Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.

2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн 15 хүүхэдтэй тусгай ангийн хамт олон, “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны 10 авъяаслаг хүүхдүүд багийн амжилтаар тус тус “Оны онцлох хүүхэд”-ээр тодорч, Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөмжлөл, шагнал, гарын бэлгээ гардан авав.

Монголд Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, төлөвшил, ёсзүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэх амьдрах арга ухааны дадал чадвар эзэмшүүлэх , оюун ухаан, бие бялдар авъяас чадвараа хөгжүүлэх бүх боломжийг бүрдүүлэх, дэмжин ажиллах чиглэлээр бодлогоо хэрэгжүүлж ажилладаг гэв. 2019 онд зуслан, хүүхэд хөгжүүлэх ордонд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оноос 50 хувиар өссөн зэрэг нь бодлогын хэрэгжилтийн эерэг дүн юм. Иймд хүүхэд та бүхэн шударга хүн болж хүмүүжин төлөвшиж, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай хүмүүс болоорой гэв.

“Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон хүүхдүүд Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг түүчээлэн, зөв монгол хүн болж төлөвшин, Монгол Улсаа хөгжүүлэхийг найзууддаа уриалж байна гэсэн юм.

Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, сурлагын амжилт, урлаг уран бүтээл, биеийн тамир спорт, эх орны түүх соёл, өв уламжлал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүн болон багийн амжилт үзүүлсэн байдлаар нь есөн төрлөөр шалгаруулалт явуулж тодруулсан байна.

Оны онцлох хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ ийнхүү уламжлал болгон зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *