Сүүлийн үед нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн агууламж их байгаа талаар мэдээлж, ярих болсон. Үүнтэй холбоотойгоор хүхэрлэг хий гэж чухам юу болох бас хүний биед хэр хортой талаар багахан ойлголтыг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.
ХҮХЭРЛЭГ ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ
Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодисуудтай амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Агаар дахь хүхрийн давхар ислийн 99 орчим хувь нь хүнээс үүдэлтэй. Хүхэр агуулсан материалыг боловсруулдаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, жишээ нь хүхэр агуулсан нүүрс, газрын тос, хийнээс цахилгаан үйлдвэрлэхэд гардаг байна. Мөн агаар дахь хүхрийн давхар ислийн хамгийн их агууламж нь шатахуун боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрлэл, ашигт малтмалын хүдэр боловсруулах үйлдвэр, цахилгаан станцуудын ойролцоо байдаг. Зарим ашигт малтмалын хүдэр нь мөн хүхэр агуулдаг бөгөөд боловсруулахад хүхрийн давхар исэл ялгардаг. Байгалиас бол галт уулын дэлбэрэлтээс л агаарт гарах боломжтой аж. Гадаа агаарт биш байшин дотор энэ хий нь керосин дэнлүү, мод эсвэл нүүрсний зуухнаас дэгдэх боломжтой. Мөн гараашид тамхи татвал ийм хий үүснэ.
Сонирхуулахад, энэхүү хортой хийг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа жимс, хүнсний ногоог ялзарч муудахаас сэргийлж, өнгийг нь хувиргахгүй байх зорилгоор маш бага хэмжээгээр ашигладаг гэнэ. Учир нь хүхрийн давхар исэл нь нянгийн эсрэг үйлчилгээтэй аж. Европт ийм төрлийн жимсийг Е220 (20) хэмээн нэрлэдэг байна. Мөн шар айраг, дарс хийхэд ашигладаг гэнэлээ.
Хүхэрлэг хий бол агаар бохирдуулдаг химийн элементүүд дотроос маш хортойд тооцогддог. Агаарын бохирдлоос болж озоны хомсдол үүсч эко систем доголдоод байгаа өнөө цагт хүхэрлэг хий нь яах аргагүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болоод байгаа юм.
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ
Хүхрийн давхар исэл нь хамар, хоолой, амьсгалын замыг цочроодог. Хүхэрлэг хийтэй агаараар амьсгалахад ханиалгах, хамар, хоолой, уушги шатаж байгаа юм шиг мэдрэмж төрөх, амьсгал давчдах, цээжний эргэн тойронд хүчтэй өвдөх шинж тэмдэг мэдрэгдэнэ. Хүхрийн давхар ислийн нөлөө маш хурдан илэрдэг бөгөөд энэ хийгээр амьсгалаад 10-15 минутын дараа л хүний биед нөлөөлж эхэлдэг байна. Амьсгалын замын өвчтэй, эсвэл астматай хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд хүхэрлэг хийн 90 орчим хувь нь амьсгалын дээд замд шингэж гуурсан хоолойг үрэвслүүлнэ. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд хүхэрлэг хийнээс хордох магадлал өндөр байдаг гэнэ. Хүхэрлэг хий урт хугацааны туршид хүний биед аажмаар нөлөөлөхдөө толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг мэдрүүлнэ. Улмаар хүний биеийн уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. РМ 2.5 тоосонцортой хавсарсан тохиолдолд уушгины эдийг түлэх аюултай. Хорт хавдар үүсгэдэг эсэхийг дэлхий нийтээрээ судалж тогтоогоогүй байгаа аж.
ХҮХЭРЛЭГ ХИЙНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
Өндөр агууламжтай хүхэрлэг хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг дээр дурдсан. Дэлхийн улс орнууд хүхэрлэг хийг ялгаруулахгүй байх тал дээр анхааран, төрийн бодлогодоо тусган кампанит ажлууд өрнүүлдэг юм билээ. Харин манай улсын хувьд урьд өмнө нь ингэж онцлон ярьж, бичиж байсангүй. Улаанбаатар хотын утаа өмнөх жилүүдийг бодвол мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа боловч хүхэрлэг хийн агууламж өндөр гарах болсон нь иргэдийг түгшээгээд буй. Эрдэмтэд энэ бүхний шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ч хариу нь гарах болоогүй, дараа жил гэхэд л эхний хариу нь гарч эхэлнэ гэж байгаа. Гэсэн хэдий ч шахмал түлш их хэмжээний хүхрийн давхар исэл агуулж байна гэх хардлага нийгэмд бий болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын тайланд дурдсанаар Улаанбаатарын агаарын хүхэрлэг хий 65 хувиар өссөн байгаа юм. Энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд агаарын чанарын стандартаас даруй 6,6 дахин их гэсэн үг. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа нэг кв.м-т 46 мкг хүхэрлэг хий оногдож байна, энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн. Мөн тэд хүхэрлэг хийн өсөлтийг шахмал түлшнээс болоогүй, чанар муутай бензин түлш, автомашины утаанаас болсон гэж тайлбарлаад байгаа билээ.
Гадны улсуудад бол агаарын чанарыг тогтмол шалгаж, хэрвээ хүхэрлэг хий өссөн үзүүлэлттэй гарвал тэр өдрүүдэд нь агаарын санамж гаргаж, хүмүүсийг гадуур гарахаас аль болох зайлсхийхийг зөвлөдөг байна. Мөн цэцэрлэг, сургуулиуд хаалгаа барьж, астма болон амьсгалын замын өвчтэй хүмүүстээ онцгойлон анхаарал хандуулдаг гэнэ. Үүнээс харахад хүхэрлэг хий маш хортой гэдэг нь тодорхой байгаа юм. 50 жилийн тэртээ Японы Ёккайчи мужид нээгдсэн үйлдвэрийн яндангаас ялгарах хүхэрлэг хийнээс болж маш олон хүн архаг бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин тусч эхэлсэн байдаг. Ард иргэдийн тэмцлээр засгийн газраас нь агаар цэвэршүүлэх ажил явуулснаар хүмүүсийн амь аврагдаж байсан гашуун түүх дэлхийд бий. Австралид л гэхэд шатахууны чанарын индекс тогтоожээ. Чанаргүй муу шатахуун хэрэглэхгүй байснаар агаар мандал дахь хүхэрлэг хийг бууруулахад маш том түлхэц болсон юм билээ.
А.МӨНХЗУЛ