(ДАЗАЙ ОСАМҮ)
Японы уран зохиолын нэрт төлөөлөгч Дазай Осамүгийн “No longer human” буюу “Хүн байх эрхгүй” зохиолыг та нартаа ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү намтарчилсан роман нь зохиолчийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай зохиол бөгөөд зохиогдсон цагаасаа хойш далаад жил өнгөрөөд байгаа боловч Япондоо дотоодын зохиолчдын дахин хэвлэгдсэн номын жагсаалтад үргэлж нэг, хоёрдугаар байранд эгнэдэг юм билээ. Дазай Осамүгийн хувийн амьдрал маш ээдрээтэй. Мөнхийн зөрчил, тэмцэл дунд, учраа олохгүй төөрч будилан явсаар архинд донтож, морфины хамааралд орж, амиа хорлохоор хэд хэдэн удаа завдаж байсан ч гэдэг. Ингэсээр хамаатан садан, найзууд нь аргаа барахдаа ч юм уу, түүнээс залхсандаа ч юм уу, хуйвалдаж байгаад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж байжээ. Түүнийг 18 настайд, хувь хүний тухайд ч тэр, зохиолчийн тухайд ч тэр, үзэл бодол нь ид жигдэрч, төлөвших үед нь шүтэн биширдэг зохиолч Акүтагава нь амиа хорлосноос энэ бүх сэтгэлийн шаналал үүссэн гэдэг. Зохиолчийн жинхэнэ нэр нь Цүшима Шюүжи, тэр 39 хөн насандаа амиа егүүтгэсэн юм.
Романы гол баатар чинээлэг, сэхээтэн айлын хүү Ёочян өөрийн амьдралыг өсөхөөс авахуулаад төгсөх хүртэл ямар ч өнгөлөн далдлалтгүйгээр яг байгаагаар нь, байснаар нь ярьж өгдөг. Өөрөөр хэлбэл, роман би баатар хэлбэрээр бичигджээ. Тэр яг л нэгэнт өнгөрсөн амьдрал юм чинь одоо би та нарт бүгдийг ярьж өгөөд дуусъя гэж байгаа аятай бүх амьдралаа нэгд нэгэнгүй илчлэн дэлгэх болно. Өөрийгөө хамгийн муу муухай амьтан, нүгэл хилэнцээр дүүрсэн, азгүй, чадалгүй, сул дорой, хүний сүг хэмээн тодорхойлж, үйлдэл бүрээ буруушаана. Ёочян бол царайлаг сайхан залуу, охид хүүхнүүд түүний төлөө юу ч хийхээс буцахгүй, тийм ч учраас түүний амьдрал эмэгтэйчүүдээр дүүрэн, хаа явсан газар нь нэг эмэгтэй заавал түүнийг хайрлан тэтгэж байдаг. Хэтэрхий сайхан хүн болохоор нь ч тэр биш юм. Зүгээр л сул дорой болохоор амьдрах арга зам нь ийм хэрэг л дээ. Түүнийг тодорхойлбол, нэг талаасаа сул дорой, уян, эмзэг, хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн, нөгөө талаас нь харвал бүхнийг мэдэж байгаа ч юу ч хийхийг хүсдэггүй, болж байгаа юм бүгдийг шүүмжлэхээс өөрөөр хорвоотой харьцдаггүй арчаагүй, хувиа хичээсэн энгийн нэгэн бэртэгчин шиг харагдана. Аль ч талаас нь дүгнэсэн байлаа гэсэн, сайн муу ямар ч хүн байлаа гэсэн, (бид түүнийг дүгнэж тэртэй тэргүй чадахгүй шүү дээ) за тэгээд тэр ер нь хэн ч байлаа гэсэн өөр рүүгээ хайр найргүй давшилж, сэтгэлийн мухар дахь бугшсан идээ бээрээ шахаж, өөрөөсөө ч нуусан тэр түүхүүдийг дэлгэж, өөрийгөө биднээр чичлүүлэх бас хайрлуулах боломж олгож байгаагаараа тэр хамгийн зоригтой, бас хамгийн биширмээр хүн юм.
Түүний цор ганц бүр чин сэтгэлийн хүсэл нь ертөнцийг ойлгох. Яагаад хорвоогийн юм бүгд ийм хувьсамтгай, худал, хуурмаг байдаг, тэр дундаа хүмүүс яагаад үргэлж өөрчлөгдөж байдаг, нэг нэгнээсээ урвадаг, ахуйн өчүүхэн асуудлаас өөр юуг ч бодох сөгөөгүй байдаг юм бол хэмээн үргэлж гайхширна. Оршин байгаа юм бүхэн түүнээс өөр юм шиг, тэр ганцаархнаа гаж юм шиг, хүн бүхний эсрэг сөрж алхаад байгаа юм шиг санагдсаар сүүлдээ энэ эргэцүүллүүд нь даамжирч сэтгэхүйд нь нөлөөлдөг. Ингээд архи ууж, хүүхэн эргүүлж, эцэг эхээсээ зөрж, найз нөхөд ч байхгүй, тогтсон амьдрал ч үгүй, бүтэлгүйтэл, уналт дунд залуу насаа тарамдаад дуусч байгаа юм. Энэ романыг зохиолч өөрийн амьдралын түүхээс сэдэвлэн бичсэн гэдэг. Энд өгүүлсэн болгон үнэн биш боловч нэлээд хэсэг нь зохиолчийн амьдралд тохиолдсон зүйл, өөрийнх нь туулсан амьдрал. Осамү энэ зохиолоо бичиж дуусгаад сарын дараа амиа хорлосон юм. Ерөнхийдөө ийм төрлийн зохиолууд нь унших тусам эгог чинь нээж өгөх болохоор яах аргагүй классик санагддаг.
Та өмнө нь ганц удаа ч болов хүн байх эрхтэй эсэх талаараа бодож үзэж байсан уу. Хүн шиг хүн байна гэдэг ямар ойлголт юм бэ. Үргэлж бусдад сайн сайхныг түгээж, чин шударгаар хөдөлмөрлөж, юунд ч шуналгүй энгийн амьралаар замнахыг хэлдэг юм уу. Эсвэл эрдэм ном, эд баялгийн оргилд гарахыг хэлдэг юм уу. Энэ насаа дуустал бэдрэх ганц асуултын минь хариуг Осамү цэл залуудаа олчихоод, үүнийгээ өөрөөрөө дамжуулан хэлчихээд л явчихсан юм биш үү.
Түүнийг би “Дорнодын Достоевский” гэж бодно.
А.МӨНХЗУЛ