Categories
мэдээ нийгэм

Шин Дун Ү “Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон”

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс гомдол, санал ирдэг. Тухайлбал, автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ, автобуснууд буудал руугаа бүрэн орж зогсохгүй байх зэрэг асуудлыг тавьж байна. Мөн нийтийн тээврээр иргэд бэлэн мөнгөөр зорчих, карт цэнэглэх цэгүүд яг цагтаа онгойж ажиллахгүй зэрэг асуудал шийдэгдэхгүй байна. Түүнчлэн картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлуудтай холбогдуулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч, эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй байна. Үүнд, Нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээг хааж зогсдог, машинаа орхидог энэ байдалтай тэмцэж зохих хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллах, Улаанбаатар смарт карт компаниас энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэдэг 530 цэг өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байна. Иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай и-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байгаа учраас Улаанбаатар смарт компаний зүгээс Сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай байна. Түүнчлэн иргэд, зорчигчдод карт цэнэглэх, бусад холбогдох мэдээллийг сайн хүргэж ажилла. Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих асуудлыг бүх талын холбогдох байгууллагуудыг ажиллуулж цэгцлэх болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ. Мөн нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээн дээр нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Улаанбаатар смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “Манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэл муу ажиллаж байгаа цэнэглэх цэгүүдтэй гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна. Бүтэн нэг жилийн датаг харахад өглөө эрт онгойдог цэнэглэх цэг зургаадугаар сард гэхэд л 30-40 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн. Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Төлбөрийн олон талт системийн хувьд одоо ХААН, Голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа. Харин бусад банктай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад Монголбанкнаас зөвшөөрөл өгөхгүй хүлээгдээд байгаа учраас энэ асуудал хүлээлтийн байдалд байна. Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан. Гэвч татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Цаашид бид цэнэглэх цэгүүд дээрээ тавих хяналт, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажиллана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *