Пакистаны шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан, 76 настай Первез Мушарафт эх орноосоо урвасан гэж буруутган цаазын ял оноожээ. “Samaa” агентлагийн мэдээлснээр гурван шүүгчээс бүрдсэн Тусгай шүүх коллеги экс төрийн тэргүүнийг Пакистаны Үндсэн хуулийн зургадугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Гурван шүүгчийн хоёр нь ялын тогтоолыг дэмжсэн байна. Гэхдээ П.Мушарав давж заалдах эрхтэй болохыг Пакистаны Дээд шүүхийн шүүгч Пешавар Вакар Ахмад Сэтх мэдэгдэв. Энэ нь Пакистаны түүхэнд ерөнхийлөгч асанд цаазын ял оноосон анхны тохиолдол болоод байна.
2001-2008 онд Пакистаныг удирдаж байсан П.Мушараф 2007 онд албан тушаалаа урвуулан ашиглан, улс даяар онц байдал зарлаж, Дээд шүүхийн шүүгчдийг баривчлах тухай тушаал гаргасан байдаг. Хуурай замын ангийн штабын дарга асан, армийн генерал тэрбээр 2001 онд Пакистаны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Албаа хаших хугацаанд нь гурван ч удаа түүний аминд хүрэхийг завджээ. Пакистаны хуулиар бол иргэн хүн төр барих эрхтэй. Гэтэл П.Мушараф төрд гарсан даруйдаа армийн генерал цолоо хадгалж үлдсэн аж. 2008 оны наймдугаар сард түүнд итгэл үзүүлэх асуудал хөндөгдсөнөөр огцорч байв. Түүнийг огцорсны дараа дээд шүүхийн шүүгчдийг хууль бусаар огцруулсан, ерөнхий сайд агсан Б.Бхуттогийн үхэлд түүнийг буруутгаж байсан ч буруутай нь батлагдаагүй тул цагаатгагдсан юм. Огцорсныхоо дараа П.Мушараф Их Британид дүрвэн амьдарч байсан агаад 2013 онд парламентын сонгуульд өрсөлдөхөөр нутаг буцсан юм. Гэвч тус улсын шүүх П.Мушарафыг Үндсэн хууль зөрчиж, 2007 онд улс даяар онц байдал зарласан гэж буруутган нэг хэсэг гэрийн хорионд оруулсан. Гэвч тодорхой хугацааны дараа батлан даалтаар гаргасан юм. Гурван жилийн өмнө тэрээр эмчилгээ хийлгүүлэхээр Дубайд очсоноос хойш дахин нутагтаа эргэж ирээгүй аж.