Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул Байнгын хорооны саналаар санал хураалтыг явуулав. Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасан.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа
Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Болдын Амарбаясгалан нэр дэвшүүлснийг танилцууллаа. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.
Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан талаар Монгол Улсад Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээр тогтов.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажиллуулах Ажлын дэд хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын дэд хэсэг нийт найман удаа, ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хороонд оруулсан. Байнгын хорооны хуралдаанд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан.
Хуралдаанд харилцаа холбоо зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Л.Болд, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгч болсон үзэгчдийн телевизийн хураамж нэмэгдэх эсэх, олон нийтийн радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа зохисгүй мэдээлэлд хязгаар, хориг байгаа эсэхийг илүүтэй тодруулахын зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар лавлаж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариултдаа, Олон сувгийн дамжуулалт эрхэлдэг бизнес эрхлэгчид үзэгчдийн хураамжныхаа 15-аас доошгүй хувийг үндэсний түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй зэрэг таван чиглэлээр контент бэлтгэхэд зарцуулахаар тохирсон. Нөгөө талаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүтээл нь чанартай байх шаардлага тавигдана. Үзэгчдэд ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүй. Үүн дээр талуудад ямар нэгэн үл ойлголцол байхгүй гэдгийг дурдав.
Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний контентыг дэмжих гэсэн заалт орсон. Хууль батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн бие даасан 80 гаруй телевиз, радиогийн оюуны өмчийг дэмжинэ гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.
Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид эзэмшигчээ ил болгох, 25 дугаар зүйлд редакци хариуцлагатай байж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүргийг оруулсан бол 27 дугаар зүйлд олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын тулд хориглосон агуулгатай тодорхой заалтуудыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Мөн сангийн хөрөнгийг зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгох бус үндэсний бүтээл хийдэг нөхцөл шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна гэж байлаа.
Ингээд хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.1.“өргөн нэвтрүүлэг” гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэх, тэдгээрийг нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг;” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.3.“радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ” гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хамрах хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг;” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлд “4.1.20.“бүтээл” гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;”, 4.1.21 .“өргөн нэвтрүүлгийн радио, телевиз” гэж олон талт хөтөлбөртэй энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг; 4.1.22.“төлбөртэй радио, телевиз” гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхижих радио, телевизийн үйлчилгээг;” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн төслийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;”, “6.1.6 төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “7.4.5.энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;”, “7.4.6. гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох.” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Түүнчлэн төслийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг “өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж өөрчлөн найруулахаар болов. Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ.
Мөн төслийн 24 дүгээр зүйлд “24.6.Төлбөртэй радио, телевиз болон теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн радио, телевизээр зар сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно.” гэсэн хэсэг нэмэх, төслийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “29.1.5.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг зохицуулсан 31 дүгээр зүйлийг шинээр нэмж тусгахаар болж, уг хуулийн төслийг “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” дагаж мөрдөхөөр өөрчилснийг тус тус дэмжлээ.
Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан найруулгын саналууд болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр үдийн цайны завсарлага болсон тул чуулганы хуралдаан завсарлалаа