Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.12.13/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг өргөн барилаа.
1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллажээ.
Францын Төрийн сангаас 57,985,000 еврогийн зээлийг 30 жилийн хугацаатайгаар, жилийн 0.08 хувийн хүүтэйгээр авахаар төсөлд тусгасан байна. Харин үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх юм байна.
Олон улсын валютын сангийн аргачлалаар тооцвол энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 60.3 хувьтай байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийг стандартын түвшинд хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2. “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэргэжилтийг дэмжих, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн.
Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.
Уг хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг авч байна. Санхүүгийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хураалдаанаар хэлэлцэн дэмжжээ.
Хөтөлбөрийн хүрээнд авах 100 сая ам.долларын санхүүжилт нь төсвийн шууд дэмжлэг хэлбэрээр улсын төсөвт орох тул төсөв, санхүүгийн болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.
3. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ.
Унгар Улсын Засгийн газраас олгох уг хүүгүй зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөх юм байна.
Төсөл батлагдсанаар Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютыг урсгалыг зогсоож, жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ. Мөн цаашид экспортлох боломжтой болно.
Ингэснээр манай орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилж нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурна.
Түүнчлэн хүн амын хүнсний баталгаат байдал хангагдах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.