Categories
мэдээ цаг-үе

Т.Ихтамир: Бие даасан хараат бус мөрдөн шалгах газаргүй бол эрүүдэн шүүх гэмт хэрэг илрэхэд хэцүү

Хүний эрхийн үндэсний комиссын гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.


-Эрүүдэн шүүх гэмт хэргийн нөхцөл байдал өнөөдөр манайд ямар байна вэ. Хууль хяналтын байгууллагынхан мэдлэггүй учраас санамсаргүйгээр эрүүдэн шүүгээд байна уу?

-Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг санамсаргүй үйлдэгдэнэ гэж байдаггүй. Санаатай хэлбэр л байдаг. Өөрөөр хэлбэл зорилго нь өөрөө тухайн хэрэгт холбогдсон этгээдээс тайлбар мэдүүлэг авах, баримт гаргуулах, ялгаварлах зорилгоор бие болоод сэтгэл санааг шаналган зовоох үйлдлүүдийг гаргаж байгаа. Энэ нь төрийн албан хаагчдад хамааралтай. Шалгаж байгаа хууль, хяналтын байгууллагын хүмүүс эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьект болж байдаг. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хэнд ч энэ нь хамааралтай.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүдэн шүүсэн хэдэн тохиолдлыг шүүхээр хянан шийдвэрлэсэн бэ?

-Хууль, хяналтын байгууллага, прокурор шүүхээс мэдээлэл авахад ихэнхдээ эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзах, Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдлууд байна. 2017, 2018 оны байдлаар шүүхээр эрүүдэн шүүсэн нэг ч гэмт хэрэг хянан шийдвэрлэгдээгүй. Гомдол ирээд байдаг. Шалгах явцад тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог, шүүхээр ямар ч хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа. Тэгэхээр шүүхээр хэрэг орохгүй байгаа, прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байгаа асуудлыг эрүү шүүлт байхгүй байна гэж харж болохгүй. Ийм учраас эрүү шүүлт тулгаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд ёс зүйн зөрчил болон бусад хэрэг, маргаанаас хэрхэн ялгах вэ, яаж зөв зүйлчлэх вэ гэдэг асуудал чухал. Сууриас нь хууль хяналтын байгууллагын ажилтнуудад энэ талын мэдлэг ойлголтыг өгч байх нь чухал. Мэдлэг чадваргүй хүмүүс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг ёс зүйн зөрчил гээд сануулах, сахилгын шийтгэл оногдуулах, ийм байдлаар тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, хөнгөн төрлийн ялаар зүйлчлүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа.

-Эрүүдэн шүүх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ХЭҮК-оос ямар зөвлөмж хүргүүлж ажилладаг вэ?

-ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс бие даасан хараат бус мөрдөн шалгах байгууллагыг байгуулахыг зөвлөдөг. Ингэхгүй бол эрүү шүүлт тулгах гэмт хэргийн байдал дээрдэхгүй. Энэ төрлийн хэрэг илрэхгүй. Манайхан өнөөдрийг хүртэл байгуулаагүй л явж байна. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба бие даасан хараат бусаар ажилладаг байсан ч 2014 онд татан буулгасан. Энэ нь хүний эрхийн хувьд ухарсан алхам болсон.

-Хүний эрхийн үндэсний комисст жилд хэд орчим гомдол бүртгэгдэж байна. Гол төлөв ямар төрлийн гомдол мэдээлэл ирж байна вэ?

-Манайд нийслэл болон орон нутгийн иргэдээс жилд дунджаар 500-700 орчим гомдол ирдэг. Сүүлийн жилүүдэд иргэдээс манайд ирүүлж байгаа гомдлын дийлэнх хувийг халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх, хилс хэргээр шалгагдаж байгаа буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэсэн агуулгатай гомдол эзэлж байсан. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээс хойш энэ төрлийн гомдлууд ирэх нь эрс багассан үзүүлэлттэй байгаа.

Харин уул уурхай болон бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн бий болж байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсээр нь шашин шүтлэг, арьс өнгө, өмссөн зүүснээр гаднах төрх, байгаа байдлаар нь ялгаварлан гадуурхах зэрэг гомдлууд ирэхээс гадна гомдлын дийлэнх хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд эзэлж байна.

Ажлын байрны дарамт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх мэт. Ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудал нь шүүхээр ордог. Шүүхээс хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна гэдэг нь тогтоогдож ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байна, ажилд нь эргүүлэн авахгүй байна гэсэн гомдол ч бий. Эсвэл бичиг баримтыг нь тухайн ажил олгогч нь хурааж авчихаад өгдөггүй. Үндэслэлгүйгээр төлбөр мөнгө нэхдэг, мөнгө төлсний дараа бичиг баримтаа ав гэх шаардлага тавьдаг, хөдөлмөрийн харилцаа дууссан байхад нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийг нь өгөхгүй байх тохиолдлууд гарч байгаа.

-Комисс гомдлыг ямар арга замаар шийдвэрлэдэг вэ?

-Гомдлыг Комиссын гишүүд хуульд заасны дагуу гомдол гаргагч болон холбогдох хүмүүсийг дуудан ирүүлж тайлбар тодруулга авах, холбогдох байгууллагуудаас баримт материалыг нь гаргуулан авах, хяналт шалгалт хийх, тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилуулах болон эрх нь зөрчигдсөн асуудлаар тухайн иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагааг явуулж хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж шийдвэрлэж байна. Манай байгууллагад Монгол Улсын иргэд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, аж ахуйн нэгж байгууллага хэн ч бай эрхээ зөрчигдсөн асуудлаар хандаж гомдол гаргах эрхтэй.

-Хүний эрхийн үндэсний комиссоос хүргүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилт хэр зэрэг байна вэ?

-Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар хүргүүлж байгаа шаардлага, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийн хүрээнд хөдөлмөрийн харилцаатай асуудлууд байдаг. Шаардлага зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилладаг. Биелэлтийн хувьд шаардлага хүлээж авснаас долоо хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй. Зөвлөмжийг бол хүлээж авснаас хойш 30 хоногийн хугацаанд хариу ирүүлэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *