Монгол бөхийн өргөөнд барилдаан болох бүрт эмчээр сууж байдаг Р.Пэрэнлэйсамбууг бөх сонирхогч олон андахгүй билээ. Мөн анагаах ухааны салбарт 40 гаруй жил зүтгэж, үйлс бүтээлээрээ манлайлж ирсэн хүн бол яах аргагүй сэтгэл мэдрэл наркологийн зөвлөх диспансерын их эмч Р.Пэрэнлэйсамбуу юм. “Танайд өнжье” буланг бэлтгэхээр 3, 4 дүгээр хорооллыг зорин очиход их эмч маань гэргий, нутгийн хоёр найзын хамт залуу насны ажил үйлсээ дурсан хууч хөөрч суухтай таарав. Тун зочломтгой, энгүүн сайхан яриатай гэр бүл юм. Сэтгүүлч биднийг хоймортоо “залж”, цай хоол хэмээн хөөрцөглөлөө. Р.Пэрэнлэйсамбуу гуайн гэргий О.Алтанзагас мэдрэлийн их эмч мэргэжилтэй. Архангай аймагт 20 шахам жил ажиллаж, амьдарсан тул нутгийнхан нь андахгүй. Мөн Улаанбаатарт суурьшаад 30 гаруй жилийг үджээ.
Гэрийн эзэн Р.Пэрэнлэйсамбуу Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан сум хэмээх газар 1944 онд төржээ. Цэнхэр сумын бага сургуульд элсэн орж, аймгийн төвд 10 жилээ дүүргэсэн байна. Улмаар Анагаах ухааны их сургуульд суралцаж 1966 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн аж. Төгссөн жилээ аймагтаа хуваарилагдаж Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд салбарын эрхлэгч болж ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Улмаар жилийн дараа Жаргалан сумын их эмчээр томилогджээ. Анх сэтгүүлч мэргэжил сонирхож, шүлэг бичих сонирхолтой байсан аж. Аав нь нутаг усандаа нэр хүндтэй том лам хүн байсан учир хүүгээ эмч болгохыг хүсдэг байжээ. Арван жилээ төгсөөд хотод ирэхэд багш нь сурлага сайтай юм чинь эмч бол хэмээн зөвлөснөөр “за” хэмээн шийдсэн байна. Р.Пэрэнлэйсамбуу гуай “Тухайн үед хүүхэд ч байсан. Багшийн зөвлөгөө, аавынхаа хэлсэн захиасыг бодож эмч болсон. Хожим их зөв мэргэжил сонгосондоо баярлаж явдаг” хэмээсэн юм. Тэрбээр “Дөнгөж төгсөөд 23 настай залуу суманд очлоо.
Хүн төрнө. Эхэс нь гарахгүй. Аймаг руу утасдахаар аймаг ганц, хоёрхон эмчтэй. Урдаас загнана. Их сургууль төгсчихөөд яахаараа эхэсийг нь авч мэддэггүй юм, наад хүн чинь нас барвал та хариуцлага хүлээнэ шүү гэж байна. Ингээд шөнө лааны гэрэлд сууж номоо уншиж байж эхийг төрүүлдэг байлаа. Эхэн үед зарим хүнийг зовоосон байж магадгүй. Сүүлдээ эхэс нь гарч, зовлон багатай сайхан төрүүлж сурсан даа. Мөн улаан бурхан өвчин нэг дэгдэхээр хэдэн зуун хүн өвчилдөг байлаа. Бүх хүн халуураад эмнэлэг зүглэнэ. Суманд ганц их эмч, хоёр бага эмчтэй. Их эмчийн ачаалал асар их нэмэгдэнэ. Нойр, хоолгүй хоёр гурав хоноод бүр ядраад, болохоо байгаад дуудлагаар очсон айлдаа ганц цаг дугхийгээд гардаг байлаа. Ажил дээрээ ирэхэд дахиад л дүүрэн хүнтэй, дуудлага ирчихсэн байна. Та яасан их удав, хүн төрөх гэж байна, хүүхэд өвдөөд хэцүүдлээ, осол гарсан гэнэ эм ч ээ гэсэн хүн дүүрэн байдаг байлаа. Дахиад л гарна. Тухайн үед машин тэрэг сааталтай. Нэг муу УАЗ469-тэй. Байсхийгээд унтарчихна. Засаж сэлбэх гэж бөөн ажил болно. Өдөр шөнөгүй яваад сүүлдээ ядраад хэрэггүй эмч боллоо, ер нь энэ байдлаар удаан тэсэхгүй юм байна гэж боддог байлаа. Одоо бол нэг сум 3-4 их эмчтэй, дундын эмнэлэгтэй, аймагт нарийн мэргэжлийн эмчтэй байгаа шүү дээ. Тухайн үед ганц эмч бүх өвчинг хариуцна. Ойр зуурын хагалгааг хүртэл хийнэ. Цаг үе нь тийм байсан учир өөр арга байхгүй. Нэг азтай нь манай сум аймгийн төвтэй ойрхон, 45 км байлаа. Тиймээс бүр хүнд хагалгаа бол аймаг руу аваад ирнэ. Очихоор урдаас загнана” хэмээн дурсан ярьж байна. Тэдний гэр бүл 1968-1988 он хүртэл 20 жил Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллажээ.
Анх хэрхэн гэр бүл болж, амьдрал зохиосон талаар гэргий О.Алтанзагас хуучиллаа. Тэрбээр уг нь Архангай аймгийн Хотонт сумын уугуул аж. Багадаа хүнд өргүүлж, Улаанбаатар хотод өсөн торниж, арван жилээ дүүргэжээ. Ингээд дөрөвдүгээр курст байхдаа дадлагаар Архангай аймагт очсон байна. Тэр үед Р.Пэрэнлэйсамбуу гуай төгсөөд хоёр жил болчихсон, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт их эмчээр ажиллаж байжээ. Нэг нь дадлага удирдсан багш, нөгөөх нь оюутан байх үед анх танилцаж байсан дурсамжтай. Ингээд хойтон жил нь сургуулиа төгсөхөд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хуваарилах тухай яамны шийдвэр танилцуулсан байна. Жилийн өмнө дадлагаар танилцсан эмч хүү яам руу албан бичиг илгээгээд хайртай бүсгүйгээ өөрийнхөө ажиллаж байгаа аймагт хуваарилуулаад авчихсан нь энэ аж. Тухайн үед нам төрийн даалгаврыг ягштал биелүүлдэг байсан цаг. Очоод л нэг гэрт орчихсон гэдэг. О.Алтанзагас “Шууд очоод суучихсан. Би айлын ганц хүүхэд. Ээж, аав хоёртойгоо хамт баймаар байдаг. Гэтэл тэнд нэг хүн хүлээгээд байдаг. Аймагт очоод шууд хөдөө хуваарилагдсан. Хэсэг хугацааны дараа аймгийн төв рүү шилжиж ажилласан даа. Ээж, аав хоёр минь 1975 оны үед миний хойноос шилжиж ирж байсан. Ингээд Архангайн хүн болсон доо. Тухайн үед одоогийн шиг чих хамар хоолой, мэдрэл зэргээр төрөлжиж ажиллах боломжгүй байлаа. Би хүүхдийн эмч, дотрын эмч хийж байгаад мэдрэлийн эмч болж мэргэшиж удаан ажилласан даа. Тэр үед гайгүй ажиллаж байгаа хүнийг янз бүрийн сонгуульт ажлаар уячихдаг. Намын баахан сонгуульт албан тушаалтай байсан. Хэнхэг л байж дээ. Намын гишүүн байлаа. Нэгдсэн эмнэлгийн дарга хүртэл хийж явлаа. Ингээд хүүхдүүд томроод Улаанбаатар руу шилжих болов оо. Шилжинэ гэсэн явуулдаггүй. Хүүхдүүд 18-19 хүрчихлээ. Хотод сургуульд сургамаар байна гэж тайлбарлаад дийлдэггүй. Хоёр эмчээ алдахгүй л гэнэ. Гэтэл тухайн үед Эрүүл мэндийн сайд Цэрэннадмид гуай багш, шавийн уулзалтаар аймагт очсон юм. Тэр үеэр ашгүй энэ хоёрыг хот руу явуул гэж хэлж, 1988 онд шилжиж ирсэн дээ. Ирээд шууд л сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт оруулчихсан. Анх хотод айлын хажуу өрөө хөлсөлдөг байлаа” хэмээн дурссан юм.
Тэд дөрвөн хүүхдийн хамт 1988 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн байна. Энэ үед Р.Пэрэнлэйсамбуу гуай сэтгэцийн мэргэжлийн зэрэгтэй эмч болсон байлаа. 1988 оноос 1996 он хүртэл одоогийн СЭМҮТ буюу тухайн үед Сэтгэл мэдрэл, наркологийн төвд их эмчээр ажилласан байна. Улмаар 1996 оноос Монголын анхны сэтгэцийн хувийн “Энх-Учрал” эмнэлэг байгуулж, өрх тусгаарлажээ. Ингээд 1999 оноос Монгол бөхийн өргөөнд байр түрээслэн ажиллах болжээ. Тэрбээр 20 шахам жил үндэсний бөхийн эмч нэртэйгээр бараг Монгол бөхийн өргөөний үндсэн ажилтан шиг явсан аж.Тэднийд зочилсон, 40 гаруй жил гэмтлийн эмч хийж байгаа С.Цэрэндорж “Пэрэнлэйсамбуу манай ахтай нэг анги байсан юм. Бид олон жил нөхөрлөж ирлээ. Энэ хүн хамар хоолой, гэмтэл, сэтгэц гээд олон төрлөөр мэргэшсэн эмч. Эмчийн бүх нарийн мэргэжлийг эзэмшсэн гэж болно. Бөхийн өргөөнд олон жил ажиллалаа. Бөхийн гэмтэл бэртлийг маш сайн оношилж, эмчилж, зөвлөгөө өгөх тал дээр мэргэшсэн. Арга ч үгүй биз. Олон жил бөхийн эмч шүүгчээр суулаа шүү дээ. Монгол Улсын гавьяат эмч гэсэн цол авах үйл хэрэг бүтээсэн гэж найз, мөн мэргэжилт нэгт хүний хувьд бодож явдаг” хэмээлээ. Пэрэнлэйсамбуу гуайнд зочилсных бөхчүүдийн тухай асуухгүй өнгөрч болохгүй. Тэрбээр энэ тухай ярих тун дуртай бололтой. Бөхийн өргөөнд эмч шүүгчээр ажиллах хувь заяаны тохиол юм хэмээн яриагаа эхлэв. Бөхчүүд гэж эрүүл саруул бие бялдартай, сайхан сэтгэлтэй, хүч чадалтай, түс тас хийсэн их сайхан хүмүүс байдаг юм шүү дээ. Мэдээж олон хүний дотор ганц хоёр муу хүн байна. Гэхдээ сайхан бөхчүүд нь 99 хувийг эзлэнэ шүү хэмээв. Гэмтэл бэртэл хэр их гарах уу, та бөхөө бас шимтэн үзнэ биз гэсэн асуултад тэрбээр “Сайхан, сонирхолтой барилдаанууд их болно. Шимтэж үзэх барилдаанууд байлгүй яахав. Бас ажил үүрэгтэй сууж байгаа. Тэрийгээ орхигдуулах ёсгүй. Гэмтэл бэртлийн хувьд бага биш. Тархи доргихоос эхлээд мөр, тохой, хуруу мултрах зэрэг гэмтэл байнга гарна. Болохыг нь бид эмчилнэ. Болохгүйг нь гэмтлийн эмнэлгийн эмч дууддаг. Бөхийн өргөөн дээр Р.Сэддорж гэж Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга залуу ирж их зүйл хийсэн. Хоёр эмчтэй болгосон юм. Миний аваргуудтай авахуулсан зургууд их бий л дээ. Аваргуудын тухай номнууд гарсан. Түүнд би дурсамжуудаа бичсэн байгаа” хэмээн ярилаа.
Хэрэгт дурлаж “Тээр жил Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргад өвдөг шороодсоны дараа тийрсэн. Та энэ үед эмчээр сууж байсан уу. Юу болсон юм бэ” гэсэн асуултад “Тэр үед шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Хүмүүсийн хэлж байгаагаар амаараа хуурсан юм шиг байна лээ. Энэ жил би давчихъя, чи хойтон даваарай гэдэг ч юм уу. Тэгж хэлж байсан мөртлөө дайраад унагачихгүй юу. Г.Өсөхбаяр аварга их аажуу хүн шүү дээ. Ийм хүн нөгөө сэргэлэн хүнд ам мэхээр уначихсан хэрэг. Тэгэхээр нь өшиглөсөн тал байгаад байх шиг байна” хэмээв. Мөн тэрбээр “Санаанд буусан олон сайхан барилдаан бий дээ. Манай Өсөхөө аварга аажуу тайван, давахдаа их сайхан зөөлхөн давахыг боддог. Эрхэмбаяр аварга мөн урт гартай. Их зөөлхөн давахыг хичээнэ. Зарим бөх тийм биш. Давчихаад дээрээс нь нидэрдэг. Сонирхолтой барилдаанууд их гарна. Азжаргал арслан сайхан барилддаг байлаа. Увсын Баасанхүү тун ч уран барилдаантай шүү. Ер нь бөхчүүд дотор ам мэх гэж их муухай юм байдаг. Би бууж өгнө гэж байгаад анхаарал сулрангуут нь унагачих, эсвэл ийш нь тийш нь харуулж байгаад дайрчих, мөн би чамайг тонгорно гэж байгаад өөр мэх хийчих гэх мэт. Эсвэл дараа нь нэг хариу өгнө, өнөөдөр би авчихъя ч гэдэг юм уу. Би энэ талаар байнга л сонсож байгаа юм. Одоо бол ойлгочихсон, хууртахгүй болчихоод байна л даа” хэмээн хуучлав. Түүнчлэн, тэрбээр Р.Нямдорж, Д.Данзан нар Монгол бөхийн өргөөг байгуулж, 2017 он хүртэл монгол бөхийг хөгжүүлэх талаар онцгой юм бүтээсэн хүмүүс болохыг хэлэв.
Р.Пэрэнлэйсамбуу гуай Архангай аймагт сэтгэл мэдрэлийн аймаг дундын диспансер гэдгийг анх байгуулсан хүн юм. Анхны их эмч. Ингээд 50 ортой, дөрвөн их эмчтэй болж өргөжиж байжээ. Тухайн үед аймгийн дарга нар их дургүйцдэг байсан гэдэг. Аймагт галзуу хүмүүсийн эмнэлэг байгууллаа гэж уурлана. Тээртэй юм, ямар хэрэг байна гэж бухимдана. Энэ талаар “Тухайн үед ойлгодоггүй байж. Одоо бол сэтгэцийн эмгэг, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тоо яригдаад ирэхээр бүх аймагт сэтгэцийн кабинеттай болсон шүү дээ. Хэдэн галзуугаа аятайхан байлгаарай гэж намайг дарамтлах байдлаар ханддаг байлаа. Эсвэл наадахаа нүүлгээрэй гэдэг байсан. Ер нь галзуу солиотой хүн гэж өвчтөнүүдээс их сэжиглэдэг байсан байгаа юм. Тухайн үед солиорсон, галзуурсан хүмүүсийг сэтгэцийн өвчтэй гэдэг байлаа. Ядаргааг мэдрэлийн тасагт хэвтүүлээд эмчилдэг байсан. Ингээд тухайн үед 50 ортой болоод дөрвөн эмтчэй болсон. Тэргүүний диспансер болоод Улаанбаатарт хамт олны минь зураг хөрөг тавигдаад, магтагдаж байлаа. Ерөнхий мэргэжилтнүүд очиж сайшааж, урам зориг өгдөг байлаа.
Тухайн үед сэтгэцийн өвчин одоогийнхоос 3-4 дахин бага байсан гэж ойлгож болно. Одоо бол нийгмээ дагаад ихэсч байна. Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн асуудалтай байна. Оюуны хөдөлмөр ихсэх тусам дагаж нэмэгдээд байдаг. Сэтгэцийн өвчин бол хүний ариун нандин, эрхэм дээд эрхтэн болох оюун тархины өвчин тул эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудал улам нарийн болж тавигдаж байна. Нойр хоолгүй олон хоног явлаа гэхэд сүүлдээ нойргүйдэж тэндээс ядаргаа эхэлж, том солиорол бий болох зэргээр өөрчлөгдөж байна. Иймээс биеээ сайн бодох хэрэгтэй” гэв. Мөн хамт ажиллаж байсан нөхөд, багш Гүрдорж, Доржжадамбаа нараа дурсан санаж байв. Энэ багш нар бидэнд түшиг болж, нарийн мэргэжлийн эмч болоход сургасан ачтанууд хэмээн хүндэлж дээдэлж явдагаа хэллээ. Мөн Дэлгэрхангай, Чимэддулам зэрэг сэтгэцийн маш сайн эмч, найз нөхдөө дурсаж байна. Архангайд сэтгэл мэдрэл, мэдрэл хоёр нэг байшинд байжээ. Хоёр давхар энэ ягаан байшин энэ гэр бүлийн амьдралын салшгүй, залуу насны хамаг сайхан дурсамжууд шингэсэн эмнэлэг юм.
Тэд дөрвөн хүүхэдтэй. Том охин хуульч, дараагийнх нь билогогич. Нэг хүүхэд нь гадаад хэлний мэргэжилтэй. Монголын радиогийн япон хэлний хэлтэст орчуулагч хийдэг байна. Бага охин нь аавынхаа мэргэжлийг өвлөж сэтгэцийн эмч болжээ. Тэднийд зочилсон, гэр бүлийн найз, Архангай аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Очирбат “Манай гэр бүл Хэнтийд ажиллаж байгаад Архангайд очсон. Ингээд энэ хоёр эмчтэй танилцсан даа. Нутгийн сайхан хүмүүс. Пэрэлэйсамбуу Ариун цэвэр халдвар судлал станц хариуцсан дарга байлаа. Манай Алтанзагас эмч аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч байсан. Гэр бүлийн сайхан найзууд болсон. Хоёр найз маань хүнлэг энэрэнгүй, хүнд тусархуу хүмүүс“ хэмээсэн юм.
Архангайгаас 1988 онд нүүж ирээд айлын халаасны өрөөнд амьдарч байгаад хорооллынхоо найман давхарт гурван өрөө байранд орсон байна. Алтанзагас эмч астамтай, дээш алхах хэцүү байсан тул гурван давхарт байх хоёр өрөө байраар гурван өрөө байраа сольчихсон гэнэ. Энэ нь дөрөв, таван жилийн өмнөх явдал гэнэ. “Та хоёр зөрүү мөнгө авсан уу” гэхэд “Үгүй ээ, бид хоёрт хоёр өрөө байр болно. Харин энд залуучууд амьдардаг байсан юм. Залуу хүмүүст том байр хэрэгтэй” хэмээн ярьж сууна. Тун ч амгалан хүмүүс юм. О.Алтанзагас эмч “Би доошоо орно гээд хоёр өрөө байраар шууд сольчихож байлаа. Зөрүү энэ тэр аваагүй ээ. Би хотод шилжиж ирэхэд сайд нарын Хоёрдугаар эмнэлгийн дарга Оргил намайг шууд авсан. Хөдөө өдөр шөнөгүй сум хэсээд дуудлагаар явдаг байсан. Хотод ирээд дандаа том дарга нарыг үзнэ. Би эхлээд яршиг, дүүргийн эмнэлэгт очъё гэсэн хүлээж авдаггүй. Сүүлдээ дассан даа. Төр засгийн томчууд дандаа надаар үзүүлж эмчлүүлж байсан. Би Их хурлын төлөөлөгч, Москвагийн олимпийн зочноор явж байлаа. Эвлэлийн байгууллагаас явуулж байсан юм. Одоо бодоход хөдөө ажиллаж байсан үе, хотод ирээд зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа цаг үе ч сайхан дурсамжууд үлдээжээ. Хөгшин минь эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн, гавьяатай хүн. Төр засаг нь үнэлж дүгнээсэй гэж бодож явдгаа нуухгүй ээ. Би яахав ээ” хэмээн ярилаа.
Г.БАТЗОРИГ