдтэй. Тэднээс Мандахсан, Цэнгэнжав нар нь ирсэн байв. Сонирхуулахад, Мандахсанг Эрдэнэтэд суугаа багшийнхаа нэрээр нэрлэсэн байдаг. Хүүхдүүд нь ээжийнхээ тухай “Тархиндаа л эрдэм хийж ав. Үүнийг хэн ч чамаас булааж авч чадахгүй” хэмээн хэлдэг тухай ярьсан юм. Мөн “Биднийг ухаан ороход л өглөө сэрэхэд ажилдаа явчихсан, харанхуй шөнөөр орж ирдэг хүн байсан. Одоо ч хэвээрээ. Үүрээр 04:00 цагт сэрчихсэн нөүтбүүкэн дээр юмаа бичээд сууж байдаг. Ер нь зүгээр суудаггүй хүн” хэмээв.

С.Оюун гуай Монголын нийт ард түмэн, хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Өнөөдөр зохиолчдын хороондоо орж ирээд сууж байна. Монголын зохиолчдын байгууллага энэ байшинд орж байхыг би мэднэ. Сүхбаатарын одон авч байхыг би харж байлаа. Ийм түүхт байгууллагынхаа хамт олонд баярлаж явдаг. Манай удирдах зөвлөлийн гишүүд, уран бүтээлийн хамт олон ирсэнд сайхан байна. Би 1970 оны Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. 131 тоот үнэмлэх бий. Тухайн үед намайг нэг ч номгүй байхад энэ байгууллагад С.Удвал гэдэг агуу хүн намайг элсүүлж байлаа. Би хороон дээрээ ирээд Сүхбаатарын одонт тугнаас адис авлаа. Энэ хамт олон, байгууллага бол намайг Монголын ард түмэнд алдаршуулж, миний нэрийн хуудас болсон байгууллага юм. Тийм учраас хамт олондоо маш их баярлаж явдаг” хэмээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *