Categories
мэдээ цаг-үе

Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевска: Монголтой хийж буй худалдаагаар Польш нь Европын холбоон дотроо хоёрдугаарт ордог

Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн Монгол Улсад хийх албан айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Түүний Монголд хийж буй айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан зохиож буй “Монгол дахь Польшийн жил” гэсэн арга хэмжээг нээж байгаа болно.


-Эрхэм хатагтай таны энэ удаагийн Монгол дахь айлчлал ямар зорилготой вэ?

-Польш-Монголын харилцааг цаашид эрчимжүүлэх шаардлага байна. Уг нь Польш улс нь Монголыг Европтой холбох хаалга, Монгол нь Польшийг Азитай холбох гүүр болж болох байсан бололцоог аль аль тал алдсан. Энэ алдаагаа засах хэрэгтэй. Хойтон жил манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ ойг тохиолдуулан Польш улс олон арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна. Польшийн парламентын дэд даргын хувьд хоёр орны парламентын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүрэг надад ноогдож байна. Өнөөдөр Монголын УИХ-д Монгол Польшийн бүлэг идэвхтэй ажиллаж байна, Польшийн Сеймд ч Польш Монголын бүлэг олон жилийн турш байсаар ирлээ.

Улаанбаатар дахь айлчлалын үеэрээ би парламент болон Гадаад харилцааны яам хийгээд бусад байгууллагынхантай уулзах болно. Монголд ардчилсан өөрчлөлт эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан хойшдын хамтын ажиллагааныхаа тухай ярилцах болно. ХХ зууны наяад оны үед Польшийн Эв санааны нэгдэл нь Монгол дахь ардчилсан өөрчлөлтийг дэмжин тусалж байсныг дурсахад сайхан байна. Монголын ардчилсан хүчний олон төлөөлөгч 1989 оноос хойш Польшид ирж туршлага судлан, Монгол дахь ардчилсан өөрчлөлтөд дэмжлэг хайж байлаа. Ийнхүү Монгол нь ардчилсан тогтоцтой Азийн цөөхөн орны нэг болсон юм.

Өдгөө Польш нь коммунист тогтолцооноос үлдсэн уламжлалыг даван туулж, аж ахуйн хувьд маш хурдтай хөгжиж буй ардчилсан орон болсон ба Европын холбоо болон НАТО-ын гишүүн, АНУ-ын ойрын холбоотон болчихоод байна.

Бид Монголын сүүлийн 30 жилд олсон их ололт болон ухаалаг гадаад харилцааг нь биширэхийн зэрэгцээ Иракт байдал тогтворжуулах олон улсын ажиллагаанд манай цэргүүд хамтран ажилласанд ихэд талархдаг юм.

-Хатагтай маршал аа, Польш Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа ямархуу түвшинд явна?

-Одоо Польшид 200 монгол оюутан суралцаж байгаа. Польш улс жилд 20 монгол оюутны зардлыг даадаг. Үүнд би маш баяртай байгаа.

Монгол Улсын Их сургууль польш хэлний сургалттай төдийгүй тэд Лодзын Их сургууль, Краковын Ягеллоны их сургууль, Катовиц дахь Селезийн Их сургуультай холбоо тогтоон хамтарч ажиллаад олон жил болж байна. 2019 онд МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар Варшавт айлчлахдаа МУИС, Варшавын Их сургууль хоёрын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан явдалд би хувьдаа их баярладаг юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан шинжлэх ухааны хамтарсан бага хурлыг дээрх хоёр Их сургууль зохион байгуулахаар тохирсон. Эхнийх нь 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт, дараагийнх нь мөн оны арваннэгдүгээр сард Варшав хотноо болох юм.

Миний хувьд надтай дотно хамтарч ажиллаж байсан манай ерөнхийлөгч асан Лех Качински 2010 онд Смоленскт онгоцны ослоор харамсалтайгаар нас барсан. Түүнийг 2008 онд Монголд зочлоход нь МУИС хүндэт доктор цол олгосон нь тун таатай сэтгэгдэл төрүүлсэн юм.

-Танаас Польш Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асуумаар байна…

-Манай хоёр орны худалдааны эргэлт 2018 оны байдлаар 60 сая доллар орчимд байгаа. 2019 оны эхний найман сарын бадлаас үзэхэд харилцан худалдаа өсөх хандлагатай байна. Гэхдээ манай харилцаа бололцоот түвшиндээ хүрэхгүй байгааг зориуд тэмдэглэе. Гэвч Монголтой хийж буй худалдаагаар Польш нь Европын холбоон дотроо хоёрдугаарт ордог юм шүү. Польшийн хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн гадаад товчоог 2019 оны долдугаар сард Улаанбаатарт нээсэн явдал нь цаашдын хамтын ажиллагаанд тус дөхөм болно гэж бодож байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа тун удахгүй 100 сая еврогийн түвшинд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Польш улс Монголд 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор 2017 онд шийдсэн нь дажгүй дэмжлэг болох буй за.

– Польш Монголын цэргийн хамтын ажиллагааны талаар хэдэн үг хэлээч…

-Монгол цэргүүд Польшид их нэр хүндтэй шүү. 2004 онд Ирак дахь Чарли цэргийн баазад террористууд халдлага үйлдэх гэж байхад нь монгол цэргийн эрэлхэг үйлдлийн хүчээр түүнийг таслан зогсоосон, хэрэв эс зогсоосон бол олон польш цэрэг амь насаа алдах байсан юм. Үүнийг бид бүгд мэднэ, их ч талархдаг. Монголтой хамтарч ажиллахыг манай цэргийн байгууллагууд болон цэргийн үйлдвэрүүд сонирхсон хэвээр. Зөвлөлтийн хуучин зэвсэгийг шинэчлэх засах талаар польшууд сүрхийд тооцогдоно. Монголын арми тийм зэвсэгтэй байсаар байгаа шүү дээ. Бид орчин үеийн зэвсэг ч бас үйлдвэрлэдэг. Манай Цэргийн академийн 2019-1920 оны сургалтад монголчууд дахин хамрагдах болсонд бид их баяртай байгаа.

С.ГИЙХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *