Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт энэ сарын 12-нд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болжээ.
Уулзалтад УИХ-ын Монгол, Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Европын парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, парламент хоорондын XII уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцжээ.
Европын холбоо, түүний гишүүн орнууд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг талархан дэмжиж байдгаа тэмдэглэж, Монголын улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, тэдгээрийг зохицуулж буй хуулийн тогтвортой байдал нь үүнд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэжээ.