Хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан Ногоон паспорт аппликейшний нээлтийг Ногоон паспорт эзэмшигч сурагчдад зориулан зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн, аймгийн 150 орчим сурагч хүрэлцэн ирсэн бөгөөд сугалаагаар “Фаро” сургалтын төвд суралцах эрхийн бичгээр хоёр азтан , Найрамдал ОУ-ын зусланд амрах эрхийн азтанаар нэг сурагчийг тодруулан мөн 2019 онд Ногоон паспорт аянд идэвхтэй оролцсон шилдэг сурагчдад талархлын бичиг гардуулсан байна.
Тус аппликейшнд байгаль орчны танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, уралдаан тэмцээн, урамшууллын зар зэрэг багтсанаас гадна шинээр Дижитал Ой цэс багтаж байгаа бөгөөд аппликейшнийг ашиглан байгальд ээлтэй үйлдлүүд хийснээр оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо 18 төрлийн модноос сонголт хийж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт байгуулагдсан “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнд мэргэжлийн байгууллагаар модоо суулгуулах, арчлуулах мөн тарьсан модон дээрээ өөрийн нэр бүхий пайзыг байрлуулах боломжтой болох юм.
“Ногоон паспорт” аппликейшнийг өдөр тутамдаа ашигласнаар хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцахаас гадна 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.
2018 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн тус аян одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 120 мянга орчим ЕБС-ийн сурагчдад хүрээд байна.