Categories
мэдээ цаг-үе

Б.Хаш-Эрдэнэ: Бидний эрх мэдэл, нөлөөг нэмэх сонирхол хоёр хөршид байхгүй учраас хийн хоолой Монголыг тойроод байна

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Орос, Хятадыг холбосон хийн хоолой, хурдны зам гэх мэт ложистикийн том шийдлүүдийг Монголоор дайруулах тухай асуудал олон жилийн өмнөөс яригдсан ч хоёр хөрш маань биднийг тойрсоор өнөөг хүрсэн. Сая гэхэд л манайхыг тойруулж хийн хоолой тавьснаа нээлээ. Монголоор дайруулахгүй байгаа нь цаанаа ямар шалтгаантай гэж та харж байна вэ?

-Хоёр хөрш манайхаар дамжуулж хийн хоолой тавибал мэдээж бидэнд асар их ашигтай. Хийн хоолой бол ложистикийн нэг том зам. Хийн хоолойноос гадна Замын-Үүд Алтанбулагийг холбосон олон улсын шинж чанартай хурдны зам барина гэж олон жил ярьсан. Хэрвээ энэ замыг баривал мөн л ложистикийн том шугам болно. Хийн хоолойн хувьд манайхыг тойруулж тавиад байна л даа. Нэг талаас нь харвал бид өөрсдөө идэвхтэй ажиллаагүй байх магадлал бий. Гэхдээ манай зүгээс аль болох хөнгөлөлттэй нөхцөл санал болгож, урамшуулал үзүүлээд нутаг дэвсгэртээ тавиулах сонирхол өндөр яваа нь хэтэрхий тодорхой асуудал. Учир нь хийн хоолойгоор дамжих хийг дундаас нь авч ашиглах боломж нээгдэнэ. Тэр хийгээр байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэртэй болох гарц ч бий. Манай улсын дундуур яагаад хийн хоолой тавихгүй байна вэ гэсэн асуулт тавиад харахаар нэг зүйл тун тодорхой харагддаг. Улс төрийн шинж чанартай шийдвэрүүд л голчилж нөлөөлдөг байх.

-Улс төрийн шинж чанартай шийдвэрүүд гэдгээ тодруулаач?

-Хэрвээ Монголын нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолой тавигдчих юм бол монголчуудын эрх мэдэл нэмэгдэж таарна аа даа. Манай эрх мэдэл нэмэгдвэл хамгийн түрүүнд юунд нөлөөлөх вэ гэж ухаж харъя. Орос, Хятадтай хийх хэлэлцээрт нөлөөлнө. Эрх мэдэл, нөлөө хүч нь нэмэгдсэн улс ямар нэгэн хэлэлцээрт арай өөр түвшнээс хандаж оролцох нь тодорхой. Тийм учраас бидний эрх мэдлийг нэмэх сонирхол хоёр талд байхгүй болов уу. Ийм шалтгаанаар манайхыг тойруулаад яваа байх.

-Эдийн засгийн чигийн асуудал ч байгаа юм биш үү, жишээ нь бид шатахуунаа бараг 100 хувь хойт хөршөөс худалдаж авдаг…?

-Тийм тал ч бий. Хийн хоолой тавигдвал манай улсын хувьд маш өндөр орлогын эх үүсвэр бий болно. Таны сая хэлсэнчлэн бид оросуудаас шатахуунаа худалдаж авдаг. Шатахууны хэрэглээгээрээ бараг 100 хувь хойт хөршөөс хамааралтай. Хэрвээ хийн хоолой тавьчихвал бид тэднээс хий дамжуулсны төлбөр гэж их хэмжээний мөнгө авах болно.

-Хятад, ОХУ биднийг давж гар бариад яваа нь урд хөршийн том банкны салбарыг оруулж ирэхгүй хааж боож суугаагаас боллоо гэх мэт шалтгаанууд дуулддаг. Жишээ нь, урд хөрш нүүрсний импортоо түр зогсоосныг хоёр улсын харилцаатай холбож харах хүн цөөнгүй байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Тодорхой зарим бодлогын хүрээнд үзүүлсэн реакци гэх мэт асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ том зургаар нь харвал хятадуудын бодлого бидний эсрэг чиглэсэн зүйл байхгүй. Жишээ нь, Хятадын тал өмнө нь хэзээ ч “Бид импортыг дэмжинэ” гэж ярьдаггүй байсан. Гэтэл саяхан, жил хүрэхгүй хугацааны өмнө Хятадын дарга “БНХАУ импортыг дэмжих болно” гээд зарлачихсан. Бидний хувьд маш том боломж нээгдэж байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд бид өөр хоорондоо хэрэлдээд боломжоо ашиглаж чадахгүй суугаа. Түүнээс биш хятадууд бидний эсрэг явсан зүйл байхгүй, Монголын ард түмэн ч хятадуудын эсрэг зогсоогүй. Товчхондоо дотооддоо ойлголцоод урагшлах л том асуудал болоод байна. Хятадын даргын мэдэгдэлд би хувьдаа их олзуурхсан. Америкууд хүртэл Хятад гэж аварга зах зээлийг сонирхож байна шүү дээ. Маш том хэрэглээний зах зээл учраас дэлхийн улс бүр Хятад руу гарахыг хүсдэг. Хятадад бараа бүтээгдэхүүнээ зарахаар тэмүүлдэг. Тэр том зах зээл рүү орох боломж өндөртэй улс бол яах аргагүй бид. Хажуу бөөрөнд нь байгаа учраас Хятад гэж аварга зах зээл рүү орох асуудал биш. Хамгийн гол нь яаж, ямар бодлоготойгоор орох вэ гэдгээ л тодорхойлох учиртай.

-Сүүлийн үед Америк, Хятадын хооронд өрнөж буй үйл явдлыг анзаарахаар худалдааны дайн мөддөө намжихгүй нь гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болохоор байна. Таныхаар урд хөрш, Америкийн зөрчил хэр хугацаанд үргэлжлэх зураг харагдаж байна?

-Америк, Хятадын худалдааны зөрчил бараг хоёр жил орчим үргэлжилж байна. Энэ хугацаанд арав гаруй удаа уулзаж, хэлэлцээ хийж, зарим нэг үр дүнд хүрээд явж байгаа ч яг эцсийн тохиролцоонд хүрсэн зүйл алга. Юуны өмнө энэ зөрчилдөөн яагаад үүсэв гэдэг шалтгааныг нь ухаж харах хэрэгтэй. Тэгж байж худалдааны дайн хэр удах, хэдий хугацаагаар үргэлжлэх, яг хэзээ зогсох тухай асуудал яригдах байх. Америк, Хятадын зөрчлийг харахаар нэг нь дэлхийн эдийн засгийн тогтолцоонд эзэлж буй байр сууриа хадгалах гэж оролдож байна. Нөгөө нь өнөөхийнхөө байр суурийг эзэлж авахыг хүсч эрчтэй үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн. Хоёр талын ийм зөрчилдөөн дэлхийн худалдааны дайн гэх ойлголтыг бий болгосон юм. Гол шалтгаан нь энэ гээд харахаар хоёр улсын зөрчил цаашид ч үргэлжилнэ. Америк дэлхийн эдийн засагт эзэлж яваа байр сууриа тавьж өгөхийг хүсэхгүй. Дэлхийн тэргүүлэгч гүрэн хэвээр оршихыг хүснэ. Хятадын тухайд төрөл бүрийн санхүүгийн зах зээлд эзэлж буй байр суурь нь асар хүчирхэгжсэн. Дэлхийн хэмжээнд эргэлддэг мөнгө, зээлд эзэлж буй орон зай нь мэдрэгдэхүйцээр томорсон. Ингээд харахаар Хятад улс сүүлийн хориод жилд яалт ч үгүй цойлсон. Тэр утгаараа дэлхийн маш том эдийн засаг болчихсон. Хятад улс тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө шийдэл гаргаж, бодлого хэрэгжүүлж яваагийн наад захын жишээ гэхэд л юанийг дэлхийн хэмжээнд зөвшөөрөөд байгаа. Хятад улс юаниа ОУВС-гийн нөөц валют болгоод авлаа. Ингээд ч зогсоогүй. Ази, Африкийн маш олон оронд асар их мөнгөн дүнгээр яригдах зээл өгч улс төр, эдийн засгийнхаа байр суурийг нэмэгдүүлж яваа. Хятадын байр суурь ингэж тэлээд ирэхээр АНУ эсрэг арга хэмжээ авахаас аргагүйд хүрсний нэг илрэл нь худалдааны дайн. Цаана нь ийм шалтгаанууд бий учраас худалдааны дайн хурдан намжихгүй болов уу.

-Эдийн засагчид худалдааны дайныг нэг талаас эрсдэл ч нөгөө талаас зарим улс оронд боломж олгож эхэлсэн гэж онцолж байгаа. Жишээ нь, ямар улс Америк, Хятадын зөрчлөөс ашиг, боломж хүртэж байна вэ?

-Таны хөндсөн өнцөг зөв л дөө. Худалдааны дайн хэзээ намжих бол гэж хүлээж суухаас илүү энэ цаг үеийг яаж ашиглах вэ гэдэгт л анхаармаар байгаа юм. Худалдааны дайнаас хамгийн их ашиг хүртэж суугаа улсын нэг нь Вьетнам. Хятадад үйл ажиллагаагаа явуулж байсан том үйлдвэрүүдийн ихэнх нь Вьетнам руу шилжчихлээ. Ийм шилжилт явагдсаныг урд хөршийн эдийн засгийн сүүлийн үеийн тоон мэдээллүүдээс харчихаж болно. Вьетнамын тухайд ажиллах хүчин хангалттай, хөдөлмөрийн нөөц ихтэй орон. Хөдөлмөрийн зардал бага гэсэн давуу тал бий. Хятадтай ойролцоо нөхцөлтэй учраас үйлдвэрүүд тийш шилжээд байна.

-Манай улсын хувьд Вьетнамтай адил хөдөлмөрийн нөөц бага гэх мэт давуу талгүй. Тэгвэл бидэнд ямар боломж байна?

-Европ болон Америкийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

-Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг үргээгээд яваа улсад тэд хөрөнгө оруулах уу?

-Хэд хэдэн том шалтгаан бий. АНУ-ын тухайд худалдааны дайн үүсэх нэг шалтгааныг оюуны өмчийн хулгай гэж онцолж байгаа. Хятадууд сүүлийн үед мэдээллийн технологи, хиймэл оюуны ухааны салбарт хүч түрж, хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн. Дэлхийн эдийн засгийн дараагийн чиг хандлага бол үйлдвэрлэл биш. Оюуны хөгжил, мэдээллийн технологийн салбар л дэлхийн эдийн засгийг тодорхойлно. Ингээд харахаар хиймэл оюуны хөгжил, мэдээллийн технологийн салбараараа цойлсон улс л ирээдүйд хүчирхэг нөлөөтэй оршино. Хятадууд энэ байр суурийг эзлээд авчихаар бөөрөнд нь аж төрж яваа бидэнд ч боломж нээгдэж, давуу тал үүснэ. Бүр тодруулж хэлбэл, бид мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан ашиглаж хөгждөг салбарт Америкаас хөрөнгө оруулалт татах боломжтой. Учир нь манай бүс нутгийг бүхэлд нь Хятадын гарт өгөх сонирхол тэдэнд байхгүй.

-Яагаад?

-Хэрвээ тэд биднийг орхивол орос, хятадууд энэ бүс нутгийг бүхэлд нь хянах нөхцөл үүснэ. Хятад, Оросыг хянахын тулд бидэнд туслах, дэмжих, хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг тэд мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

-Бүсдээ ардчиллын баян бүрд гэсэн тодотгол маань тэдэнд чухал гэж үү?

-Яг тийм. Ардчилсан засаглалтай Монгол гэдэг улс Орос, Хятадын дунд дажгүй оршиж, аж төрөх нь АНУ-д ашигтай.

-Таны хэлсэн шалтгаан бодитой сонсогдож байна. Нөгөө талаас нь харвал хүн ам цөөн, ажиллах хүч багатай манай улсад хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн салбар хөгжих боломж илүү өндөр байх, эдийн засаг талаасаа…?

-Санал нэг байна. Манай улс хүн ам цөөнтэй учраас хөдөлмөрийн оролцоо ихтэй үйлдвэрлэлийг хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Энэ талаараа Хятадтай өрсөлдөж хүчрэхгүй. Харин оюуны потенциал сайтай гэсэн давуу талаа ашиглаад урагшилбал илүү үр дүнд хүрнэ. Ер нь Монголын хувьд хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи хөгжих давуу тал ихтэй. Манай бүс нутаг мэдээллийн технологийн хувьд Хятад, Орос гэдэг улсын бүрэн мэдэлд орчих гээд байгаа. Энэ хоёр улсад мэдээллийн технологиор цуглуулагдаж байгаа маш их дата мэдээлэл бий. Гэтэл нөгөө талд энэ хоёр улсыг мэдээллийн технологиор хянах сонирхол Америкт байна. Манай улс цаг агаарын хувьд сэрүүн уур амьсгалтай. Дата мэдээллүүдийн баазыг цуглуулж хадгалах цаг уурын, нөхцөл байдлын, газар зүйн хувьд тохиромжтой газарт оршдог. Тэгэхээр бид дата мэдээллүүдийг цуглуулдаг, хадгалдаг HUB болж хөгжих боломжтой. Энэ зүгт гаднын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай юм.

-Америкт ийм сонирхол үнэхээр бий эсэхийг баталсан бодитой жишээ юу байна?

-Америкийн конгрессоор Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал хуулийн төслийн хэмжээнд яригдаж яваа нь тохиолдлын хэрэг биш гэж би хувьдаа харж байгаа. Манайд хөрөнгө оруулах, бидэнтэй ажиллах сонирхол америкчуудад байгаагийн нэг илрэл болов уу. Тэгэхээр улс төр, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг ашиглаж аль болох их хэмжээний хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллах хэрэгтэй. Давтаад хэлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татах замаар хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи гэх мэт уламжлалт бус салбарын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боломж бидэнд байна. Америк, Хятадын худалдааны дайны зөрчлийн үр дагавар нь тун тодорхой. Худалдааны дайн сунжрах хэрээр энэ хоёр улсын эдийн засгийн өсөлт саарна. Эдийн засгийн өсөлт нь саараад ирэхээр хятадуудын биднээс авдаг түүхий эд, материалын худалдан авах хэмжээ багасна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах хэмжээ багасна гэсэн үг.

-Ийм эрсдэлийг хохирол багатай туулах бэлтгэлээ бид хийж эхэлсэн үү?

-Одоогоор хийж эхэлсэн зүйл алга. Уг нь яг өдийд бид “Хятад улс уул уурхайн бүтээгдэхүүн авахаа багасаад эхэлбэл өөр юугаар худалдаа хийж орлого олох боломжтой вэ” гэсэн асуултын хариуг олчихсон байх учиртай. Эрсдэлийг урьдчилж хараад бэлдчихсэн байх учиртай. Жишээ нь, бид хувийн хэвшлээ дэмжиж, бэлдэж, чиглүүлээд явж байх ёстой. Харамсалтай нь тэгэхгүй байна л даа. Наад зах нь ЖДҮ-ийнхээ санхүүжилтийг яг хэрэгцээтэй гэсэн салбар руу чиглүүлсэн зүйл харагдахгүй байх жишээний. Иймэрхүү байдлаар урьдчилж бэлдэж байж дэлхийд өрнөж буй энэ тоглоомд тэсч үлдэх байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *