Эрчим хүчний яамны санаачилгаар “Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн систем” хэлэлцүүлэг, семинарыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг, семинарт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, орон нутгийн хөгжлийн бодлогын газар, хэлтсийн төлөөлөл болон бусад холбогдох байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол Улсын дулаан хангамжийн системийг ухаалаг болгон хөгжүүлэх шаардлага, Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо, ойрын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг танилцуулах, Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн системийг хөгжүүлэх боломж бололцоог хэлэлцэх, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дулаан хангамжийг шийдвэрлэхэд санхүүжүүлэгч, хамтран ажиллах байгууллагын оролцоо боломжийн талаар нээлттэй хэлэлцэж, нэгдсэн бодлогод хүрэхэд гол зорилго оршиж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр “Эрчим хүчний салбарын бодлого, дулаан хангамжийн системийг сайжруулах”, “Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо, Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн шийдэл”-ийн талаар нийт долоон илтгэл тавьсан юм.
Дулаан хангамжийн системүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дулааны салбарын оруулах хувь нэмрийн талаар харилцан хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэрэглээнд суурилсан ухаалаг эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, түүний дотор дулаан хангамжийн системийг ухаалаг болгоход чиглэгдсэн сайн туршлагуудыг нэвтрүүлэх, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системүүдийг үр ашигтай хөгжүүлэх,дулаан хангамжийн системд шинэ эх үүсвэрийг ялангуяа нам потенциалын эх үүсвэрийг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон гаргалаа. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэнээр түүнийг шийдвэрлэхэд дөхөм болно гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн юм.