Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дотоод хяналтыг сайжруулах нь” сэдвээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Сургалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бялуу, нарийн боов, хиамны үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний томоохон бөөний худалдааны төв, зах, агуулах дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтнууд оролцлоо.
МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин, хордлого халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт тавьж ажиллахыг уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулав.
Уулзалт, хэлэлцүүлгээр хүнсний худалдаа, үйлчилгээнд хийгдсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, анхаарах асуудлууд, хүнсний тээвэрлэлт, хадгадалт, хаяг шошгололт, худалдаалалтад тавигдах шаардлагуудын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1.Хүнсний үйлдвэрлэлд гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай, хадгалалтын хугацаа дуусаагүй, хаяг шошгын шаардлага хангасан хүнсний түүхий эд, нэмэлтүүдийг хэрэглэх, тэдгээрийг хадгалах нөхцлийн дагуу зориулалтын агуулахад төрөлжүүлэн хадгалж, хяналт тавьж бүртгэл хөтлөх;
2.Үйлдвэрлэлд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийгдсэн, шинжилгээ баталгаажилттай, хүнсний зориулалтын уут, сав баглаа боодол, таг, бөглөө, хэрэглэх;
3.Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааварт түүхий эд, нэмэлтийн орц хэмжээг нарийвчлан тусгаж, технологийн шат дамжлага, үе шат бүрт тухайн түүхий эд, нэмэлтийн заасан тун хэмжээгээр байгаа эсэхэд дотоодын хяналтын нэгж, ажилтан давхар хянан баталгаажуулж бүртгэл хөтлөх, технологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн горим, үзүүлэлтийг тусган, хөөн илрүүлэх болон залруулах арга хэмжээг авах зааврыг мөрдөж ажиллах;
4.Түүхий эд хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх үйлдвэрлэлийн технологийн урсгалыг тасралтгүй нэг чигээр явагдахаар зохион байгуулах;
5.Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажил дууссаны дараа тогтмол угааж цэвэрлэдэг, ажлын байр туслах өрөө, ариун цэврийн өрөөнд байнга урсгал болон их цэвэрлэгээг хийх хуваарьтай, хуваарийн дагуу тогтмол хийж хэвшсэн, цэвэрлэгээ хийсэн талаарх бүртгэл хөтөлдөг, цэвэрлэгээний үр дүнд хяналт тавьдаг, үйлдвэрлэлийн байр, бусад өрөө тасалгаа агуулахын орчин нь хүнсний бүтээгдэхүүн шууд дамжин бохирдуулах нөлөөлөл үзүүлэхээргүй цэвэрхэн байх;
6.Үйлдвэрлэн гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүний цуврал бүрийг дотоодын хяналтын лабораторид, мөн улирал бүр хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж баталгаажуулсан байх;
7.Түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалж, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжийн багтаамжийг тооцоолон хүлээж авч, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай шинэлэг хүнс худалдаалах;
8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох “урагш нэг шат”, “хойш нэг шат” бүртгэлийг аргачлалын дагуу хөтөлж, зохих арга хэмжээг авч ажиллах;
9.Бүтээгдэхүүний шошгод мэдээллийг тусгахдаа “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.12.8 хүртэлх заалтууд болон “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангаж ажиллах, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгод бичихийг хориглох;
10.Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдах, ажилчдад үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэвшүүлэх, хүнстэй харьцагчид хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, ажлын хувцас хэрэгсэл нь хүнсэнд бохирдол үүсгэхээргүй материал хийцтэй байх ба ажиллагсад нь бүрэн өмсөж хэрэглэж хэвшсэн байх;
11.Бүтээгдэхүүний шинж чанар, хадгалалтын нөхцлөөс хамааран зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;
12. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.1-д заасны дагуу Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд хүнсний сүлжээнээс татан авах журам, зааврыг боловсруулан баталж, мөрдөж ажиллах;
13.Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасныг мөрдлөг болгон, Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу дотоод хяналтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулж эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй.