Даамын спортын Монгол Улсын багийн аварга шалгаруулах тэмцээн 19 дэх жилдээ зохион байгуулж 13 баг өрсөлдсөн бөгөөд үндсэн төрөлд швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй” баг 11 оноогоор аварга болов.
Дэд байрт Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Г.Гэрэлболд ахлагчтай “Энэрэл-2” баг 10 оноогоор шалгарсан байна. Харин СМ Д.Чойжилсүрэн ахлагчтай “Сонгодог байрлал-1” баг 9 оноогоор хүрэл медалийн эзэд боллоо. Шагналт IV-V байрт тус бүр 9 оноо авсан СМ Г.Энхтуяа ахлагчтай “ББЖ мастер”, ДДХМ Д.Ганболд ахлагчтай “Энэрэл-1” багууд шалгарсан.
Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны багийн УАШТ 12 дугаар сарын 6-8-нд Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн байранд болсон юм. “Ирээдүй” багийн хувьд багийн улсын аварга цолыг хүртсэн найм дахь баг болсон байна.
Түргэн тоглолтын төрөлд мөн л “Ирээдүй”-гийн даамчид 12 оноогоор аваргалж, давхар цохилт хийсэн байна. Мөнгөн медалийг ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү-1” баг 10, хүрэл медалийг ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 10 оноогоор тус тус хүртсэн.
Уламжлал ёсоор ширээ бүрийн аваргуудыг тодруулсан бөгөөд хувийн дүнгээр I ширээнд ДДХМ Ц.Сүхбат /Хасу-Мегастарс/, II ширээнд СМ Д.Эрдэмбилэг /Ирээдүй/, III ширээнд СМ Л.Гансүх /ББЖ мастер/, IV ширээнд ДДХМ Б.Нандинцэцэг, V ширээнд ДДХМ Э.Хүслэн /Алтан хүү-1/ нар аваргалжээ.