Categories
мэдээ нийгэм

Б.Отгонсүх: картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон Улаанбаатар Смарт картын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтанд Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.

Arslan.mn

Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс гомдол, санал ирдэг. Тухайлбал автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ, автобуснууд буудал руугаа бүрэн орж зогсохгүй байх зэрэг асуудлуудыг тавьж байна. Мөн нийтийн тээврээр иргэд бэлэн мөнгөөр зорчих, карт цэнэглэх цэгүүд яг цагтаа онгойж ажиллахгүй асуудлууд шийдэгдэхгүй байна. Түүнчлэн картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлуудтай холбогдуулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч, эрчимжүүлэн ажиллана.

Үүнд нийтийн тээврийн газар, тээврийн цагдаагийн албатай хамтран нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээг хааж зогсдог, машинаа орхидог энэ байдалтай тэмцэж зохих хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах, Улаанбаатар смарт карт компаниас энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэж 530 цэгүүд өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах, нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээн дээр НТҮГ-аас тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Миний бие салбар хариуцсан төслийн удирдагчийн хувьд дээрх санал гомдлын дагуу асуудлыг шийдэж ажиллаж байна уу гэдэг дээр тогтмол хяналтаа тавьж ажиллах болно. Мөн иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай и-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байна.

Энэ тал дээр Улаанбаатар смарт коампаниас сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай. Түүнчлэн иргэд, зорчигчдод карт цэнэглэх, бусад холбогдох мэдээллийг сайн хүргэж ажилла. Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих асуудлыг бүх талын холбогдох байгууллагуудыг ажлуулж цэгцлэх болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр Улаанбаатар смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэл муу ажиллаж байгаа цэнэглэх цэгүүдтэй гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна. Бүтэн нэг жилийн датаг харахад өглөө эрт онгойдог цэнэглэх цэг зургаадугаар сард гэхэд л 30-40 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн. Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Төлбөрийн олон талт системийн хувьд одоо хаан, голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа.

Харин бусад банкуудтай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад монголбанкнаас зөвшөөрөл өгдөг. Монголбанкнаас зөвшөөрөл өгөхгүй хүлээгдээд байгаа учраас энэ асуудал хүлээлтийн байдалд байна. Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан. Гэвч татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Цаашид бид цэнэглэх цэгүүд дээрээ тавих хяналт, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажиллана” гэлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ, соёл, зорчих хурдыг сайжруулахад НЗДТГ болон холбогдох албаныхан анхаарч, эрчимжүүлсэн шат дараатай ажлуудыг эхлүүлэхээр болжээ.

Arslan.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *