Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
NEAR холбооны байгууллага нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томоохон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж,аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ сарын 01-нээс 03-ны өдрүүдэд NEAR холбооны гишүүд Монгол Улсад айлчлал хийж, аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, мөн 2020 онд Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах зорилготой хүрэлцэн иржээ.
Уулзалтын эхэнд Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн парга Ким Уг Чэ Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах талаараа санал тавилаа. Мөн NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг танилцуулав.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нийгэм эдийн засагт гарч буй ахиц дэвшлийн талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэв.
Ирэх 2021 онд хоёр улсын Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Монгол Улс 1996 оноос эхлэн NEAR холбоотой түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа юм.