Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онон хатан ижий аврагдах цаг холдсоор, яах вэ гишүүд ээ?

Монгол Улсын Засгийн газар нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Хаа сайгүй газар хөндөж, байгаль ээжийг уйлуулж байгаа энэ үед ийм шийдвэрийг олон нийт талархан хүлээн авсан юм. Арга ч үгүй биз, үе үеийн Засгийн газар байгалиа ухаж ашиг олохоо урьтал болгож байснаас биш тусгайлан хамгаалахад ач холбогдол өгч байсан нь цөөн. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ санаачилга УИХ-д очоод таг болчихлоо. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх байсан ч сайд нь байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон, энэ долоо хоногт бас л чимээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ч мэдэхгүй, хэзээ дуудах юм бол гээд хүлээгээд сууж байна. Уг нь манай УИХ-ын гишүүд зарим асуудлыг баяр ёслол, шөнө оройг умартан хуралдаад л шийдчихдэг. Гэтэл унаган байгалиа хамгаалалтад авч хойч үедээ үлдээх буянтай ажил өөрсдөд нь санхүүгийн хувьд ашиггүй байдаг юм уу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм уу, ямар ч л гэсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажил яст мэлхийн хурдаар явж байна. Магадгүй хойшилсоор, энэ асуудал таг зогсч мэдэхээр боллоо.

Тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж, тэр хэрээр “хэл аманд” өртөж буй нь Гутайн даваа-Хөмүүл голын эх юм. Энэ газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Анхаарал татаж байгаа нь чучиртай. Яагаад гэвэл, энэ нь Онон хатан ижий хэмээн дээдлэн шүтдэг Онон голын хувь заяатай холбоотой юм. Тодорхой хэлбэл, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа бөгөөд ингэснээр Онон гол бохирдох аюултайг мэргэжлийн хүмүүс анхааруулан хэлж байна.Ялангуяа Онон, Шургадаг, Тулгат, Баруун, Зүүн Гутай, Арангатайн голууд, Хөх чулуу, Сэрүүн, Манат, Ламын, Арын булгууд болон Арангатайн рашаан, Цагаан нуур зэрэг гадаргын усыг бохирдуулах эрсдэл маш өндөр аж.

Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Эндгурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн ордтой. Үндсэн орд нь “Пегматит майнинг” компанийнх. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг. Гутайн даваа дахь бэрхшээлтэй асуудал алтны үндсэн орд болоод байгаа юм.Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. Ийм газар алт олборлохыг нутгийн иргэд эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ газрыг тусгай хамгаалалтад авч, олборлолт хийхээс урьдчилан сэргийлэхээр болсон нь сайшаалтай. Ерөнхий сайд зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр энэ шийдвэрийг гаргаагүй. Нутгийн иргэдийн хүсэлт, байгаль экологид үзүүлж болзошгүй хор нөлөө, аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын бодлого зэргийг харгалзан үзжээ. Энэ нь чбаримтат үндэслэлтэй байв.

Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энэ сав газар эзэн Чингис хаантай холбоотой түүхэннутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Энэ газар 260 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал. Эмийн болон ашигт ургамал нь нийт ургамлын зүйлийн 31 хувийг эзэлж байгаа нь хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломжийн хувьд нэн чухал газар болохыг баталгаажуулдаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Цөөнгүй сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистемд маш аюултайг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд ороод ирнэ. Дэлхийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 экобүси болох Амар мөрний эх ньОнон голын ай савд хамаардаг.Энэ утгаараа монголчуудын төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй олон сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнэтэй нутаг.

“Гутайн даваанд алт олборлуулахгүйгээр шийдлээ гэхэд нинжа нар ороод ирнэ. Тэрний оронд компани нь ашиглаад татвараа төлсөн нь дээр ” гэж сумын удирдлага болон яамны зарим эрх мэдэлтнүүдийн зүгээс хэлдэг. Энэ үг ганц энд ч биш, Монгол орны баялагтай нутаг болгонд сонсогддог, компаниуд алт ухахыг зөвтгөдөг үндсэн шалтгаан болдог. Тэгвэл тэднээс айж, тэдний нэрийг барьжэрх ашгаа хангадаг компаниудад цаашид боломж өгсөөр байх уу. Үгүй, үүнийг одоо л зогсоох ёстой. Монгол бол тусгаар улс. Хуультай, шүүхтэй, цагдаатай. Ийшээ орж алт ухаж болохгүй л гэсэн бол болохгүй. Дундад Азийн баялагтай орнуудад 1990-ээд оны эхээр байдал яг иймбайв. Манайхаас ялгаатай нь, тухайн орны удирдагчид хууль зөрчсөн хэнийг ч хуулийн дагуу хорьж, хатуу шийтгэж байсан. Төрийн төмөр нударгыг үзүүлсэн болохоор ийм байдал нам зогссон байдаг.

Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй. Онон хатан ижийг оросууд ингэж хамгаалж байхад бид алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Тиймдээ ч Гутайн давааг хамгаалалтад авч Онон голыг хамгаалах У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг нутгийн иргэд дэмжиж байна. Гутайн давааг хамгаалалтад авах ажилд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрындарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож байсан, нутгийн иргэд ч тэдэнд алга ташиж байгаа. Харин одоо тэд эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарч, асуудлыг яг гартаа барьж, араас нь явах чухал цаг үе иржээ. Бас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ч идэвх, сэтгэл гаргамаар байна. Тэгэхгүй бол хойшилсоор, хойшилсоор замхарч мэдэх юм.

Уг нь унаган байгалиа хойч үедээ үлдээх Засгийн бодлогыг эсэргүүцэх “мунхаг” төрийн түшээ энэ УИХ-д арай ч байхгүй биз ээ.

Г.БАТБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *