ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж байгаа 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний “Өвлийн үзэсгэлэн – 2019” олон улсын арга хэмжээнд “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд 35 улсын 54,000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагчид оролцож буй бөгөөд “Монгол Улсын танхим”-д 20 орчим үндэсний үйлдвэр эрхлэгчид мах, махан, арьс, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан
арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол, Хятад хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгаар агуулгаар баяжуулж, худалдааны бүтцийг сайжруулан, нэмүү өртөг шингэсэн ХАА-н гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа” хэмээн онцлов.
Айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хайнань мужийн захирагч Шэнь Шиаомин-тэй албан ёсны хэлэлцээр хийж цаашид “Өвлийн үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийг тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцуулж байх, Хайнань мужид нэвтрүүлсэн ХАА-н дэвшилтэт технологи, шинэ үр сортыг Монгол Улсад нэвтрүүлэх, турших, БНХАУ-ын ХААХТЯ-ны харьяа “Хятадын ХАА-н шинжлэх ухааны академи”-тай хамтарсан судалгааны ажлыг хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Цаашид Хайнань мужийн зах зээлд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн борлуулах, ОУ-ын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд ХАА-н салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч нар тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох боломж бүрдэж байгаа аж.