Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан С.Тамжидтай ярилцлаа.
-Та Төв аймгийн Атрын сангийн аж ахуйн даргаар олон жил ажилласан. Хэдэн оны үед Атрын САА-н анхны даргаар очиж байв?
-1976 оны 11 дүгээр сарын Намын төв хорооны Бүгд хурал хуралдаж, Монгол Улсын хэмжээнд Атрын II аяныг зарласан. 1977 оны хоёрдугаар сард шинээр 10 САА байгуулахаар Төв хороо шийдвэрлэсэн. Ингээд 1977 оны хоёрдугаар сарын 25-нд Төв хорооноос “Шинээр байгуулах 10 САА-н аль нэгнийх нь даргаар очих уу” гэж асуухаар “Атрын САА-д очъё” гэлээ. Тэр үед намын хэлсэн үгнээс ухарч, гарч ирдэг хүн байдаггүй байлаа. Чадна, чадахгүй гэж хэлэх эрх байхгүй. 1977 оны гуравдугаар сарын 18-нд Цэргийн баяр болдог өдөр Атрын САА-н шавыг тавьж, өөрийнхөө удирдах САА-г хүлээж авсан. Тэнд Зөвлөлтийн мэргэжилтэн Орломов гэж нөхөр Атрын САА-н геодезийн зургийг гаргасан. Тэр хүнд надад зургаа зааж, хүлээлгэж өгсөн. Ингээд л Атрын САА-н ажил эхэлсэн дээ.
-Одооны хүүхэд, залуус САА-н талаар бараг мэдэхгүй болов уу. Тухайн үед Атрын САА ямар ямар аж ахуй эрхэлдэг байв, хичнээн хүн амтай, хэдэн машин техниктэйгээр ажилладаг байсан бэ?
-САА-г байгуулахаар болоод ямар ямар салбар байна вэ, тэр чиглэлүүдээ хүнээр яаж хангах вэ гэдгээ бодсон. Түүнээс биш дуртай юмаа байгуулаад, дуртай хүнээ ажилд авахгүй. Эхлээд үр тариа тарих 22 мянган га газар хүлээж авлаа. Тэр газарт ажиллах тракторын жолооч, комбайнч хэрэгтэй. Ээ дээ, мөн ч их ажил даа. Тэрийг бүрдүүлэх ажлыг хамгийн эхэлж хийсэн. Атрын САА-г байгуулаад ид ажиллаж байх үед 120 гаруй гинжит, дугуйт трактор, 50 гаруй комбайн, 60 автомат машин байлаа. Тэр бүгдийг эзэнтэй болгож, ажиллуулсан даа. Дараа нь тэнд ажиллаж байгаа олон арван ажилтныг хоолтой болгох ёстой. Ингээд малтай боллоо. Хөдөө аж ахуйн яамнаас шийдвэр гаргуулаад Архангайн Төвшрүүлэхийн САА-н 8000 хонь, Дорноговийн Сүмбэрийн САА-н 400 үхэр, Хөвсгөлийн Тариалангийн САА-гаас 500 адуу авсан. Малтай болохоор малчдаа бүрдүүлэх хэрэгтэй боллоо. Бүх малаа эзэнтэй болгоодохлоо. Ингэж л техник, мал хоёроо юуны өмнө хариуцах эзэнтэй болгож аваад л ажил эхэлсэн дээ. Тэр бүхний хажуугаар туслах аж ахуй байх хэрэгтэй. Талхан цехтэй боллоо. Хөөрхөн жижигхэн цех. Хоёр ажилчинтай. Өдөртөө САА-н бүх хүнийг талхаар хангана. Жижигхэн гурилын үйлдвэртэй боллоо. Энэ мэт олон янзын үйлдвэрлэл эрхэлдэг байлаа. Малтай болчихоор хадлан хадах шаардлагатай болно. Малдаа тэжээл, хадлан бэлдэхгүй бол өвөл юугаа өгөх билээ. Тийм болохоор жилдээ арваад мянган тонн өвс байнга бэлдэнэ. Хадлан бригад 30-аад трактортой, 40-өөд хүнтэй. Хадланд гарахад мэргэжлийн хүн хэрэгтэй. Тракторчин нь мэргэжлийнх байх ёстой. Преслэгч буюу пресчний оронд хүссэн хүн болгоныг ажиллуулахгүй шүү. Нэлээд дадлага, туршлагатай хүн ажиллуулна. Өвсөө сайхан преслэнэ, тэрийг нь аятайхан нуруулдана, ачна, тээвэрлэнэ. Ингэж л өвс хадлантай болно доо.
Атрын САА-н төвд байгаа хүн амаа сүү цагаан идээгээр хангах ёстой. Улаанбаатарыг ч сүү цагаагаар хангах ёстой болоод сементал үүлдрийн 400 үнээний ферм байгуулсан. Ингэхээр аж ахуйн гол нуруу босоод ирж байгаа биз. За, тэгээд үр тариагаа тарина. Төмс хүнсний ногоо бүгдийг тарина. Ургацаараа улсаа хангана, САА-н иргэдээ ч хангана. Хамгийн гол нь Атарт ирсэн залуучуудыг тогтвор суурьшилтай сайхан ажиллуулах ёстой. Тийм учраас орон байр, байшингаар хангана. Улсаас гэр авч өгнө. САА-г байгуулахад улсаас надад 50 гэр өгч байлаа. Юу ч үгүй цагаан тал дээр САА-г байгуулсан юм чинь хонтоор (контор.сурв), сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь бүгд нэг нэг гэртэй. Илүү гарсан гэрээ ажилчдаа өгөөд л тэгээд таарсан даа. Атрын САА-н төв дээр 20 айлын орон сууц барилаа. Тэр байранд трактор, комбайны жолооч нараа орууллаа. Одоо тэр хүмүүсээс ганц нэг нь Атрын төв дээрээ амьдарч л байх шиг байна даа. Олон ч жил боллоо. 43 жил болчихов уу даа. Би 37 настайдаа очоод 60 нас хүрээд тэтгэвэртээ гараад ажлаа өгчихөөд ирсэн. 16 жил САА-н дарга хийсэн, долоон жил Сумын Засаг дарга хийсэн. 23 жил тэр суманд тасралтгүй ажилласан даа.
-Тэр өргөн уудам газрыг хөдөлмөр буцалсан талбар болгохын тулд САА-н дарга нойр хоолгүй зүтгэж байсан байх даа. Та ид ажлын үед өглөө хэдэн цагаас босдог байв?
-Өөрт чинь шууд хэлэхэд, САА-н дарга гэдэг хүн хавар, намар хоёрт унтах эрхгүй. Тэгж хөдөлмөрлөдөг. Зун, өвөлдөө арай гайгүй. Гуравдугаар сар гараад л хаврын ажил эхэлнэ. Талбайгаа боловсруулна, үрээ татна, цэвэрлэнэ гээд бөөн ажилтай. Хүнд үүрэг болгож үлдээгээд хаядаг ажил биш. Байнга хянана. Намар ургац хураалт эхэлнэ. Есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл гэртээ ч бараг ирэхгүй дээ. Талбай дээр хононо шүү. Комбайнуудыг шахна, шаардана. Цас орох гээд байдаг. Амжуулах хэрэгтэй. Олон жил САА-н дарга байхдаа зун, намар амарч үзээгүй. Арванхоёрдугаар сарын 1-нд бүх ажлаа дуусгаад тэгээд нэг амралтад явна. Тэгж олон жил явлаа гээд муу юм алга, бие гайгүй байна. 82 нас хүрлээ. Давгүй л байна.
-Хөдөлмөр эрхлэх нь хувь хүний эх орондоо оруулж буй том хувь нэмэр байдаг. Тухайн үед та олон мянган залуусыг ажилтай болгож, хөдөлмөр хийлгэж, хөдөлмөрч болгож, эх орондоо хэрэгтэй хүн байх зорилгыг нь биелүүлж өгдөг байжээ гэж харагдлаа?
-Хүн багаасаа л хөдөлмөрлөж сурах хэрэгтэй. Эцэг эхийн хүмүүжил их хэрэгтэй шүү. Эцэг эх нь их хөдөлмөр хийдэг, ажилсаг бол үр хүүхэд нь ажилсаг. Эцэг эх нь ажилд муу, залхуудуухан бол хүүхдүүд нь яг тийм залхуу, үүрэг өгөхөөр тэгэс ингэсхийгээд л хаячихаад алга болоод өгнө. Хүн эцэг эхээс их хөдөлмөрч уламжлал авах хэрэгтэй. Хамгийн гол онцлог бол өөр өөрийгөө удирдах хэрэгтэй. “Би ч том болж байна”, “Хүн болж байна”, “Улсдаа ажил хийж эхэллээ. Одоо юм хийнэ шүү” гэсэн тийм сэтгэл толгойд нь хураагдах хэрэгтэй. Өөрийгөө удирдаад л өглөө ажлынхаа цагаас өмнө босоод унд цайгаа уугаад ажил дээрээ очоод л юмаа хийж байх ёстой. Энэ л гол. Одооны залуус өөрийгөө удирдах тал дээрээ дутагдалтай байгаа юм уу гэж бодогдоод байна. Бэлэн юм хараад л байдаг. Бэлэн юм хэрхэвч харж болохгүй. Ажил хийж байхад сайхан юм таарна, муу юм таарна. Зовно, зүдэрнэ. Тэр бүгдээс шантарч ухарч болохгүй. Биеэ сайн бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр ажил нь бүтээгүй бол сэтгэлээр уналгүй гэртээ очоод хоол идчихээд эртхэн амрах хэрэгтэй. Унтаад өг. Өглөө нь босоод “За даа, би өчигдөр ийм юмыг чадаагүй. Өнөөдөр чамтай нэг үзнэ дээ” гээд очоод үзчих хэрэгтэй. Бараг л бөх барилдах гэж байгаа юм шиг оч. Очиход бие бэлэн, гар бэлэн, сэтгэл бэлэн болчихсон байна. Тэгээд л хийнэ дээ. Ажил бүтэхээр сэтгэл санаа сайхан болно. Цаашдаа ажил хийх дур, урамшил орно. Цалин аваад эхнэр хүүхдэдээ өгчихөөр бүр гоё болно. Хүн чинь хөдөлмөрлөхөөр л болдог юм байна даа гээд ойлгоод эхэлдэг. Энэ бол гол юм байхгүй юу даа.
-Танай Сангийн аж ахуй бусад САА-нуудаасаа юугаар онцлог байв?
-Намайг 1977 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр ороход 10 САА-н нэр хэлсэн. Төв аймагт дөрөв, Сэлэнгэд дөрөв, Хэнтийд нэг, Булганд нэг. Бүгдийнх нь нэрийг сонсчихоод ингэж бодлоо. “Би чинь Завхан аймгийн хүн. Нутаг чигийн САА-д очсон нь зүгээр юм даа. Хэнтийд очвол Улаанбаатараар дайрч байж нутаг явах болох нь” гэж бодоод зам дагуу юм даа гээд “Атрын САА-д очъё” гэсэн юм. Тэгээд л батлаад очсон нь тэр. Атрын 10 САА-н анхны дарга нараас одоо хоёрхон хүн л амьд сэрүүн байна даа. Нөхөрлөлийн САА-н Дамирансүрэн бид хоёр байна. Нэг газраа хамгийн удаан ажилласан САА-н дарга нь би л дээ. Тийм болохоор саяхан надад гавьяат цол өгч байгаа юм болов уу даа. Дамирансүрэнд уг нь өгвөл өгчих ёстой. Гэхдээ дундуур нь Орос явж дэд эрдэмтэн цол хамгаалаад Хөдөө аж ахуйн дээдэд багшаар очсон. Тийм болохоор надад энэ цолыг өгсөн юм болов уу даа гэж бодсон.
Манай сангийн аж ахуй бусад САА-г бодвол зам харилцаа сайтай. Өндөр хүчдэлд ойр, цахилгаанд амархан холбогдоно, Улаанбаатарын дэргэд байгаа юм чинь. Тал талаас хүн цуглах дуртай. Амьдарч болно. Тийм болохоор хүмүүс Атрын САА-д дуртай юм уу даа гэж хардаг.
-САА-г удирдаж явахад олон л сайхан мөч, хүнд цаг үетэй нүүр тулж байсан байх. Эргээд бодоход санаанд тань ойр ямар зүйл явдал бодогдож байна вэ?
-Байлгүй яахав. Газраа сайхан боловсруулаад үрийн хугацаагаа маш нарийн баримтлаад ажиллахаар тариа хачин сайхан ургадаг явдал бий. УАЗ 469-тэй очиход бараг чацуу хэмжээний тийм өндөр ургана. Явган явахад цээжээр татна. Тэр бол үнэхээр сайхан. Тийм зураглалыг харахад, тийм тариан талбайн дэргэд очих сайхан байдаг юм даа.
-Та Атрын САА-н даргаар очихоосоо өмнө хаана ажиллаж байсан бэ?
-1970 онд Булган аймгаас ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд явсан. Дөрвөн жил сураад 1974 онд буцаж иртэл Төв хороо намайг Архангай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар томилсон. Архангай, төрсөн нутагтай минь ч ойрхон. Тийм болохоор Архангайн Үйлдвэрчний зөвлөлийг их сайхан болгосон. Тэгээд байж байтал л Төв хороо дуудаад Атрын САА-н дарга болгосон. “Нэгдүгээрт, эдийн засагч мэргэжилтэй юм байна. Хоёрдугаарт, дээд сургууль төгссөн байна. Гуравдугаарт, удирдах ажил нэлээд хийжээ. Булганы Үйлдвэрчний эвлэлийн нэгдүгээр дарга, Архангайн Үйлдвэрчний эвлэлийн дарга. Ийм хүн аж ахуйг удирдаж чадна” гэцгээсэн. Би эхлээд Архангайдаа үлдэх гээд янз бүрийн шалтаг хэлж үзсэн л дээ. Намын төв хорооны Боловсон хүчний хэлтсийн дарга Ламжав гуай “Өөрийг чинь Төв хороо нэгэнт сонгож авсан учраас ярих юм байхгүй” гэсэн. Тэгээд л би Атрын САА-д зүтгэсэн дээ.
-САА-н даргаар томилогдож Атарт очоод юу ч байхгүй хоосон тал хараад юу бодсон бэ?
-Ерөөсөө л тал хөндийд очсон. Очоод буусан чинь хойд энгэрт малтай айл байсан. Лүнгийн малчин байсан. Өөр юу ч байхгүй. Эргэн тойрноо нэлээд харлаа. Газар нь сайхан юм шиг харагдсан. Уулан дээр тариа тарих биш. Талд тарина. Энэ талтай ч ноцолдох юм байна даа гэж бодож билээ. Тэгээд л ноцолдсон доо.
-Дээхнэ үеийн нэгдэл, САА-н дарга нараас хүмүүс машид эмээдэг, барааг нь хараад л зугтдаг байлаа. Хүндэлсэндээ тэгдэг байжээ гэж боддог шүү. Дарга нар нь ч хүндэтгэл хүлээсэн хүмүүс байжээ?
-Хүндлэл юм. Бас тэр хүн нь хөдөлмөрч, айхавтар зарчимч. Тэр бүгдийг нь хараад хүн сүрдэж айдаг байхгүй юу.
САА-н даргаар очихоосоо өмнө би Хөдөө аж ахуйн яаман дээр сар гаран хонтоорлосон (конторлосон.сурв) юм. Надад хонтор гаргаж өгсөн. Хонтортоо Архангайн Хөдөлмөрийн баатар Минжүүр гуай, Говь-Алтайн Хөдөлмөрийн баатар Лодойхүү гуай хамт суусан. Тэр хоёроор ажиллах, хөдөлмөрлөх бүх юмыг яриулсан. Хэрэг дээрээ Хөдөө аж ахуйг удирдах дээд сургууль төгссөн хэмжээний юм сонслоо шүү дээ. Тэр хоёр хүний ярьж байгааг би чагнаад сууна. Тархиа нэлээд сайн цэнэглэж аваад л тэгээд Атрын сангийн аж ахуй руу гарсан даа.
Дараа нь арваад Хөдөлмөрийн баатрыг САА-даа аваачиж ард олонтой уулзуулсан. Гол нь залуучуудтай уулзуулж өгсөн. Хүн хөдөлмөрлөж байж л юманд хүрдэг юм байна гэдгийг залуучууд маань ойлгосон доо. Зүгээр л “Та нар тэр баатар шиг ажилла” гэж шаардаад хэрэггүй. Залуучууд маань гэртээ хариад “Хөдөлмөрийн баатар гэдэг чинь ёстой зүтгэдэг хүмүүс байдаг юм байна” гэж ярьцгаасан байсан. Олон сайхан залуус гарсан даа, манай САА-гаас. Одоо тэд маань жаран нас гарцгаачихлаа. Хорьтой залуус очицгоосон. Саяхан Атрын сангийн аж ахуйдаа очиход трактор, комбайны 130-аад жолооч нар цугласан.
-Та залуу хүмүүсийг яаж хөдөлгөдөг байсан бэ. Ямар түлхүүр тааруулдаг байв?
-Би 17 настайдаа Завхан аймгийн Эвлэлийн хорооны дарга болсон. Эвлэл хүнд их юм сургана. Эвлэлд мөнгө байхгүй. Хөрөнгө байхгүй. Хүнийг ажиллуулж байж юм олдог байгууллага байлаа. Дараа нь Санхүүгийн техникиум төгсөөд Санхүүгийн Эвлэлийн хорооны дарга болсон. Дан залуучуудтай ажилласан. Дараа нь Улсын барилгын зөвлөлийн Эвлэлийн хороонд Нэгдүгээр дарга болсон. Бас л хүнтэй ажиллана. Дараа нь Булган аймгийн Эвлэлийн хорооны даргаар долоон жил ажилласан. Дандаа хүнтэй ажиллаж ирсэн. Залуучуудад ажлыг нь маш зөв хуваарилаад удирдаж чадвал ажил хийнэ. Ажил хийх хуваарийг зөв хийх хэрэгтэй. Хамаагүй, өөрийнх нь чадахгүй юм уу, бүтэхгүй ажил өгч болохгүй. Тэгвэл очиж ажиллаж чадахаа байгаад зориг нь мохоод шантраад тэгээд хаяад зугтана. Яг өөрийнх нь зорьсон, хүссэн зүйл рүү нь зүтгүүлээд хийвэл сайхан даа. Тэгж хөдөлгөхөөр залуу хүн ажил хийнэ. Миний залуучуудын байгууллагад ажилласан явдал САА-н даргаар ажиллахад маш их хэрэг болсон. Хүнийг хаалгаар ороод ирэхэд царайг нь хараад л хүнийг юу бодож байгааг, ямархуу байгааг нь удирдах хүн мэдэх хэрэгтэй. Энэ хүн ажил хийх санаатай байна уу, гутарч явна уу. Ер нь ажил хийх идэвхи зүтгэлтэй, удирдаад өгвөл урагшаа зүтгэх эрмэлзлэл байна уу гэдгийг харах хэрэгтэй. Өөрийнх нь сонирхол, хүслийг дагуулж ажил өгвөл бүтнэ дээ. Хүнтэй ер нь ажиллах хэрэгтэй дээ. Би хүнийг ерөөсөө гомдоож бараг үзээгүй. Загнана, уурлана. Өө их юм болно. Тэгсэн мөртлөө дараа нь заавал баяр хүргэнэ. “Чи тэгсэн шүү дээ. Гэхдээ чи сайн хийсэн байна. Чамд баярлаж байна” гээд гар барихад тэр хүн өөдөөс чинь нэг ч үг дуугарахгүй. Зарим нь хүн загнаад л. Ер нь дарга хүн хийж байгаа ажлаа байнга шалгаж байх хэрэгтэй. Залхууралгүй эргэж тойрч шалгах хэрэгтэй. Огт шалгахгүй байж байгаад гэнэт очоод таалагдахгүй байна нураа гэхээр хүний урам зориг гутдаг байхгүй юу. Өнгөрсөн хойно нь очоод хийсэн ажлыг нь буулгуулдаг дарга бий. Тийм хүн байдаг, би мэдэж байна. “Наадхаа буулга” гээд зад буулгуулдаг. Ерөөсөө тэгж болохгүй.
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой боллоо. Би хоёр дахь аяны хүн. Сая төр засгаасаа Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүлээж авлаа. Их баярлаж байна. Иймээс энэ сайхан хөдөө аж ахуйд ажиллаж байгаа бүх залуучууд, мэргэжилтнүүд ухаан гаргаж сайн ажиллах хэрэгтэй. Залуучуудад хэлэхэд, миний үед ажиллаж байсан техникүүд машинаар яривал 69 машин шүү. Та нарынх Тоёота машин шиг болжээ. Трактор, комбайн нь ямар гоё юм, яасан хүчтэй юм. Нас залуу бол энэ үед залуустайгаа мөр зэрэгцээд үзэх юм даа гэж бодож сууна (инээв). Даанч нас наян хоёр хүрчихлээ. Чадахгүй боллоо л доо. Ерөнхий сайд аягүй бол ирэх хавраас Атрын IV аяныг зарлах гээд байна шүү. Түүн дээр залуучууд маань хүч гаргаж, Монгол орноо хүнс тэжээлээр хангахад дээд зэргээр зүтгээрэй гэж хүсье.