Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданшатар: Банкны салбарын эрх зүйн орчин сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна

Монголбанкнаас “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг онцлоод, бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт хүлээж байгааг тодотгосон юм. Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулсан юм. “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Банкны салбарын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Банкны салбарын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс олон сорилтыг даван туулж, шинэчлэлийг хийсэн бас нэгэн оныг үдэх гэж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн богино хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг эхлүүлж, банкуудын активын чанарт үнэлгээ хийх, өөрийн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, дунд хугацааны бизнес төлөвлөгөөг шинэчлэх, эрсдлийн удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал сайжирлаа.

Төсвийн гадуурх санхүүжилтийг таслан зогсоож, төсвийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэн Засгийн газрын өрийн хэмжээг эрс бууруулснаар гадаад өрийн тогтвортой байдал хангагдсан. Бодлогын шинэчлэл хийсний зэрэгцээ гадаад нөхцөл байдал сайжирснаар бизнесийн зээлийн өсөлт сүүлийн 3 жилийн хугацаанд 15 хувийн орчимд тогтвортой хадгалагдав.

Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсөлттэй гарлаа. Үр дүнд нь зогсонги байдалд ороод байсан эдийн засаг сэргэж 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч өсөөд байна.

Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг банкны салбарын үйл ажиллагааг зохицуулсан багц хуулиудыг баталлаа.

Өнөөдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Цаашид Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг олон чухал хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Банкинд итгэх ард түмний итгэл үлэмж нэмэгдэх болно.

Банкны салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж батлуулах

Банкны салбарын эрх зүйн орчин ийнхүү сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна. Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-д банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг сайжруулах, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилтыг тусгаад байна.

Эрхэм оролцогчид оо,

Энэ зорилтын хүрээнд Та бүхнийг 3 асуудалд онцгойлон анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна:

1/ Засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай. Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоог нэмэгдүүлэн шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, зохистой засаглалын зарчмыг нэвтрүүлэх, дотоод хяналтыг сайжруулахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна. Иймд Төв банк, арилжааны банкууд энэ чиглэлээр тодорхой стратеги, төлөвлөгөө гарган үе шаттай хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах нь зүйтэй байна.

2/ Эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшинд буюу 5-6 хувьд байх төсөөлөлтэй хэдий ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл тул түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарал өндөр, эрсдэл даах чадвар сул хэвээр байна. Иймд банкны салбарт банкны үйл ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, үүсч болзошгүй өөрийн хөрөнгийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, чанартай эх үүсвэрээр бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.

3/ Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах нь чухал байна. Цаашид Монгол Улсыг “Саарал” болон бусад төрлийн эрсдэлтэй үнэлгээнд дахин оруулахгүй байх талаар бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамтран ажиллахыг бодлого боловсруулагч, банкны салбарын удирдлага болон мэргэжилтэн Та бүхнээс онцлон хүсч байна.

Эрхэм оролцогчид оо,

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь ирэх оны зорилт, салбарын шинэчлэлийг хэлэлцсэн, бүтээлч, үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн хуулийг дээдлэн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн идэвх зүтгэлтэй ажиллаж, банкны салбараа тогтвортой хөгжүүлэхэд хамтаараа зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхний өнөөдрийн арга хэмжээ болон цаашдын ажилд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *