Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор шагнагдсан “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Танд Монгол Улсын гавьяат мал зүйч болсонд баяр хүргэе. Энэ баярт мэдээг дуулсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баасан гаригийн орой ажил тарахын үед сонссон. Бүр их баярлаж хөөрөөгүй. Харин цаашдаа илүү ихийг хийх хэрэгтэй дээ гэсэн бодол төрсөн. Ер нь миний хувьд аливаа зүйлд хэт их догдлоод байх нь гайгүй л байдаг юм.(инээв)
-Та Архангай аймгийн харьяат байх аа.
-Би Архангай аймгийн Их Тамир сумын харьяат.
-Ээж, аавынхаа талаар ярихгүй юу. Эхээс хэдүүлээ билээ?
-Аав минь насаараа л нэгдэлд ажилласан. Манаач, сахиул, нярав, нягтлан, тоо бүртгэгч, трактор комбайны жолооч гээд л аавд минь хийж үзээгүй ажил гэж байхгүй дээ. 1950-иад онд трактор комбайны жолоочийн курс төгсөж байсан юм билээ. “Гэрэлт зам” нэгдлийн дарга Р.Минжүүр намайг долдугаар ангид байхад Хөдөлмөрийн баатар болсон юм. Аав тухайн үед нэгдэлд их л олон ажил хийдэг байсан. Идээний үйлдвэрийнх нь эрхлэгчээр ч ажиллаж байлаа. Тэр үед алдарт Тамирын цагаан ааруулыг хийдэг байсан санагдана.
Аав тун хөдөлмөрч хүн байсан. Үүнийг нь ч нутгийн зон олон дурсан ярьдаг. Ямар сайндаа л “Ломбо шиг арван хүнтэй бол юу ч хийж болно” гэсэн байхав. Миний аав “За гэвэл ёогүй” тийм л найдвартай хүн байсан. Аав дөрөвдүгээр анги төгссөн ч сүүлд оройгоор долдугаар анги хүртэл суралцсан юм. Хэдий тийм ч дөрвөн аргын тоо, сампинд гайхалтай сайн. Төрөлхийн цөлх, ухаалаг хүн байв даа. Ээж бол бага ангийн багш. Сайн ноён аймгийн Сэцэн Чин Вангийн хошууны хамгийн сүүлийн захирагч нь миний ээжийн элэнц өвөө юм гэдэг. Би эхээс наймуулаа, айлын хоёр дахь хүүхэд. Одоо бодоход таван ханатай гэр дотор найман хүүхэд, аав, ээжтэйгээ сайхан л байсан юмдаг. Ингэж л олуулаа бужигнаж өссөн дөө.
-Гавьяатын тэмдгээр энгэрээ мялааж гэр бүлийнхнийгээ баярлуулсан нь дамжиггүй. Ер нь ээж, аавыгаа санасандаа хүртэл баярлуулж байв уу?
-Аав минь намайг 46-тай байхад бурхан болсон юм. Аавыгаа тэгтэл нь их баярлуулж чадаагүй ээ, хөөрхий. Миний муу аав ажлын төлөө л хүн байсан даа. Ээж минь өдгөө 80 нас гарсан сайхан буурай бий. Хүүхдүүдтэйгээ сайхан л байна.
Хүүхдүүдээ зөв сайхан явж байгаад нь их баярлаж явдаг юм билээ. Ээж минь “Надад үнэтэй цайтай юу ч хэрэггүй. Та нар л эрүүл, зөв явахад болно” гэдэг Тиймдээ ч зөв явж л ээжийгээ баярлуулах юмсан гэж боддог юм. Баярлуулж байгаа ч гэж боддог. Ээж минь бизнес хийдэггүй хүүхдүүдээ их харж үзнэ. Хааяа надаас мөнгө авч цааш дамжуулна. Бүгдээрээ биш л дээ, ганц нэг дүүд тэгж мөнгө өгдөг. Би бол санаагаараа мөнгө өгч гялайлгахгүй, ээжээр л дамжуулна. Ээж цааш дамжуулахдаа тун сэтгэл ханамжтай байна. Тэр сэтгэл ханамжийг өгч, баярлуулах нь миний нэг үүрэг юм даа.
-Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр бид хоёр ижил мэргэжилтэй, нэг ангийн хоёр юм. Гэр бүлээрээ “Уул шугамандаа зоотехникч юм”. (инээв) 30 гаруй жил сайхан ханилж байна. Өнөөдрийн энэ амжилтын 51 хувь нь хань Тунгалагтай маань холбоотой. 51-ээс дээш гаргаж болохгүй, доош нь оруулж болохгүй. (инээв). Би нэг охинтой.
-Та Зоотехникч гэх мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ?
-Би дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд конкурс өгөлгүйгээр урилгаар их сургуульд орж, энэ мэргэжлээ сонгосон. Миний нагац ах сум дээр Үржил селекцийн станцт ажилладаг байлаа. Малын удам угсааг сайжруулах ажлыг хийдэг байв. Ер нь 1970-1980 оны үед малын удам угсааг сайжруулах ажил их хийгдсэн шүү. Нагац ахын минь ажил надад их сайхан санагдана. Орос мэргэжилтнүүд ч манай суманд байсан юм. Мотоцикль унаад, нүдний шил зүүчихсэн яваа зоотехникчид их гоё харагддаг байж билээ. Энэ бүхнийг хараад л зоотехникч болох хүсэл төрсөн.
-Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?
-Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1985 онд төгсөөд Архангай руугаа хуваарилагдсан. Очингуутаа өнөөх Үржил селекцийн станцуудынхаа орлогч дарга нь болсон. Дөнгөж сургуулиа төгсөөд ирж буй 23 настай хүүг том дарга болгочихсон хэрэг. Одоо тэр үеэ бодохоор инээд хүрдэг юм. Дарга дүрдээ бүр орчихсон, өөрөөсөө ахмад настай хүмүүстээ дарга нь юм чинь гэсэн байдлаар хандаад л. Харилцааны хувьд их л алдаж байсан юм шиг санагддаг. Тухайн үед алдаж байгаагаа мэдэхгүй. Одоо зарим залуучууд яг л миний тэр алдааг давтаж байгаа харагддаг. Тухайн үед сумдын зоотехникчдийн уулзалт хийлээ. Тэр уулзалт дээр би 30 минутын яриа хийж, дараа нь завсарласан юм. Уулзалтад оролцсон ахмад насны хоёр зоотехникч “Зүүнийхээ сүвэгчнээс гараагүй, номын дуунаас өөрийг мэдэхгүй энэ хүүхэд өөртөө их итгэлтэй байна. Ээ дээ даан ч болоогүй байна даа” гэх нь тэр. Тэр үг үнэхээр орой руу минь орсон. Орлогч даргын ажлыг нэг жил хийчихсэн байсан үе л дээ. Ингээд л ажлаа өгч, суманд очиж ажиллахаар шийдсэн. Тамир сумынхаа Цагаан нуур багт эхнэртэйгээ очиж гурван жил зоотехникчээр ажилласан. Надад маш их зүйлийг мэдрүүлсэн, ойлгуулсан он жилүүд болсон. Албан байгууллагын өрөөнд суух, хөдөө үйлдвэр дээр очоод ажиллах хоёр тэнгэр газар шиг ялгаатайг биеэр мэдэрсэн юм. Ингээд л 1990 онтой залгасан. Бусдын л адил ардчиллыг дэмжиж, басхүү Эрээн рүү ганзагын наймаанд явж байлаа.
-1990 оны ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож байв?
-Би нутагтаа, Цагааннуур баг дээрээ байсан. Тэндээ Монголын ардчилсан холбоо, Монголын социал демократ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Өөрийнхөө байгаа орчинд л ардчиллыг дэмжиж оролцож байгаа хэрэг. Телевизгүй учир ардчиллын үйл явцыг зөвхөн радиогоор л сонсдог байж билээ.
-Ганзагын наймаа хийж, ардчиллыг дэмжигч байсан ч мэргэжлээсээ хол хөндийрөөгүй явж ирсний үр дүн өнөөдөр харагдаж байна. Ер нь шувууны аж ахуйг онцлон сонирхох болсон нь ямар шалтгаантай вэ?
-2004 онд шувууны аж ахуйг эхэлсэн. Үүн рүү орох хүсэл надад тун их байсан. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн тахианы аж ахуйн хичээл ордог Содномцэрэн гэж багш минь “Шувууны аж ахуй гэдэг эрчимжсэн мал аж ахуйн төгс хэлбэр. Шувууны өндөг хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн үнэт хүнс юм” гэж хэлж байсан. Энэ уг “Түмэн шувуут”-ыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Өндөгний 96 хувь нь шууд хүнд шим тэжээл болж, дөрөвхөн хувь нь шингэхгүй таны ялгадсаар гардаг. Ингэж хүнд ээнэгшиж шингэдэг хүнс одоогоор хорвоо дэлхий дээр байхгүй. Ийм үнэтэй хүнс юм. Тиймдээ ч олон улс оронд өндгийг стратегийн хүнс болгосон байдаг. Өглөөний цайг өндөгтэй ууна гэдэг дэлхийн соёлт хүн төрөлхтний жишиг, бичигдээгүй хууль болчихсон. Юуны тулд зоотехникч билээ ийм сайхан зүйлийн төлөө явна даа гэсэн бодол надад байсан. Ямартаа ч эхлүүлээд 15 жилийг үджээ. Мөн би махны үхрийн аж ахуй байгуулах юмсан гэж их хүсдэг байлаа. Түүнийгээ Дорнодод хийх гэж үзсэн ч цаг нь арай эрт байсан л даа. Дээрээс нь холдоод байсан учир 2010 оны үед “Мак” компанид зарчихсан юм.
-Хурдан хугацаанд амжилтад хүрэхэд тань юу нөлөөлөв?
-Өнөөдөр бид дэлхийн стандарт түвшинтэй эн зэрэгцэж байгаа. Энэ хэмжээнд хүрсэн тухайгаа бусад салбарынхан санаа аваасай гэдэг үүднээс ярих нь зүйтэй. Энэ салбарт анх орж ирэхэд маш их хоцрогдсон байсан. Тиймдээ ч би Хятадын шувууны аж ахуйн салбарын хамгийн шилдэг компанийн захирлаас “Та ямар ч хөрөнгө оруулахгүйгээр үүнээс олсон ашгийн 50 хувийг нь ав. Харин надад мэддэг бүх зүйлээ зааж өг” гэж аминчлан гуйсан. Бид гурван жилийн гэрээ байгуулсан юм. Надад бүх зүйлийг зааж өгсөн. Аливаа зүйлийг ганцаараа бүтээнэ гэдэг өрөөсгөл. Хамгийн шилдэг гэсэн хэсгийг түшиж, тэд нараас дэм авч ажиллах ёстой. “Түмэн шувуут” компани ингэж ажлаа эхлүүлж байсан юм шүү дээ. Дэлхийн жишиг болсон компанийн үйл ажиллагааг шууд хуулбарласан гэсэн үг. Өнөөх хятад хүн “Чи хэлсэн ярьсандаа байлаа. Одоо дангаараа энэ ажлаа үргэлжлүүл” гээд явж байлаа. Бид одоог хүртэл тэр хятад компанитай маш дотно харилцаатай байдаг. Дээрээс нь ОХУ, АНУ, Голланд, Францын компаниудтай байнгын холбоотой байна. Өнөөх хятад хүн л биднийг энэ бүгдтэй холбож өгсөн. Мөн Орос түншүүд маань ч олж өгсөн. Бие биетэйгээ сайн нөхөрлөнө гэдэг бизнест маш чухал. Хамгийн чухал нь бид дэлхийн тахианы аж ахуйн шинжлэх ухаан, тэжээл, арчилгаа, маллагаа, тоног төхөөрөмж тал дээр томоохон сүлжээнд багтсан. Тэдний заавраар бид явж байна гэж хэлж болно. Тахианы иддэг түүхий эдүүдийн дээжийг бүгдийг нь гадагшаа явуулдаг. Тахиа идэж болох түүхий эд, тэжээлүүдээс алинаас нь хэдэн хувиар хийх вэ, тэр тохиолдолд хэрхэх вэ гэдгийг хариуцаж байдаг бүхэл бүтэн институци бий. Дэлхий глобалчлагдсан учраас толгой институцийн өгөгдлөөр л үйл ажиллагаа явж болно. Цаашид ямар шинэ дэвшил, инноваци гарч байна тэр бүрийг л бид нэвтрүүлэхийн төлөө явна. Саяхан бид иод, омега, селений агууламж өндөртэй өндгүүд гаргачихлаа. Энэ 10 жилийн өмнө гарчихсан байсан зүйл. Бид сая үүнийг дэлхийн жишгээр нь нэвтрүүллээ. Энэ мөн л хамтын ажиллагааны хүч.
-“Түмэн шувуут” компани IPO зарласан. Яагаад IPO зарлахаар шийдсэн юм бэ?
-Бусад улс орнуудад IPO гэдэг амжилттай яваа компаниудын хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөтгөдөг түгээмэл хэлбэрийн нэг шүү дээ. Амжилттай яваа, санхүүгийн хувьд сахилга хариуцлагатай, нээлттэй ил тод, бусад хүмүүс итгэхүйц байж IPO гаргах тухай ярина л даа. “Түмэн шувуут”-д хүмүүс итгэх байх гэсэн итгэл надад байсан. Амжилт гаргана, өгөөжтэй болно гэдэгт ч мэргэжлийн хүний хувьд найдаж байв. Тиймээс бид хийх ёстой, бид хийхгүй бол хэн хийхэв, үүнийг хийхийн төлөө явна л гэж бодож дайрсан. Орсныхоо дараа хариуцлагатай зүйл гэдгийг нь бүр их мэдэрсэн. Нийгэм, улс орон хөгжье, эдийн засагаа олон тулгууртай болгоё, хүмүүсийн орлогын тэгш байдлыг хангахын төлөө ажиллая гэвэл шудрага, сайн үйл ажиллагаатай хувьцаат компаниудыг бий болгох хэрэгтэй. Хүн урдах ажлаа хийгээд л явж байхдаа авсан хувьцаа нь өсч, ашиг орлого нь нэмэгдэж байх ёстой юм. Ийм л боломжийг олон хүнд өгөх ёстой. Дэлхийн нийт бизнес эргэлтийн 40 хувь нь ингэж явж байгаа. Гэтэл манайд хоёр, гуравхан хувьтай л байна. Үүнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулбал монгол хүн болж төрсний хэрэг бүтнэ. Аль болох олон хүний хөрөнгийг арвижуулж өгөх хэрэгтэй. Энэ чинь буян шүү дээ. Дээрээс нь 1990 оны өмч хувьчлалаар маш их хувьцаат компаниуд бий болсон. Тэд яг л хувийн компани шиг санхүү тайлан тооцоо нь нээлттэй бус, ашгийн өгөөж байхгүй, хувьцаа нь ч өсдөггүй. Үүнээс үүдэн ард түмэн хувьцаат компанид итгэхээ больсон. Үлгэр гэж бодох болсон. Угтаа энэ үлгэр биш юм. Энэ утгаараа бид алдагдсан итгэлийг наашлуулах, буцааж авчрах үйл хэргийн төлөө бид ажиллаж байгаа. Буцааж авчрах болно. Хүмүүс өөрт оногдсон ажлаа хийгээд хувьцааныхаа үр өгөөжийг тав, 10 жилийн дараа хүртэх боломжийг авчрахын төлөө “Түмэн шувуут” компани ажиллана. “Нэг толгойд нэг нүд хаваасаг” гэдэг шиг хувь хүн Эрхэмбаярт одоо байгаа боломж, цалин, хөрөнгө хангалттай, одоо болно. Харин эдийн засгийг бэхжүүлэх, хүмүүсийг орлоготой болгохын төлөө л ажиллах нь чухал байна. “Би хавчсан шиг хавчъя, чи харайсан шиг харай” гэдэг шиг бид харайсан шиг харайя, та бүхэн хавчсан шиг хавч. Хамтдаа л урагшаа явъя. Манай хувьцаа өдөр болгон арилжаалагдаж байна. “Хямд байхад нь авч, үнэтэй байхад нь зар” гэх маш энгийн теоромыг дэлхийн үнэт цаас, хөрөнгийн бирж, хувьцаа эзэмшигчдийн хамгийн шилдэг тоглогч Уоррен Баффет хэлсэн байдаг. Сайн компанийн хувьцааг хамгийн хямд, уналттай байх үед нь л авчих. Сайн компани гэдгийг энгийнээр хэлвэл таныг хулхидахгүй компани л гэсэн үг.
-Та эдийн засаг хямралтай үед бүх ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан. Энэ талаараа тодруулаач?
-Ярилцлагадаа хэлье гэж бодож байсан нэг гол санаа минь үүнтэй холбоотой. Хүн сайхан амьдрах гэж л ажилладаг. Тийм хүсэл мөрөөдөлтэй ажиллаж байх ёстой. Ганцхан хувиа бодож болохгүй. Бид өнөөдөр нэг сэтгэлгээг таягдан хаях хэрэгтэй байна. Хүнд та гар дээр нь 400 мянган төгрөг өгч байвал одоо болих хэрэгтэй. Өөрийгөө бизнес хийж байна ч гэж битгий бод. Би бол ийм филисофитой. Яавал нэг, хоёр сая төгрөгийн цалин өгөх вэ, яагаад солонгосчууд гурав, дөрвөн сая төгрөгийн цалин өгөөд байгаа юм бэ гэдгийг бид бүгдээрээ бодох ёстой. Товчхондоо, бид бүтээмжтэй ажиллахгүйгээр хүмүүстээ сайн цалин өгч, дэлхийтэй өрсөлдөж чадахгүй. Сүүлийн үеийн өндөр бүтээмжтэй, хоцрогдоогүй тоног төхөөрөмж, техник технологи, шинжлэх ухааныг ашиглах ёстой. Тэгж байж хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Саяхан би БНСУ яваад ирлээ. Ким гэж махны үхэр тэжээдэг өвгөнтэй уулзлаа. 600 үхэртэй хэрнээ гурвуулхнаа ажиллаж, жилдээ гурван тэрбум воны орлого олж байна. Тэнд ажиллахад хүн түүртээд байх зүйл алга. Техникүүд нь бидний л мэддэг зүйлүүд байх юм. Яаж хүн хэмнэх вэ гэдгээ маш сайн боджээ. Хүн хэмнэлээ гээд ажлын байр багасгаж байна гэж ойлгож болохгүй. Хүн хэмнэхийн цаана нь цалин нэмж байна л гэсэн үг.
-Таныг импортын тахианы махыг шахах зорилготой гэж сонссон. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Бид импортын тахианы махыг орлох тахианы аж ахуйтай болъё гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Импортын тахиаг багасгах ажил руугаа орох уу, эсвэл үйлдвэрлэж байгаа өндөгнийхөө хэмжээг илүү нэмэх үү гэх сонголттой бид тулгарч байгаа.
-Та Ардчилсан намын генсек, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Харин яагаад улс төрөөс гарчихав?
-Би Ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа шүү дээ. Хоёр удаа өрсөлдсөн, ялагдсан. Нэг нь 2008 оны долдугаар сарын 1 хавьцаа юм. Багахан будлиантай гэж хэлж болохоор. Нөгөөх нь сайд Д.Сумъяабазартай өрсөлдсөн. Улс төрийн тухайд нэг зүйл анзаарсан. Улс төрд их шулуухан, түс тас байдал халтай байдаг юм билээ. Заримдаа жаахан бөөрөнхий байх ёстой. Ялангуяа буруу хандлагатай зүйл ярьж байгаа сонгогч бүрийн урдаас инээгээд л “Та сайн хүн шүү” гэж хэлэх ёстой шиг байгаа юм. Би тэгж чадахгүй. Бэлэнчилсэн, буруу сэтгэлгээгээр ярьсан хүнд буруу, зөвийг нь хэлэх хэрэгтэй. Цаашдаа ч хэлэх болно. Аливаа зүйлийг зөв хандлага руу нь чиглүүлэх ёстой. Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр “Монголчууд аа, өөрсдөө эхлээд авлига авахаа больчихъё” гэж байна лээ. Энэ үнэн. Сонгуулиар иргэд авлига авч байгаа шүү дээ. Ард түмнээрээ авлигачин болчихсон. Намууд нь улаан, цагаандаа гарчихсан. Улсаараа дөжирчихсөн энэ байдлаасаа салахгүй бол болохгүй ээ таминь. Ёс зүйн хувьд намууд нэгнээсээ илүү гарах юм алга. Бид оюун санаагаа цэвэрлэхгүй бол болохоо байлаа. Ер нь бол нохойны хулгайч зан хэзээ ч арилдаггүй. Эв нь таарвал хаяан доогуурх ууттай борцыг аваад л явчихдаг. Үүнтэй адил одоогийн төр засагт хулгайлаад сурчихсан, тийм арга барилтай хүмүүс их бий. Тэд хулгайчаа мэдэхгүй их гоё ярьдаг. Энэ хүмүүсийг бүгдийг нь цэвэрлэж залуусаар цус сэлбэж өөрчлөх нь зөв.
-Та ирэх сонгуульд нэр дэвших юм уу?
-Нэр дэвшихгүй. Би муухай ааштай учир сонгогчдоо загнаад хаячихна биз. (инээв). Би чинь нийгэмд их муухай ааштай хүн шүү дээ.
-Харин ч таныг зан харилцааны хувьд бусадтай нийцтэй хүн гэдэг юм билээ шүү дээ.
-Нийтлэг зүйл дээр зарчмаа барина л даа. Зарчимч хатуу, хүнд зөөлөн. Зарчим гээчээс хэзээ ч хазайж болохгүй.
-Бид ардчилалтай золгоод 30 жил болжээ. Ардчиллаа цаашид илүү сайнаар авч явахын тулд яах ёстой юм бэ?
-Ардчилал бол бидний сонгосон зам гэдгийг АН, МАН аль нь ч ялгаагүй хүлээн зөвшөөрч байгаа. Ардчиллыг аль нэг нам, хүн өмчлөх ёсгүй. Ардчиллынхаа хэм хэмжээг иргэддээ зөв ойлгуулах ёстой. Арчдилал эрхийг олгохыг сацуу үүргийг ч оноодог. Үүний жин бан нь таарах ёстой. Энэ зүйлийг иргэддээ ойлгуулах ёстой байдаг юм. Боловсролыг нэмэгдүүлж, хүнээ төлөвшүүлэхээс эхлэх ёстой. Мөн ёс зүйн хэм хэмжээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Шударга бус үйлдэл, авлига газар авчихлаа. Тэр бүрт тухайн үед шийдвэр гаргах, гарын үсэг зурах түвшинд ажиллаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Одоо завсарлацгаа, больцгоо гэсэн үг. Тэр нөхдүүд нэг их гавьяа байгуулчихсан мэт л хэвлэлээр ярих юм. Ямар ч гэмшсэн шинжгүй байгаа нь надад их сонин санагддаг. Ард түмэн нь ядуурч, авлига сүлжчихсэн, тэр нь ил тод болчихсон. Тийм хэрнээ л ялсан баатар шиг л байцгаах юм. Энэ бүхнийг иргэд маш сайн ойлгох нь чухал байна.
-Намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх нь анхаарлын төвд байна. Ардчилсан намын тухайд нэр дэвшигч 100 сая төгрөгийн хандив өгөх ёстой гээд зарлачихсан. Түүнийгээ дэмжигч хувь хүн, компаниудаас хандив байдлаар авч болно гэж байгаа. Харин таны хувьд ямар ч төрлийн хандив өгөхгүй гэдгээ цахим хаягтаа бичжээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь юу байв?
-Бид боломжтой бол хандиваа хангалттай өгч байх ёстой. Бидний хувьд тэр хандиваа хангалттай, үнэнч шударгаар өгч байгаа. Манай компанид хоёр тайлан байхгүй. Цэвэр ашгаасаа татвараа ном журмаар нь улсдаа тушааж, бүх ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж байна. Хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлийн төлөө ажиллаж байна. 200-гаад ажилчдынхаа нийгмийн асуудал дээр анхаарлаа хандуулж, найман хувийн зээлд орсон тохиолдолд гурваас таван жилийн турш зээлийнх нь хүүг дааж байгаа. Ажилчдынхаа өдрийн цай хоолд нь хамгийн чанартайг өгөхийг зорьж, жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Үүний хажуугаар бизнес хийхийн хүнд бэрх, хийсэн бизнесийнхээ хичнээн хувийг улсад тушааж байгааг мэдэхгүй хандив гуйж байгаа хүмүүс, байгууллага, төрийнхнийг би эгдүүцдэг юм. Чадахгүй гэдгээ ч хэлдэг. Үүнийгээ л бид тайлбарласан хэрэг. Бид нараас авсан татварыг улс зөв зүйтэй зарцуулж чадахгүй байна гэхээр л дотор талаас буцлах шиг болж байгаа юм. Төсөв 10 дахин нэмэгдчихээд байхад яагаад ажилчдын цалин нэмэгдэхгүй байгаа юм бэ. Ядаж тав дахин нэмчихэж болохгүй байгаа хэрэг үү. Тэгвэл юунд зарцуулагдаад байгаа юм бэ, тэр их мөнгө хаашаа гулгаж, урсаж орчихоод байна вэ. Тэгэхээр улс төрд орохоос аргагүй мэт. Төсөвт хяналт тавьж, зөв зарцуулж байгаа эсэхт нь оролцмоор санагддаг юм. Миний хувьд цаг нь болохоор улс төр лүү орох болно. Гэхдээ одоо бол биш.