“Сочи-2014” хэмээх өвлийн олимпийн асар том арга хэмжээ ОХУ-д тээр жил зохиогдсон. Таван жилийн өмнөх үйл явдал л даа. Гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг маруухан зүйрлэлтэй харьцуулаад хэлбэл хойд хөршийнхөн маань гайхалтай оролцож түүхэндээ байгаагүй дээд амжилт үзүүлэн медалийн тоо чанараараа нэгд бичигдэж байсныг хүмүүс бараг санаж байгаа байх. Амжилт нь хэр зэрэг суга үсэрсэн бэ гэдгийг жирийн жишээгээр толилуулахад дөрвөн жилийн өмнөх “Ванкувер-2010” өвлийн олимпиадад оросууд гурван алт ба нийт 15 медаль авч байсан бол бараг тэр бүрэлдэхүүнээрээ дөрвөн жилийн дараа 13 алт гээд нийт гуч гаран медаль хүртэж байжээ. Мэдээж нутагтаа зохиогдох тэмцээнд нэр төртэй оролцъё гээд дөрвөн жил шургуу хөдөлмөрлөсөн тамирчид бий гэдгийг үгүйсгэхгүй. Бас лидер, лоодорын хооронд хэдхэн секундын зөрүүгээр хэмжигддэг чарга, биатлон, тэшүүр гээд спортууд бий гэдгийг мартаж болохгүй. Тийм л газар нөгөө алдарт сэргээшийн тусламж гарч ирсэн бололтой. Бололтой гэж хэлэхгүй бол яг таг оросууд луйвардсан гэх барьж тавих найдвартай баталгааг Олон улсын сэргээшийн эсрэг төв (ВАДА) үзүүлдэггүй, гэхдээ оросуудад “но” бий гэдэг үйлдлүүд өнөөдөр хүртэл хөврөөд буй нь яалт ч үгүй үнэн билээ. Тэгэхээр оросууд булхайцсан байх магадлалтай явдлуудыг их холоос сөхөж харъя л даа.
“Сочи-2014” наадмын өмнө ба хойно Оросын сэргээшийн эсрэг агентлаг (Русада) болон Москвагийн сэргээшийн эсрэг төв хэмээх байгууллагууд өөрсдийнхөө тамирчдын цэвэр эсэхийг шалгаж ВАДА-гийн дүрэм горимын дагуу ажиллаж байсан. Харин олимп дууссаны дараа жил Германы ARD телевизийн дэлгэцнээ гарсан баримтат киног үндэслэн ВАДА-гаас тусгай комисс байгуулан Оросын сэргээшийн эсрэг төвүүдийг шалгасан байдаг. Тэд шалгалтын явцад Москвагийн сэргээшийн эсрэг төвийнхөн тамирчдын мянга гаруй сорьцыг устгасныг илрүүлжээ. Бас энэ шалгалтын дараахан “Сочи-2014” олимпийн үеэр Русада-г толгойлж байсан Камаев, Синев хэмээх хүмүүс нэгэнт нас барсан гэдгийг онцлохгүй байж боломгүй нь. Харин Москвагийн допингийн эсрэг төвийг ахалж байсан Родченков гэх хүн Америк руу зугтаж одоо тэндээс бүхнийг дэлгэн “ус булингартуулж” буй. 2016 оны нэгдүгээр сард АНУ руу дүрвэн гарсан Родченков юуны өмнө “амь насыг маань бүрэлгэнэ гэсэн заналхийллээс болж оргосон” гэж мэдүүлж байсан бөгөөд улмаар Оросын спорт тэр чигтээ луйвар, заль, хууран мэхлэлтээр дүүрэн гэдгийг “Икар” хэмээх баримтат кинонд өгүүллээ. Сочигийн олимпоос хамаагүй өмнө бүр “Лондон -2012” зуны олимпийн үед ч оросууд сэргээш хэрэглэж байсан, түүний лаборатори гурван төрлийн стерериодыг хольсон коктейль үйлдвэрлэж тамирчдадаа уулгадаг байсан, түүнийг нь хянах ёстой Русада нь тэмцээний өмнө сорьцыг цэврээр сольдог, тэр өөрөө “Сочи-2014”-ийн өмнө зуу гаруй “Б” сорьцыг цэврээр сольсон, энэ бүгд төрийн хэмжээнд хянаж зохицуулагдаж байсан гээд л хусч өгсөн дөө. Дараа нь оросууд “энэ Родченков тамирчдад сэргээш өгдөг, дараа нь мөнгө нэхэж дарамталдаг, сэргээшийн бодисын дамын наймаа эрхэлж байсан” зэргээр эрүү үүсгэжээ. Мэдээж утаагүй гал гэж юу байх билээ, Родченковын мэдэгдлийн дараа ВАДА тусгай комисс байгуулж түүнийг нь Канадын хуульч Ричард Маклеран хэмээх эрхэм удирдаад судалж эхэлсэн. Маклераны мөрдөлтийн гол зорилго нь үнэхээр оросууд төр, засгийн хэмжээнд булхайцаж байж уу үгүй юү гэдгийг баримт сэлттэй нотлоход оршиж байлаа. Ингээд жил гаран үргэлжилсэн мөрдөлтийн явцад Оросын спортын хороо, Русада, Москвагийн сэргээшийн эсрэг төв зэрэг бүх байгууллага нь тамирчдынхаа сорьцыг сольдог байсан, битүүмжлэгдсэн байх ёстой савны таг гэмтсэн, мянга орчим тамирчны сэргээшийн шинжилгээнд өгсөн сорьцууд солигдсон гээд Оросоос дүрвэн гарсан зарим нэг тамирчин, албаны хүмүүсийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Орос улсын заль бол төрийн хэмжээний туслалцаатай булхай мөн гэж дүгнэжээ. Түүнээс улбаалсан шийтгэлийг уншигч олон санаж буй биз ээ. Оросууд “Рио-2016” зуны олимп, Пёнчаны өвлийн наадмаас өгсүүлээд хөнгөн атлетикийн өнөө жилийн ДАШТ зэрэг томоохон наадмуудад төрийн дуулал, далбаа ч үгүй бие даасан тамирчид олимпийн туг дор жагсан оролцсоноос гадна өчнөөн тамирчны тэмцээнд оролцох эрх их бага хэмжээгээр цуцлагдсан бөлгөө. Нөгөө “Сочи-2014”-ийн тэмцээнээс 13 медалийг хураан авч оросууд албан ёсоор нэгдүгээр байраа дөрвөөр сольсон байх жишээтэй. Хугацаатай юм дуусч, хуйтай юм ургадаг хойно мэдээж оросуудын шийтгэл дуусах ёстой, ийм тийм болзлыг биелүүлбэл эрхийг нь сэргээнэ гэсэн тогтоол гарсан л даа. Энд л их сонин зүйлүүд гарна.
Хэрвээ оросууд буруугүй байсан юм бол олон улсын шүүхэд хандаад баахан эсэргүүцэх ёстой, гэвч тэгээгүй. Тэр шийтгэлийг хүлээж аваад тавьсан шаардлагыг нь биелүүлэх гээд зүтгэсэн. Юуны өмнө Русадаг төрийн мэдлээс салгаж бие даасан байдалтай ажиллахыг шаардсаны дагуу “өрх тусгаарлалаа”.
Энэ хэдэн жилийн хугацаанд Русада зохих хэмжээнд зөв ажиллаж байсны үр дүнд жилийн өмнө эрхээ сэргээлгээд овоо нааштай явж байлаа. Тэгээд ВАДА-гийн шаардлага дагуу 2012-2015 оны хооронд дахь сэргээшийн шинжилгээний дэлгэрэнгүй тайланг илгээхгүй юу.
Гэтэл 2019 оны нэгдүгээр сард Москвагийн лабораториос авсан баримтуудтай нөгөөх нь зөрөөд бас бус зүйл илрээд бүх зүйл орвонгоороо эргэсэн. Энгийнээр тайлбарлавал “оросууд огт гэмшээгүй, нөгөө л хуурчихъя гэдэг сэтгэлгээ хэвээрээ байна, одоо том шийтгэе” гэх ухагдахуунтай мэдэгдлийг ВАДА-гийн тусгай комисс арваад хоногийн өмнө гаргаж хороондоо өгчээ. Одоо арванхоёрдугаар сарын 9-нд хороо хуралдаж комиссын шийдвэрийг батлах уу үгүй юү гэдэг асуудал босоод байна.
Ерөнхийдөө бараг л батална гэж бичээд байгаа. Тэр шийтгэл “хууль” болчихвол оросуудыг олимпийн бүх төрлүүдэд оролцуулахгүй, мэргэжлийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багууд нь Европ, дэлхийн тэмцээнд оролцох эрхгүй, Орос оронд дэлхий, тивийн чанартай ямар ч тэмцээн зохиохгүй гээд маш хүнд “лантуу” буух гээд байна. Тэгээд тэр шийтгэл нь дөрвөн жилийн урттай үргэлжилнэ гэж байгаа шүү дээ. Харамсмаар. Оросын тамирчин байхгүй дэлхийн хэмжээний тэмцээн гэж юу байх билээ. Тэд ямар ч спортод тэргүүлэгчдийн эгнээнд байж, ямар ч тэмцээнийг чимдэг хүмүүс шүү дээ. Хамгийн харамсмаар нь үнэнчээр хөлсөө дуслуулан зүтгэсэн залуучууд богинохон хугацаатай тамирчны насаа алдах гээд байна даа.
Д.БАТ-ЭРДЭНЭ