БНХАУ-ын Аннин хотноо олон улсын /5х5/ сагсан бөмбөгийн B-One лигийн тэмцээн болж Монголын сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, БНХАУ, Филиппин, Япон, Монгол Улсын баг тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Тэмцээний дүрмээр улс бүр нэг гадаад тоглогчийг багтаа оруулж тоглох эрхтэй. Үүний дагуу Монгол Улс АНУ-ын тамирчин Маркус Хаммондсоор багийнхаа хүчийг зузаатгасан юм.
Монголын сагсан бөмбөгчид аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын багт хожигдож тус тэмцээний дэд аварга болж, 30 сая төгрөгийн шагнал хүртжээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, дасгалжуулагчаар Ш.Азжаргал, А.Алтан-Очир, багийн тамирчдаар О.Энхбаатар “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Т.Санчир “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Э.Дорж-Арилд “Ховд Шонхорууд”, Ц.Отгонжаргал “Ховд Шонхорууд”, С.Эрдэнэдалай “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, Б.Дархантөгс “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, Б.Батзолбоо “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, А.Гансүх “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, О.Доржзовд “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, Марзус Хаммондс “Баянхонгор Мазаалай”, М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр /хоёул “Улаанбаатар” баг/ нар байв.