Miss Universe 2019 наадмын эцсийн шалгаруулалт саяхан АНУ-ын Атланта хотод болж өндөрлөлөө.
Энэ оны Ертөнцийн миссийн титмийг Өмнөд Африкийн оролцогч, 26 настай Зозибини Тунзи зүүхээр шалгарсан байна. Тэрээр сүүлийн шатанд Пуэрто Рика, Мексикийн оролцогчдыг ялсан юм.
Тэмцээнийг Америкийн телевизийн од Стив Харви хөтөлж, ялагчийг долоон эмэгтэйгээс бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулжээ.
“Над шиг арьс, үс, зүстэй эмэгтэй хэзээ ч гоо сайханд тооцогддоггүй ертөнцөд би өссөн билээ. Энэ цаг үе өнөөдөр дуусаж байна” гэж Тунзи титэм зүүснийхээ дараа хэлсэн байна.
“Miss Universe” наадам энэ жил 68 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны сайхан бүсгүйчүүд оролцжээ.
Өнгөрсөн онд энэ тэмцээнд түрүүлж байсан Филиппиний Кэтриона Грэй өөрийн титмийг Тунзид зүүж өгсөн байна.
Энэ жилийн тэмцээний үеэр Мьянмарын оролцогч өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан нь “Miss Universe”-ийн түүхэнд анхны тохиолдол болжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэр People сэтгүүлд ярихдаа “Энэ тэмцээнийг ашиглаад би өөрийгөө лэсби болохыг зарлаж байна. Ингэснээрээ би Мьянмарын LGBTQ хүмүүст том нөлөө үзүүлэх юм” гэсэн байна.
Зүүн өмнөд Азийн Мьянмар улсад ижил хүйстэн байх нь хууль бусад тооцогддог бөгөөд баригдвал бүх насаар хоригдох хүртэл хатуу шийтгэл амсдаг.
2018 оны тэмцээний үеэр Испанийн мисс “Miss Universe”-ийн түүхэнд анхны транс жендер оролцогч болж байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 1996-2015 онд “Miss Universe” байгууллагыг эзэмшдэг байсан бөгөөд энэ үеэрээ оролцогчдын хувцас солих өрөөнд байнга нэвтэрдэг байсан талаар хэд хэдэн эмэгтэй гомдол гаргаж байсан түүхтэй.
Энэ жилийн тэмцээний үеэр сүүлийн үед шүүмжлэл, маргаан дагуулах болсон усны хувцастай үзүүлбэрийг телевизээр дамжуулалгүй, зөвхөн танхимд суусан үзэгчдэд сонирхуулсан байна.