Categories
мэдээ цаг-үе

“Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”-н эзэн Т.Насанбуянгийнх

Жар, далаад оныхны хит дуунуудын нэг яах аргагүй “Орь залуу нас”. Тэр үедээ л шинэ өнгө аяс, дуу хоолойны өөр ритмээрээ хөгжмийн хүрээнийхэн, үзэгч, сонсогчдын бухимдлыг төрүүлж баалуулж явсан дуучин М.Янжиндуламыг “өөр” нүдээр харж “Орь залуу нас”-аа яг тэр өнгө, ритмээр нь дуулуулах хүсэлд автсан хүн нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуян. Түүний бүтээлээ амилуулах хүсэл ч буруутаагүй, “Орь залуу нас” дуулагдсан даруйдаа хит болж, өнөө хэр нь М.Янжиндуламын бүдүүн хоолойгоор амилуулсан

“Тас хар огторгуй нойрсон тайваржаад

Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар

Орь залуу нас саран шиг туяа цацаад

Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ…” гэсэн мөртүүд аялгуутайгаа монголчуудын чихэнд үүрд хоногшжээ. Товуугийн Насанбуянгаар овоглодог хит дуу үүгээр тогтохгүй. Нисэгчдийн сүлд дуу, эдүгээ хагас зуун жилийг үдэж буй “Нисэгчийн дуу”, “Миний нийслэл”, “Мичид шүргэх Алтай” зэрэг уянгалаг сайхан бүтээлүүд бий. Тэрээр бас Монголын хөгжмийн урлагийн хагас зуун жилийн түүхийн амьд өв. Эл эрхэмтэй амьдрал, уран бүтээлийн яриа өрнүүлэхээр өнгөрсөн баасан гаригт гэрийг нь зорилоо. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороон дахь байрныхаа хаягийг зааж өгснөөр гэрт нь очиход бага хүүтэйгээ угтлаа. Алгаа хавсран ихэд хүндэтгэлтэйгээр “Та сайн байна уу” хэмээх нь урлагийн хүний мэндлэх ёсон ажгуу. 80 насны босго алхаж байгаа гэмээргүй загварлаг, өмссөн зүүсэн нь гял цал, жар далаад оны залуусын төрх шууд харагдах аж. Зочны өрөөний хойморт бурхан тахил өрөөстэй. Дэргэд нь ган тулга, тогоо хоёрыг залжээ. Өрөөний голын сервант дурсамж, өргөмжлөл, дурсгалын зүйлсээр баялаг аж. Ханан дээр Т.Насанбуян гуайн залуу насны хөрөг зургийг хэд, хэдэн төрлөөр жаазлан өлгөжээ. Тэрээр “Хөвсгөл Алтандуулга” компаниас дурсгав” гэсэн том хэмжээний хөрөг зургийг бэлгэшээдэг гэнэ. Хөвсгөл нутгаас төрсөн хөгжмийн зохиолчдыг алдаршуулах үеэр дурсгасан бүтээл аж. Хөгжимтэй холбоотой жижиг сувинер бүтээлүүд ч олон харагдана. Өрөөний урд хэсэгт цагаан өнгийн төгөлдөр хуур заларч байна. Хөгжмийн зохиолч хүний гол зэмсэг бас найз нь тэр байх нь гарцаагүй. Бага хүү, бэр хоёр нь хоол цай болж, бидний яриа ч эхлэв.

Эхнэр Ү.Энхсайханы хамт

Т.Насанбуян гуай Улаанбаатарын унаган хүүхэд. Аав Цогт нь Хөвсгөл аймгийн Хатгал сумын, ээж Товуу нь Бүрэнтогтохын гаралтай хүмүүс байж.

Аав нь нутагтаа анчин, малчин улаан малгайт Цогт гэдгээрээ нэртэй хүн байсан гэнэ. Т.Насанбуян гуай ээжтэйгээ өссөн учир аавынхаа тухай үүнээс илүүг хэлэхийг хүссэнгүй. Харин ээжийнх нь эгч Рагчаа гэж Монголын радиогийн анхны нэвтрүүлэгч, сайхан бүсгүй байсныг дурслаа.

Т.Насанбуян гуай 1941 онд мэндэлж, нийслэлийн гуравдугаар дунд сургуулийг дүүргэжээ. Урлагийн замд орсон түүх нь их сонин аж. Арван жилийн сургуулиа дүүргээд чихэр, боовны үйлдвэрт ажиллажээ. Гэтэл 1962 онд Улсын дуу бүжгийн ансамбль дуучин шалгаруулж авах зар тавьжээ. Хот, хөдөөгийн 120 орчим залуус өрсөлдөж, хоёр хүн тэнцсэний нэг нь манай зочин байж. Нөгөө хүн нь гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор гэнэ. Тэр үед Д.Цэрэндолгор гуай ч бас үйлдвэрт ажиллаж байжээ. Ингэж үйлдвэрийн хоёр ажилтан урлагийн замд орж, дагалдан жүжигчнээр ажиллах хувь тохиол эхэлжээ. Зочин маань урлагийн замд орсон түүхээ ихэд бэлгэшээдэг, амьдралынх нь алтан үе гэж тодотгон хэлэх дуртай аж. Урлагийн тухай, хөгжмийн тухай, багш нарын тухай ярих бүртээ тэдэндээ талархан, алгаа хавсран сайн, сайхан үгсээр бялхаах нь өөрт нь ихэд таатай харагдана. Улсын дуу бүжгийн ансамбльд дагалдан жүжигчнээр ороод удаагүй байтал 1964 онд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав Дуурийн академик театрын дэргэд дуулаачийн сургууль байгуулжээ. Тэр үедээ л шинэ тутам сургууль байж. Урлагийн салбарт ороод удаагүй залуу хүү шалгалт өгөхөд тэнцэж орхиж. Ингээд Дуулаачийн сургуулийн анхны 12 оюутны нэг болов. Тэдний ангийг Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан, нэрт сапрон хоолойт Д.Баадайжав, жанжин Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн Ц.Дашнамжил, гавьяат багш Ц.Ерөө зэрэг алдартнууд төгссөн юмсанж.

Т.Насанбуян гуайн зохиол бүтээл оюутан ахуй цагаас эхэлжээ. Түүний хамгийн анхны бүтээл нь “Миний жаргалан” хэмээх дуу. Харин хамгийн алдартай бүтээлийн нэг, эдүгээ нисэгчдийн сүлд дуу болох “Нисэгчийн дуу” юм. Зохиолч энэ дууныхаа ид шидээр, буянаар сайхан он жилүүдийг туулснаа ихэд бахархан ярих аж. Тэртээ 1966 онд Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд Ч.Лодойдамба гуайн тушаалаар Завхан аймагт монгол, гадаад оюутнуудын концерт зохион байгуулах үүрэг авч, үүргээ амжилттай биелүүлэн буцах замд нэгэн тохиол болж. Онгоцны үйлчлэгч бүсгүй залуу хөгжмийн зохиолч дээр ирэн “Таныг экипажийн дарга урьж байна” гэх нь тэр. Яваад очиход залуухан нисэгч З.Юра, Цэрэндорж хоёр угтаж хөгжмийн зохиолч, урлагийн хүмүүс онгоцонд нь явж байгаад талархан танилцаж, найз нөхөд болцгоожээ. Бас ч үгүй нисэгчийн тухай дуу бүтээх захиалга ч өгч. Хоёр жил орчим хугацаа өнгөрсний дараа л сая нэг хөгжмийн нот орж ирж, “Нисэгчийн дуу” хэмээх алдарт бүтээлийн хөгжмийг бичжээ. Тэр хүртэл нисэгчийн тухай, мөнгөн цагаан хөлгийн тухай ихэд бодож, шаналж явсан гэнэ. Эдүгээ хагас зуун жил дуулагдсан, нисэх байгууллагын сүлд дуу болсон бүтээлийнхээ буянаар онгоцонд тасалбар төлж үзээгүй, нислэг бүрт нь нисэх багийнхан хүндэтгэл үзүүлдгийг, энэ бүтээлийнхээ ачаар олон сайхан хүмүүстэй он удаан жилийн нөхөрлөл эхэлснийг гавьяат маань баяртай ярьж байсан юм.

Хөгжмийн зохиолчдын хамт

Ахиад зохиолч амьдралд нь гурван багш байсныг нэрлэсэн. Тэдний нэг нь Жамцын Бадраа гуай. Оюутан ахуйгаас нь өмчлөн авч, гэртээ амьдруулан урлагийн их тогоонд хөтлөн оруулсан эрхэм хүмүүн учраас тэр гэнэ. Тэд зөвхөн багш, шавийн барилдлагатай байгаад зогсохгүй жар, далаад оны нөгөө алдарт “Орь залуу нас” дууны үг, хөгжмийг бичсэн хоёр. Багш, шавь хоёр үгийн урлаг, хөгжмийн урлаг хоёрын барилдлагыг ямар гайхамшигтай олсныг, хэрхэн гар нийлдэг байсныг энэ дуу ганцаараа л гэрчилнэ. Харин М.Янжиндуламаар яаж дуулуулсан тухай асуухад “Их гоё асуулт байна. Анх энэ дууг М.Янжиндулам дуулаагүй юм шүү дээ. Би Увс аймгийн Хөгжимт драмын театрт найруулагчаар ажиллаж байхдаа театрын эмэгтэй найрал дуучдаар анх дуулуулж байлаа. Бас Тува улсын филармонийн дуулаачид ч энэ дууг маань амьдруулсан юм. Тэр үед М.Янжиндулам “Аавдаа” дуугаа дуулчихаад байсан үе. “Сүүмийн сүүмийх алс тэртээд” гэж ирээд л бүдүүн, этгээд хоолойгоор дуулдаг даа. Тэр жил Хөгжмийн зохиолчдын их хурал ч болсон. Хурлаар аймаг, хөдөөгийн бүх хүмүүс М.Янжиндуламын дууг шүүмжилсэн. Харамсалтай нь М.Янжиндуламыг маань тэр үед нийгэм ч их шүүмжилдэг байлаа шүү дээ. Үүргэвч үүрсэн хятад гэж ирээд л. Харин надад бол түүний дуу их л этгээд, сонирхолтой санагдсан. Тийм учраас би “Орь залуу нас”-аа дуулуулахаар болсон. М.Янжиндулам “Багш аа яасан айхтар дуу вэ” гэж ирээд л, ямартаа ч зааж өглөө. Дээд өнгө дээр жаахан өндөрсөж байсан. Гэсэн ч сайхан дуулсан” хэмээн дурслаа.

Гавьяат хөгжмийн зохиолчийн нэг онцлог нь бүтээлээ дуулуулах дуучнаа өөрөө хайж олдог юм байна. “Нисэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”-г амилуулсан Д.Дашням, “Орь залуу нас”-аа дуулуулсан М.Янжиндулам, “Миний нийслэл”-ийг цахилгаан хөгжмөөр амьдруулсан П.Адарсүрэн, К.Номинжин гээд л. Хөгжмийн зохиолч хүн өөрийнхөө зүрх сэтгэлээс гарч буй эгшиг хөгийг амьдруулах хүнээ өөрөө олох нь зөв гэж үздэг аж. Тиймээс одоогийн дуучид хөгжмийн зохиолчдыг “Нотоо өгчих” гэдэг болсонд шүүмжлэлтэй хандаж байна.

М.Насанбуян гуайн зохиол бүтээл зөвхөн эстрад дуугаар тогтдоггүй. Хүүхдийн найрал дууны хамгийн том төлөөлөгч яахын аргагүй энэ эрхэм мөн. Монголд хаана хүүхдийн найрал дуу тавигдана, түүний ард найруулж байдаг хүн нь М.Насанбуян гавьяат байсныг урлагийнхан андахгүй. Харин сүүлийн үед зөвхөн хүүхдийн найрал дуугаар тогтох томчуудын найрал дуу ч тасраад байгаад ихэд харамсч буйгаа илэрхийлсэн. Он гараад эрхэм зохиолч олон жил бодож явсан, амьдруулахыг, эргэн сэргээхийг хүсч ирсэн найрал дууны бие даасан тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа дуулгасан билээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, ээж М.Товуугийн хамт

Тэртээ 1960-аад онд Дуурийн академик театрын Дуулаачийн ангийг дуулаач мэргэжлээр төгссөн залуу хожим хөгжмийн зохиолч, хормейстер болсон хувь тохиолтой. Ардын дуу бүжгийн чуулгад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад, гавьяат жүжигчин Б.Лхамжав, Ц.Сэрээтэр, Г.Түмэндэмбэрэл, Д.Хоролсүрэн, Ж.Нансалмаа, Д.Банзрагч, Х.Сүглэгмаа нарын олон алдартнуудад хичээл зааж багшилж явснаа дурсаж байлаа. Бүр Н.Норовбанзад гуай бүч, алчуур хоёр бэлгэнд авч байсныгаа бэлгэшээж хадгалсаар ирсэн нь урлагийн алтан үеийнхний нэгнээ хүндлэх, бишрэх, хэзээ хойно ч амьд мэтээр сүслэн хайрлах агуу сэтгэлийн илрэл .

М.Насанбуян зохиолч хөгжим бичихээс гадна аймаг, орон нутгийн бүхий л соёлын ордон, Хөгжимт драмын театруудад ажиллаж, найрал дуучдыг бэлтгэж байж. Түүгээр зогсохгүй тэр үеийн ардын, оюутны, ажилтны урлагийн их наадмуудыг зохион байгуулагч, хормейстерээр ажиллажээ. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулга, Увс аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан үе нь амьдрал, уран бүтээлийн олз омог арвин жилүүд байсныг дурсаж байсан. “Алтай” чуулгад ажиллаж байхдаа “Мичид шүргэх Алтай”-гаа бичиж, Увс аймгийн Хөгжимт драмын театрын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан гавьяагаараа төрийнхөө “Алтан гадас” одонгоор шагнуулж байв.

Дээр дурдсанаар амьдралынх нь туршид нэр нь дуурсагдах гурван багшийн тухай дэлгэрүүлэх учиртай. Тэд бол Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Ц.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав нар. Урлагт ороход анх хүүхэд шиг тосч авсан эрхэм Цооцоо багшийгаа нэрлэсэн юм. Ц.Цогзолмаа гэж өөрөөрөө, гэр бүлээрээ урлаг гэх агуу ертөнцийг амьдруулж, тэдний амьд төлөөлөл болон монгол түмэндээ үлгэр дуурайл болж явааг шавь нь хүндэтгэн биширч явдаг аж. Ардын урлагийн наадмуудаар дуулагддаг дуу нь голдуу “Нисэгчийн дуу”, “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай” байдаг болохоор нэг удаа Цооцоо багш нь “Насанбуяаан энэ наадам чиний дууны наадам болох нь ээ” хэмээн хошигнож байж. Харин Ж.Бадраа гуайтай оюутан ахуй үеэс багш шавийн барилдлагатай болж “Орь залуу нас”, “Төгсөх оюутны танго” зэрэг дууг хамтран бүтээжээ. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг шиг сүүлдээ би багшдаа заадаг, зарим зүйл дээр маргалддаг байсан гээч” хэмээн багшийгаа дурсана лээ. Харин уран бүтээлийн найзуудаасаа гавьяат багш Ц.Гүррагчаа, Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян нарыг нэрлэж байна.

Эрхэм зохиолчийн ярианд урлагийн бурхдаас гадна ээж бурхны тухай сайхан дурсамжууд хөврөх аж. М.Насанбуян гэдэг хүнийг бүтээж, урлагийн замд хөтөлсөн гавьяатан түүний ээж гэнэ. Товуу гуай оёдолчин нэгэн байж. 60, 70-аад оны моод гоголь малгайг хүүдээ оёж өгчээ. Түүгээр нь урлагийнхан М.Насанбуян гуайг “гоголь Насанбуян” гэж хочилдог байж. Амьдралын ухаанд ч ихэд сургадаг байсныг дурсаж байна. Тиймээс ээждээ зориулж 100 жил дуулах дууг зохиосон гэнэ.

Гавьяат 1970-аад оны эхээр залуухан сувилагч Ү.Энхсайхантай гэр бүл болж, хоёр сайхан хүүхдийн эцэг эх болжээ. Одоо тэд тусдаа амьдардаг ч охин, хүү хоёр аавыгаа ачилж энэрэн сууцгааж байна. Хэдий тэрээр Улаанбаатарын унаган хүүхэд ч ижий, аав нь Хөвсгөл нутгаас гаралтай учир Хөвсгөл нуураа шүтэж иржээ. Гэрийнхээ хойморьт Хөвсгөл нуурын чулууг нандигнан хадгалдаг юм байна. Түүнээсээ улбаалж “Хөвсгөл далайн чулуу миний гэрт бий” нэртэй дуу бичжээ.

Яруу найрагч Цоодолын Хулан түүнийг “Их романтик” хэмээн тодотгосон нь учиртай аж. Угаас хөг аялгуу зүрх, тархинд нь үргэлж эгшиглэж байдаг учраас тэр биз. “Тас харанхуй шөнө юу ч харагддаггүй гэж хүмүүс хэлдэг дээ. Үгүй. Тас харанхуйд ч амьдрал өрнөж байдаг юм. Тийм ч учраас миний “Орь залуу нас” дуунд “Тас хар огторгуй нойрсон тайваржаад Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар” гэдэг нь учиртай. Хүний нүдэнд харагдахгүй, гарт мэдрэгдэхгүй мөртлөө тэнд амьдрал өрнөж байдаг юм шүү дээ” гэсэн нь нэгийг бодогдуулна. Тэрээр бас “Хөгжмийг авьяасаар бичдэггүй, зүрх сэтгэлээр бичдэг. Хичнээн авьяастай байгаад сайхан дуулсан ч хүнд хүрэхгүй бол яах вэ. Харин зүрх сэтгэлээсээ дуулж, бүтээж чадвал хүнд хүрдэг юм. Тийм ч учраас би зохиол бүтээлээ бичсээр байна. Шинэ ондоо уран бүтээлийн тоглолтоо хийнэ. Шинэ бүтээлүүд гаргана, улам шинэ сайхан зүйлсийг бүтээнэ” гэсэн билээ.

Эрхэм зохиолчид эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

Б.ЭНХЗАЯА

One reply on ““Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”-н эзэн Т.Насанбуянгийнх”

Үнэхээр тэнгэрлэг агуу хүмүүн байсандаа. Амьд ахуйд нь уран бүтээлийн тайлан тоглолтыг нь хийлгэсэн бол хичнээн их баярлах байсан бол. Хүүхэд шиг гэнэн цайлган, дарууү, үнэхээр хайр татсан хүн байсан даа эрхэм зохиолч маань!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *