Парламентат ёсыг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
Энэ оны онцлууштай үйл явдлын нэг нь сүүлийн гурван их хурал дамжин хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан явдал юм. 11-р сарын 14-ны өдөр УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан нь түүхэн үйл явдал гарцаагүй мөн. Үндсэн хуулийг УИХ-ын 63 гишүүн 100 хувийн саналаар баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн бүх нийтээр даган мөрдөх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11-р сарын 27-ны өдөр ёсчлон баталсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, огцруулах, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлж, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох болсон зэрэг нь томоохон өөрчлөлт болсон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг баталгаажуулсан нь том амжилт юм.
ЖДҮ ба улстөрчид
Энэ жилийн хувьд томоохон шуугиан дэгдээсэн нэг асуудал нь УИХ-ын гишүүд болон Төрийн хариуцлагатай алба хашиж буй/байсан хүмүүс өөрөө болон хамаарал бүхий этгээдийн ААН-ээр дамжуулан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан тухай асуудал юм. Энгийн жижиг бизнес эрхлэгчдэд олддоггүй уг зээлийг эрх мэдэл албан тушаалаараа авсан УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудад нийгэм дургуйцэл бухимдлаа одоо ч илэрхийлж байгаа. ЖДҮХС-аас жилийн ердөө гуравхан хувийн хүүтэй уг зээлийг авсан өндөр албан тушаалтнуудыг өөрсдийн болон хамаарал бүхий ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэй зээлж, мөнгө хүүлж байна гэж олон нийт дургүйцэн уг зээлтэй холбоотой гишүүдийг дахин сонгохгүй гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөөд байгаа юм.
ҮХЦ-ийн дарга огцров
2019 он төрийн зарим өндөр тушаалтнуудын хувьд ихэд харш байлаа. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой дуулиан шуугиан байлаа. Д.Одбаяр өнгөрсөн 11-р сард Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа “Корейн айр”-ын онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэх асуудал түүнийг Цэцийн даргын суудлаас нь хүртэл буулгасан. Тэрээр БНСУ-ын хууль хяналтын байгууллагуудад шалгагдан, 10 хоногийн хилийн хориг хүртэл тавиулсан. Хэдийгээр энэ их дуулианы дараа даргын суудлаа өгсөн боловч ҮХЦ-ийн гишүүнээр хэвээр үлдсэн билээ.
Монгол Улс 70,9 сая мал тоолууллаа
Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүлэн, мал тооллогын урьдчилсан дүнг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас танилцуулсан. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.
Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
– Хонь 45.5 хувь
– Ямаа 41.2 хувь
– Үхэр 6.2 хувь
– Адуу 5.9 хувь
– Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ. Мөн энэ жил Атар газар эзэмшсэний 60-н жилийн ой тохиов. Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс 1959, 1976, 2008 онуудад Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлж байсан юм. Жаран жилийн хугацаанд 1.2 сая га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж, 64 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 13 гурилын үйлдвэр байгуулагдаж, монголчууд өөрсдийн тарьж ургуулсан буудай, төмсөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээнд хүрчээ.
АНУ-тай Стратегийн түншлэл тогтоолоо
2019 оны VII сарын 29-ны өдрөөр VIII сарын 3-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын гол үр дүн нь айлчлалын үеэр баталсан хамтарсан тунхаглалд хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд гарсныг дэлхий дахинд зарласан юм. АНУ нь дэлхийн 16 оронтой стратегийн түншлэлийн харилцаатай байсан бол Монгол Улс 17 дахь орон нь болсон юм. Уг үйл явдал нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөсөн чухал ач холбогдолтой хэмээн олон улсын шинжээчид дүгнээд байгаа. АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 32 жилийн түүхэнд Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар бүгд тус улсад албан ёсны айлчлал хийж байжээ. Одоо АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг баталвал хоёр талын эдийн засгийн харилцаа улам баяжиж манай улсад үйлдвэрлэсэн оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүйгээр гаргадаг болох юм.
Халх голын дайны 80-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм. Энэхүү түүхэн үйл явдлын 80-н жилийн ой энэ онд тохиолоо. Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон үйл ажиллагааг энэ онд зохион байгууллаа.
Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 хятад иргэнийг албадан гаргалаа
Энэ оны 10-р сарын 29-ны оройн 21 цагийн орчимд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building” зэрэг оффисын барилгад хууль бус үйл ажиллагаа яюуулж байсан 500 гаруй хятад иргэнийг баривчлан шалгах ажиллагаа явагдан дуулиан тарьсан билээ. Тэдгээр иргэний ихэнх нь жуулчны визээр, зарим нь бизнесийн визээр манай улсад зорчиж байсан гэж тогтоогдсон. Гүйцэтгэх ажлын талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл “ТЕГ болон цагдаагийн байгууллага хамтран өнгөрөгч наймдугаар сараас энэ ажиллагааг эхэлсэн. Наймдугаар сард хэсэг хятад иргэд манай улсад ирээд цахим орчны судалгаа хийсэн. Хууль хяналтын байгууллагын зүгээс асуудал цаашид хэрхэн өрнөхийг ажигласан. Ажиглалтын үеэр буюу ес, аравдугаар саруудад эхний ээлжид 80 хүн орж ирсэн. Аажмаар энэ тоо өссөөр байгаад өчигдрийн байдлаар орж ирсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. Урьдчилж хэлэхэд тоо баримтууд хэвлэлээр гарсан байсан. 1000-аад компьютер байсан. Гар утасны 10 мянгаад сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айдас түгшүүрт автах ямар ч шаардлага байхгүй. Ажиллагаанд хэрхэн яаж ашигласныг хяналтаар тогтоогоод наймдугаар сараас хойш бүтэн хянаж байсан” хэмээн мэдэгдсэн. 800 орчим хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүгэж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан дуулиант хэрэг мандаад дөрөв хонов уу, үгүй юу тэднийг манай хууль, хяналтынхан нутаг буцаасан. Харин ийм олон хятад иргэн Монголд юу хийж байв гэдэг асуулттай үлдсэн юм.
Дарханы зам хулхидаж, Налайхын зам нээгдэв
2019 оны 11-р сар гэхэд ашглалтанд орон гэгдэж байсан Дарханы чиглэлийн авто зам жолооч нарын “шүдний өвчин” болсон хэвээр 2020 онтой золгох гэж байна. Уг замыг шинэчлэн барихаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т өнгөрсөн 4-р сард гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрийн хүрээнд олгогдох 300 сая ам.долларын зээлийг дөрвөн төсөлд зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Үүний нэг төсөл нь “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих” төсөл юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой зам хэдий ч өнөөг болтол яг бахь байдагтаа байсаар байгаа нь харамсалтай. Харин энэ жилийн хувьд Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын засвар шинэчлэлийн ажил амжилттай байж зорчих хэсгийг нээсэн. Харин явган хүний болон дугуйн зам зэрэг дагалдах зарим ажлууд гэрээт ёсоор 2020 онд хийгдэж дуусах юм..
Оюунтолгойн бүтээн байгуулалт өрнөсөөр
2019 оны хувьд Оюутолгой хоёр ч томоохон байгууламжийг ашиглалтад оруулж чадлаа. Энэ оны VIII сард нээлтээ хийсэн гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв, Гүний уурхайн үйлдвэрлэлийн ам хоёр юм. “Чандмань” төвийн хамгийн чухал хэсэг нь гүний уурхайн бүх багийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологи бүхий удирдлагын хяналтын өрөө юм. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн ам нь Монголын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт болсон бөгөөд нийт дөрвөн жилийн хугацаанд баригдсан энэ байгууламжийн цамхгийн барилга нь 96 метр өндөр, гүндээ 1284 метр. “Оюутолгой” төсөл нь Монголд зөвхөн эдийн засгийн төдийгүй гадаад харилцаа, нийгмийн хөгжилд үр ашгаа шингээж байгааг дурдах хэрэгтэй. Оюутолгойд 17 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байгаа аж. Оюутолгойн ажил, бүтээн байгуулалт урагштай ахицтай байх нь Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой билээ. Тэгвэл Монголын эдийн засгийн өөр нэгэн том түлхэц болох Эрдэнэт үйлдвэрийн хувьд байсан 49 хувийг төр буцаан авч онц байдал тогтоосон. Энэ оны 3-р сард тогтоосон онц байдал 9-р сард дуусах буюу зургаан сарын хугацаатай байсан ч дахин сунгаж 2020 оны 3-р сарыг хүртэл үргэжлэх болсон. Чухам энэ онц байдлын хугацаа 3-р сард дуусгавар болсоны дараа хэрхэх эсэх нь тодорхойгүй л байна.
Монгол хамтлаг “The Hu” “Billboard”-ийг тэргүүлэв
Өнгөрөн одож байгаа 2019 он Монголын рок попын түүхэнд бичигдэн үлйдэхүйц онцгой жил байлаа. Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгийн эзэн болсон “The Hu” хамтлагийг онцлохоос өөр аргагүй билээ. Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн түүхэнд анх удаагаа Монгол хамтлаг “Billboard”-ийг тэргүүлсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байсан юм. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг уг хамтлагийг дэлхийн рок урлагийг нэг шат ахиуллаа хэмээн дэлхийн хөшжмийн мэргэжилтнүүд үнэлээд байгаа. Найман жилийн судалгаанд тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулсан нь үнэхээрийн нөр их хөдөлмөрийг зарцуулсныг гэрчилнэ. “The Hu” хамтлаг 2020 оны нэгдүгээр сараас Европт аялан тоглолт хийхээс Японд мөн тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Монгол рок попын түүхэнд бас нэгэн онцгой үйл явдал тохиолдсон нь рокын амьд домог гэгддэг “Харанга” хамтлаг болон “Баянмонгол” чуулга Төрийн соёрхол хүртсэн явдал байлаа. “Харанга” хамтлагийн “Амьдрал”, “Үгүйлэн санана”, “Толин хул”, “Зөвхөн Монголдоо”, “Амьдрал” гэсэн таван уран бүтээлд нь Төрийн соёрхол олгосон юм.
Шахмал түлш хэрэглэж эхэлснээр утааг багасгаж чадлаа
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Сүүлийн жилүүдэд утааг хэрхэн яаж шийдэхээ мэдэхгүй шахуу байсан бол энэ жилээс түүхий нүүрсийг хэрэглээнээс бүрэн халж, шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурч, иргэд ч ам сайтай байна. Жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан гэр хорооллынхон 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоотой. Ямартай ч шахмал түлш хэрэглэж эхэлснээр манарсан их утаа багасаж байгаа нь онцлууштай үйл явдал мөн.
Түрүү бөхөөс сэргээш илрэв
2019 оны бас нэгэн шуугиант үйл явдал бол төрийн их баяр наадмын түрүү бөх Э.Оюунолдоос сэргээш илэрсэн явдал байлаа. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдсэн. Тэгвэл түрүү бөх Э.Оюунболд ч мөн “Би допинг хэрэглээгүй” хэмээн мэдэгдэл гаргаж шуугиан тарьсан бөгөөл уг асуудал одоо хэр нь шийдэгдээгүй байна. Э.Оюунболд “Монгол үндэсний бөхийн хоёр холбооны тэмцэл эцэстээ хүрсэн нь Монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болж өдий хүрсэн. Аварга багш минь архи битгий уугаарай, допинг битгий хэрэглээрэй гэдэг хоёр зүйлийг захидаг байсан.
Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч туслана уу. Тэрхүү допинг илэрсэн гэх шээс миний ДНК-тай тохирч байгаа эсэхийг ч би шалгуулмаар байна. Бөхчүүдийн нутархагхал дээд хэмжээнд хүрсэн. Бүгдээрээ л Монгол хүн байж нутгархахаа болъё. Над руу нэг биш удаа дайрч байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Би допинг хэрэглээгүй. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн юм.