УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байсан бөгөөд маргаан гарсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан. Хамгийн сүүлд найм дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхгүй байх санал гаргасан бөгөөд чуулганы хуралдаанд олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс энэхүү саналаар горимын санал гаргаж, хүчингүй болгохыг хүсч байна” гэсэн юм. Энэхүү заалт нь иргэдэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад олгохгүй байх заалт байсан ч хүчингүй болж байгаа юм. Ингээд энэхүү саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Мөн үүний дараа Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргажээ. Энэхүү заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.