Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын хоёр танхимаар дэмжигдсэн “Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай” хуулийн төслийг баталгаажуулахаар тус улсын төрийн тэргүүн Д.Трамп гарын үсэг зурсан билээ. Хятадын тал энэ талаар байр сууриа илэрхийлэн АНУ нь улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг зад шүүмжилсэн. Тус улсын эрх баригчид АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээгээ зогсоох болсноо мэдэгджээ.
АНУ болон Хятадын хооронд худалдааны маргаан өрнөөд жил гаруй болж байгаа ч дорвитой шийдэлд хүрч чадаагүй. Талуудын маргаан ч дэлхийн зах зээлд нөлөөлөх болсон тул тэдний харилцан буулт болон шийдвэр нь олны анхаарлыг татсаар байгаа. Хоёр улсын хооронд худалдааны дайн өрнөх болсон гол шалтгаан АНУ-ын зүгээс Хятадын талыг оюуны өмч, технологи хулгайлсан гэж буруутгаснаас үүдэлтэй. Өнгөрсөн тавдугаар сард талууд импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг харилцан нэмэх болсноо зарлаж байв. Дэлхийн хоёр том эдийн засаг худалдааны энэхүү дайнд цэг тавихаар сүүлийн саруудад идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Хонконгт үүссэн нөхцөл байдал ийнхүү талуудын харилцаанд дахин сэв суулгав. Хятадын эрх баригчид Хонконг дахь хүний эрх, ардчиллын тухай хуулийг АНУ эцэслэн баталсан нь “нэг улс хоёр систем” зарчмыг үл хүндлэн, Хятадын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцлоо гэж буруутгасан билээ. Дашрамд хэлэхэд, 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын тухай хуульд засвар оруулсан нь энэ юм. Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн Вашингтоны үзэж буйгаар хүний эрх зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүст хориг арга хэмжээ авах талаар хуульд тусгасан юм байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын эрх баригчид Хонконгтой холбоотой хууль баталсны хариуд Хятадын тал Америкийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцуудыг Хонконгт нэвтрүүлэх хүсэлтийг хэлэлцэхээ түр зогсоожээ. Мөн хүний эрхийг хамгаалах “Human Rigths Watch” байгууллагад хориг арга хэмжээ авсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин өнгөрсөн даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн аж. “Дээрх хүсэлтийг дахин хэлэлцэх хугацааг хэдийд сэргээх нь АНУ-ын дараагийн алхмуудаас шууд шалтгаалах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Сануулахад, Хонконгт олон сар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас эдийн засгийн байдал дордож байгаатай холбоотойгоор Хонконг энэ оны санхүүгийн жилд төсвийн алдагдал хүлээж магадгүй байгаа талаарх мэдээлэл хөвөрч байна. Энэ талаар Хонконгийн Сангийн сайд Пол Чан хууль тогтоох зөвлөлд үг хэлэх үедээ онцолжээ. Тэрбээр “Ийм зүйл сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа тохиолдож болзошгүй байна. Бид төсвийн орлого зардлаасаа давна гэж төлөвлөж байсан боловч эдийн засаг суларсны улмаас татварын орлого буурсан” гэжээ.